
-Танайх Монгол үйл ажиллагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ. Монгол ямааны арьсыг дэлхийд алдартай брэндийхээ түүхий эд болгон ашиглаж байгаа гэж сонссон юм байна?
-Манай Ростан групп бол арьс шир боловсруулдаг дэлхийн хамгийн эртний үйлдвэр. Монгол орон мал сүргээр баян. Тэр хэрээр арьс шир маш ихээр бэлтгэгддэг юм билээ. Тиймээс би хоёр жилийн өмнө буюу 2009 онд Монголоос арьс шир худалдан авахаар ирж байлаа. Дараа нь Монголд “Ростан Монгол” компанийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, монголчуудад дэлхийн брэндүүдийг таниулах, сурталчлах, бас тэднийг хэрэглээг хангах зорилготойгоор зуун хувийн хөрөнгө оруулалттай компани байгуулсан юм. Үүний үндсэн дээр өнөөдөр монголчууд дэлхийд алдартай Ростан группын арьсан цүнх, бээлийгээр гоёх боломжтой болсон.
-Монгол ямааны арьсыг нано технологиор боловруулж, Парист болсон арьсан бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс гурван алтан медаль авсан гэж сонссон?
-Тийм, монгол ямааны арьсыг модны сүүгээр боловсруулсан юм. Ямар ч химийн бодис ашиглахгүйгээр нано технологи ашиглаж дээд зэргийн арьсыг гаргаж ирсэн байна гэж Парисын арьсан бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулагчид нь үзсэн. Монгол ямааны арьс маш сайн чанартай. Парист болсон үзэсгэлэнгээс хойш монгол ямааны арьсаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээр дэлхийн арьсан бүтээгдэхүүний үйлдвэрүүд Монголоос түүхий эд авах сонирхолтой болсон. Энэ нь Монголын арьс ширний үйлдвэрлэлийг сайжруулах, тус салбарыг хөгжүүлэх том боломж гэж бодож байна.
-Монгол ямааны арьсаар хийсэн цүнхийг гадаадынхан хэр сонирхож байна?
-Маш их сонирхдог. Хамгийн гол нь монгол ямааны арьсыг боловсруулахдаа ямар ч химийн бодис оролцуулаагүй нь манай брэндийг худалдан авах сонирхлыг нэмэгдүүлсэн гэж бодож байна.
-Танай компани “Ростанг Монгол буухиа” гэдэг эко аялал зохиох гэж байгаа гэл үү?
-Тийм ээ, “Ростанг Монгол буухиа” эко аялалыг Ховд аймагт зохион байгуулахаар болсон. Монгол орны унаган байгаль, цэвэр сайхан цаг агаарт аялах боломжийг хүмүүст олгож байгаа юм. Энэ аялалаас бид маш их ашиг орж ирнэ гэж тооцсон. Тэр ашгаа бүгдийг нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зарцуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн манай компани Монголын залуу загвар өмсөгчдийг шалгаруулж, дэлхийн хэмжээний загвар өмсөгч болоход нь гүүр болоход туслах юм.
"Ардын эрх" сонин