Юлия Тимошенкод долоон жилийн ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенкод долоон жилийн ял оноов

Юлия Тимошенког Украйны Ерөнхий сайд байхдаа  албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр тус улсын шүүхээс долоон жилийн ял оноов. Түүний ОХУ-тай байгуулсан байгалийн хийн гэрээ Украйнд хохирол авчирсан гэж буруутгасан юм. Шүүх хурлын шийдвэрийг АНУ, Европын холбоо “улс төрийн явуулга”  гэсэн бол ОХУ-ын гадаад хэргийн сайд үүнийг "ОХУ-ыг эсэргүүцсэн утга агуулгатай” гэж үзсэн байна. 2009 онд ОХУ, Украйны хооронд байгуулсан байгалийн хийн гэрээнд гарын үсэг зурсан ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин шүүх яагаад ийм шийдвэр гаргасныг ойлгохгүй байна гэж мэдэгджээ. Украйны шүүх Юлия Тимошенког  Ерөнхий сайдын эрх мэдлээ ашиглан тус улсын эрчим хүчний фирм “Нафтогаз”-ыг ОХУ-ын “Газфром”-той байгалийн хийн хуудуутай гэрээ байгуулахад түлхсэн  гэж буруутган долоон жил шоронд хорих ял оноосон юм. Юлия Тимошенког буруутгаж, ялласныг АНУ, Европын холбоо эсэргүүцэж, улс төрийн явуулгаар үндэслэлгүй буруутгасан гэж үзэж байгаа юм. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, шударга шүүхийг шаардсан эсэргүүцэгчид Украйнд жагсаал зохион байгуулж байгаа гэнэ.

"Юлия Тимошенког улс төрийн явуулгаар үндэслэлгүй буруутгаж, шударга бусаар яллаж байгаа нь Украйнд ардчилал, шударга хууль цааз бий эсэхэд эргэлзэхэд хүргэж байна” гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлсэн байна. Шүүх хурлын шийдвэр гарахад Юлия Тимошенко Украйнд шударга ёс, ардчилалыг тогтоох тэмцлээ үргэлжлүүлж, өөрийг нь дэмжигчдийг бууж өгөхгүй байхыг хүсчээ. Түүнийг шүүхийн танхимаас харуулаар харгалзуулан авч гарахад Украйнчууд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн “Ичгүүр” гэж хашгирцгааж байсан гэнэ. Юлия Тимошенко шүүхэд давж заалдаж болох ч үүнд багагүй цаг хугацаа шаардагдах юм. Давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл тэрбээр шоронд хоригдох юм байна.

Европын зарим орнууд Украйны шүүхийн шийдвэрийг  “Цэвэр улс төрийн явуулга” гэж үзжээ. Шведийн гадаад хэргийн сайд Юлия Тимошенкогийн шүүх хурал “Улс төрийн шоу” байсан гэжээ. Олон улсын хүний эрхийн байгууллага “Amnesty International” Юлия Тимошенког суллахыг шаардсан бол Европын хүний эрхийн дээд комисс улс төрийн явуулгаар шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж Украйны эрх баригчдыг буруутгаж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж