Монгол Хятадын эрчим хүчний салбарынхан уулзана

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Монгол Хятадын эрчим хүчний салбарынхан уулзана

Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хурал өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд болох гэж байна. Чухал ач холбогдол бүхий энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон албаны хүмүүс оролцох бол Хятадын Хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Жан Сяоцян тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдөөс нь гадна банк, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм.
Хуралдаанаар Монгол Хятадын эрдэс баялаг, эрчим хүчний хоёр талын хамтын ажитллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр ярилцах бөгөөд ЭБЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т. Цэрэнпүрэв илтгэл танилцуулах юм.  
Мөн Монгол Хятадын зам тээвэр дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар Зам тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдорж үг хэлэх гэнэ. Энэ үеэр Монголын нүүрсний болон бусад томоохон ордод түшиглэн хэрхэн хамтран ажиллах тухай ч ярьж магадгүй юм.
Хуралдааны дараа хоёр талын аж ахуйн нэгж, банк, санхүүгийн төлөөллүүд уулзах аж. Энэхүү уулзалтад багагүй ач холбогдол өгч байгаа бөгөөд зарим асуудлаар хамтран ажиллах тохиролцоонд ч хүрч магадгүй байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж