Баялгаас олсон ашгаа зөв зарцуулах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Баялгаас олсон ашгаа зөв зарцуулах хэрэгтэй

Монгол Улс Азийн хөгжлийн банкны гишүүнээр элссэний 20 жил, тус улсад суурин төлөөлөгчийн газар нээгдсэний 10 жилийн ойн хүрээнд энэ сарын 10-нд “Тэрэлж” зочид буудалд Азийн хөгжлийн банк ба Монгол Улсын түншлэлийн “Жаргалтай эрүүл, эв эетэй Монголын ирээдүйд хүрэх зам” чуулга уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч ноён Харухико Курода оролцож үг хэлсэн юм.

Тэрбээр Монгол улс, Улаанбаатар хотын ирээдүй өнөөдөр гэрэл гэгээтэй харагдаж байгаа хэдий ч эдийн засгийн шинэчлэлийг үргэлжлүүлж, хөгжлийн ач тусыг бүх иргэддээ хүргэх нь чухал юм гээд “Монгол Улс хөгжил цэцэглэлтийн босгон дээр иржээ. Монголын эдийн засаг 2003 оноос хойш жилд дунджаар долоон хувиар өсч, үүнд “Оюутолгой”-н уул уурхайн дөрвөн тэрбум ам.долларын гэрээ чухал нөлөө үзүүлж эдийн засгийн төлөв байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулсан” болохыг онцоллоо.

Мөн манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2004 онд 638 ам.доллар байсан бол, 2010 оны байдлаар гурав дахин өсч 2.200 ам.долларт хүрч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдсэн гэдгийг ч тэрбээр хэлэв.

Чуулганы үеэр “эдийн засгийн өсөлт нь чухал шаардлагатай хэдий ч үр өгөөжийг нь хүн амд тэгш хүртээхийн тулд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг илүү өргөн хүрээнд хүртээх, ард түмэндээ адил тэгш боломж олгох мөн нийгмийн суурь үйлчилгээгээр тэнцвэртэй хангах явдал юм” гэв.

2008 оны байдлаар манай улсын нийт хүн амын 35 хувь орчим нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байжээ. Энэ байдал одоо ч хөдөөгийн хүн амын дунд ажиглагдаж нийслэлийн оршин суугчдын дунд өндөр байгааг онцлов. Хэдийгээр манай улс хөгжлийн зам дээр хэдийнэ ирсэн ч Монгол Улсын ирээдүй эрдэс баялгаас олсон ашгаа хэрхэн зөв зохистой ашиглахаас шалтгаална.

Мөн төр нь сайн засаглалд зорьсон бодлого, институцийн өөрчлөлтийг хөхиүлэн дэмжиж, дэлхийн эдийн засгийн интеграчлалд нэгдэх шаардлагатайг ч дурьдав. “Энэхүү интеграчлал нь хөгжлийн тогтвортой байдалд чухал ач холбогдол бүхий хувийн хэвшлийн салбар тэргүүлсэн эдийн засгийн өсөлтийг бий болно” хэмээн ноён Курода хэллээ.

Манай улс Азийн Хөгжлийн банкинд 1991 онд гишүүнээр элссэнээс хойш нийт 794.7 сая ам.долларын 45 зээл болон 170 сая гаруй ам.долларын 12 төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн сангаас авсан байна. Үүний зэрэгцээ 86 сая ам.долларын техникийн туслалцааны болон ядуурлыг бууруулах Японы сангийн 31.5 сая ам.долларын буцалтгүй тусламж хүртжээ.

Манила хотод төвтэй Азийн хөгжлийн банк нь Ази Номхон далайн бүс нутагт ядуурлыг бууруулахын төлөө ажилладаг байгууллага юм. Азийн хөгжлийн банк 1966 онд байгуулагдсанаас хойш 67 орон гишүүнээр элссэн бөгөөд үүнд бүс нутгийн 48 орон багтдаг байна. Хамтарсан санхүүжилтийг оруулсан тооцоогоор нийт 17.51 тэрбум ам.долларын санхүүжилтийг Азийн хөгжлийн банк 2010 онд баталсан бөгөөд мөн Азийн хөгжлийн банкны худалдааг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийт 2.8 тэрбум ам.долларын санхүүжилт худалдааны салбарт хийгээд байгааг чуулганы үеэр дуулгалаа.


Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Куродагаас цөөн зүйл тодрууллаа.

-Манай улсад оруулсан хөрөнгө
оруулалтын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид 20 жилийн турш хамтран ажиллаж ирлээ. Монгол Улсын хувьд хөгжлийн шинэ шатанд гарч ирээд байна. Зээл тусламж хүрэх ёстой салбартаа зарцуулагдаж байгаад бид хяналт тавьдаг. Тиймээс ч 2010 онд Монгол Улс нь Азийн Хөгжлийн Сангаас авах санхүүжилтын 50 хувийг буцалтгүй тусламж хэлбэрээр авах эрхтэй болсон бөгөөд Азийн Хөгжлийн банкнаас 48 сая ам.долларын хоёр зээлийн төсөл, 55 сая ам.доллар бүхий зургаан буцалтгүй тусламжийн төсөл, Ази Номхон далайн гамшгаас сэргийлэх сан, техник туслалцааны 7.4 сая ам.долларын арван төслийг баталсан.


-Азийн хөгжлийн банкны манай улсад үзүүлэх дараагийн тусламж аль салбарт чиглэгдэх вэ?

-Монгол бол хүрмэн нүүрсний асар их нөөцтэй. Үүнийгээ түшиглэн нефть гаргаж авах боломжтой улс юм. Энэ утгаараа хүрмэн нүүрс боловсруулалтын үйлдвэрлэлийн салбар байх болов уу. Одоогийн байдлаар Монголын Засгийн газраас энэ ажилд хамтрах, тусламж дэмжлэг үзүүлэх тухай саналаа ирүүлсэн. Бид судалж үзээд үр дүн, ач холбогдлоороо үнэхээр чухал гэж үзвэл туслахад бэлэн байна. Цаашид ч мөн зам тээвэр, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулна.

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай улсад нэлээд том төслүүд хэрэгждэг. Томоохон ач холбогдол бүхий төслүүдээс нэрлэвэл?

-Өмнөговь, Дорноговь аймгуудын хот байгуулалт, хилийн ойролцоох суурин газруудын хөгжлийн төслийг нэрлэж болно. 15 сая ам.доллар зарцуулагдсан бөгөөд энэхүү төслийн гол зорилго нь дэд бүтэц, нийгмийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, ядуурлыг бууруулахад нөлөөлөхүйц төсөл юм. Мөн бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөлд 24 сая ам.доллар баталсан. Энэ зам нь БНХАУ-аас ОХУ хүртэлх Азийн автозамын сүлжээнд хамрагдаж монголын эдийн засгийн гол төвүүдээр дайран өнгөрөх юм.

М.Мөнхтунгалаг

“Нийгмийн толь” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж