Валютын бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийв

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Валютын бодлогын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол банк, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Төлбөрийн тэнцэл, валютын бодлогын дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдаан, нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд зохион байгууллаа. Өнөөдрийн зөвлөгөөнөөр Монголбанкнаас ханшийн бодлогын талаар баримталж буй үндсэн зарчим, хэрэгжилт, валютын дотоодын захын тогтвортой байдалд нөлөөлж буй хүчин зүйлс, дотоод руу чиглэсэн хөрөнгийн урсгалын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэрэг төлбөрийн тэнцэл болон, валютын бодлогын талаарх асуудлаар илтгэлүүдийг хэлэлцэж, олон нийтийн санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг зөвлөгөөн нь гадаад секторын өнөөгийн байдал, цаашдын хандлагын талаар бодитой мэдээлэл хүргэх, валютын бодлогын үндсэн зарчим, хэрэгжилтийг таниулах, эдийн засагт хүргэж болох нөлөөллийн талаарх нэгдсэн ойлголтонд хүрэхэд чухал үйл явдал боллоо.

“Монгол оронд сүүлийн үед нэмэгдсэн гадаад зээлийн хэмжээ маш их болсон бөгөөд энэ нь 2014 он хүртэл алдагдалтай гарна. Мөн ашиг орлого нэмэгдэж байгаа ч эдийн засагт төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь муу талтай. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөн үүнийг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна” гэж Монгол банкны ахлах эдийн засагч Ц.Мөнхбаяр ярьж байлаа. Өнөөдөр болсон энэхүү хурал ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл төрөлжсөн сэдвүүдээр хуралдаж, оролцогчид санал бодлоо солилцох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Төлбөрийн тэнцэл, валютын бодлогын дэд зөвлөл”-ийн хуралдаан олон нийтэд нээлттэй байдлаар гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж