Таксины үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд улам ойртуулах, аюул
осолгүй, тав тухтай байдлыг хангах зрэгээр олон улсын жишигт нийцсэн
үйлчилгээ бий болгохыг цаг үе шаардаж байна.
Нийслэл хотод өрнөж байгаа энэ оны бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нийтийн тээврийн газраас таксины зогсоолыг иж бүрэн тохижуулах ажлыг хийлээ. Нийслэлийн төсвөөс 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таксины 10 зогсоолыг барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Баянзүрх дүүрэгт гурав, Баянголд хоёр, Чингэлтэйд хоёр, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр нэг зогсоолыг барих ажил эхлээд байна. Тухайлбал 3, 4-р хорооллын эцэст “Дүүхээ” төвийн хажууд, мөн 10-р хорооллын автобусны буудлын ард, Барилгачдын талбайн урд талд, зургаан дүүргийн 10 цэгт таксийн зогсоол баригдаж эхнээс нь ашиглалтанд хүлээн авахад бэлэн болжээ. Эдгээр шинэхэн таксины зогсоол нь 8-10 такси зогсох талбайтай, саравч, сандал, хогийн савтай бөгөөд зам талбайн тохижилтыг цогцоор нь шийдэж, явган хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадсан байх гэнэ. Нийслэлийн хөрөнгөөр бүтээн байгуулагдаж байгаа тус таксины зогсоолын ашиглалт хамгаалалтыг таксины үйлчилгээ эрхлэгч компаниудад хариуцуулах аж.