Кинонд ашиглах байсан галт зэвсгийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Кинонд ашиглах байсан галт зэвсгийг хураажээ

Холливуудын жүжигчин Брэд Питтийн тоглож буй "World War Z" киноны зураг авалтад хэрэглэхээр тээвэрлэж авчирсан 100-аад галт зэвсгийг Унгарын терроризмтэй тэмцэх төвийн ажилтнууд хураан авчээ. Тэд дурантай буу болон гар бууны төрлийн зэвсгийг тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй гэж хураасан гэнэ.

"Зэвсгийг киноны зураг авалтад зориулан авчирсан байж болно. Гэхдээ Унгарын хуулинд үүнийг зөвшөөрөхгүй. Буунууд бүгд цэнэглэсэн байсан учраас ямар ч тохиолдолд маш аюултай” гэж албаны хүн мэдэгджээ.

Харин зэвсгийг Унгарт тээвэрлэж авчирсан этгээдийг цагдаа нар байцааж байгаа гэнэ. Тэрбээр “Зэвсгийг  Будапештад авчрахын тулд зохих зөвшөөрлийг авсан. Эдгээр зэвсэг Английн нэгэн компанийн өмч бөгөөд зөвхөн киноны зураг авалтад зориулж авчирсан” гэж мэдэгдсэн байна. "World War Z,"киноны зураг авалтын бэлтгэл ажлыг хангах компанийн захирал Адам Гудман дээрх хэргийн талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ. Зэвсгийг Унгарт тээвэрлэж авчирсан хүмүүсийг тус улсын тусгай албаны ажилтнууд байцааж, гэрт нь нэгжлэг явуулсан бөгөөд зөвшөөрлийг нь хураан авсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж