
Канадын Торонто хотод “Resident Evil” киноны шинэ ангийн зураг авалтын үеэр “зомбинууд” гэмтэж бэртжээ. Учир нь “Зомби” жүжигчид зураг авалтын үеэр өндөр тавцнаас унасан аж. Түргэн тусламжийн эмч нар ослын газар ирээд нүд хальтрам болсон хүмүүсийг хараад цочирдсон байна. Гэвч нөхцөл байдал харагдаж байсан шигээ тийм ч аймаар байгаагүй ажээ. Учир нь жүжигчдийн нүүр будалт, зомби хувцас эмч нарыг айлгаж орхисон гэнэ. Зураг авалтад зориулан тусгайлан зассан тавцан дээгүүр харайх үед тавцан нурснаас 12 “зомби” жүжигчин унаж бэртсэн байна. Зураг авалтын талбайн хажуугаар явж байсан цагдаагийн ажилтан нүд хальтрам дүр зургийг хараад түргэн тусламж дууджээ. Хөнгөн бэртсэн жүжигчдийн зарим нь маргаашнаас нь зураг авалтандаа эргэн орсон байна.
Н.Энх