
Жил бүрийн намар, хавар Дархан-Уул аймгийн хэмжээнд газрын зөвшөөрөлгүй буусан айл, объектын хашааг буулган, нүүлгэн шилжүүлэх ажил хийгддэг. Энэ оны хувьд хоёр сая 892 мянган төгрөгийг энэ ажилд зориулан төсөвлөжээ. Зөвшөөрөл олгоогүй байхад буугаад, байшин объектоо бариад эхэлдэг. Дараа нь зөвшөөрлөө хөөцөлдөнө гэж боддог урвуу тогтолцоо манайд нэгэнт бий болжээ. Хавар, намартаа холбогдох албаны хүмүүс зардал мөнгө үрэн байж, энэ ажлыг хийдэг ч хашаагүй, гэрт амьдраад байгаа хүмүүсийг яах вэ гэдэг асуудал тулгамдаад байна. Нарантолгойн энэ хавь гэхэд холбооны тухай хуулиараа хүн амьдарч, үйл ажиллагаа эрхэлж болохгүй. Гэсэн хэдий ч өнгөрсөн хавар хашааг нь буулгасан айлууд өнөөг хүртэл гэрэл цахилгаан ч үгүй амьдарсаар байгаа юм. Өөр ямар нэгэн авах арга хэмжээ байхгүй учраас хашааг нь буулгах төдийхнөөр аймгийн Засаг даргын захирамж хэрэгжиж байна.
М.Дэлгэржаргал