
Азаар ч гэх үү бидэнд байхгүй нэгэн айхтар шалтгааны улмаас энэ мөргөлдөөн гарсан нь шашин хоорондын зөрчил тэмцэл байсан аж. “Египетийн хувьсгалын хар дарсан шөнө” хэмээн нэрлэгдэж байгаа энэ үйл явдал дэлхий даяар эерэг “имиж”-тэй байсан Тахририйн хувьсгалын талаар сөрөг хардалт төрүүлэхэд ойрхон байна. Тахририйн хувьсгалын дараахнаас л Египетэд исламын ертөнцийн ноёрхол тогтож энэ нь хүн амын цөөнх болж байгаа бусад шашны төлөөлөлд дарамт учруулна хэмээн таамаглаж байсан “хар хэл ам” үнэн болж таарч байгаа хэмээн шуугиж эхлэв. Хэдийгээр Египет олон жил төрийг нь эрхшээсэн Мубаракийн дарангуйллаас салсан ч исламын хэт даврагчдын дарангуйлалд орж байна гэх үзэл бодол улам бүр батлагдсаар байгаа гэнэ.
Хэрэг явдал Египетийн зүүн урд муж болох Асванд байх христийн нэгэн сүмийг энэ сарын эхээр шатаасныг эсэргүүцсэн жагсаалаас эхэлсэн билээ. Асван муж нь Египетийн фараонуудын үеэс тус улсын өмнөд хилийг манасан харуул хамгаалалтын төв болж байжээ. Гэхдээ Ромын эзэнт гүрний үеэс эхлэн энэ бүс нутагт христийн номлол хүчтэй түгэж эхэлсэн түүхтэй аж. Тиймээс христэд итгэгчдийн сүм хийдийг цөөнгүй байгуулсан бөгөөд тэдгээрийн нэгийг ийнхүү нураасан нь христийн шашинтнуудын уур хилэнг бадраасан байна.
Ингээд Египетийн 8 сая гаран иргэд буюу хүн амын 10 хувийг нь эзэлдэг христийн шашинт цөөнх болсон коптуудын эсэргүүцлийг илэрхийлж өнгөрөгч ням гарагт нийслэл Каир хотын төв талбайд сүрт жагсал болжээ. Жагсагчид улмаар Египетийн төв телевизийн байр луу очиж суулт хийхээр явж байх үед нь энгийн хувцастай хэсэг бүлэг этгээд тэдэн рүү дайрсан аж. Үүнийг дараагаар жагсагчид болон хэв журам сахиулахаар очсон цэргийнхний хооронд мөргөлдөөн эхэлжээ.
Үйл явдлын гэрч нарын хэлснээр бол цэргийнхэн ямар ч анхааруулгагүйгээр жагсагчид руу шууд дайрч нулимс асгаруулагч хийнээс гадна галт зэвсэг,хуягласан техник ашиглан дайралт хийсэн аж. Нэгэн гэрчинй хэлснээр бол цэргийнхэн жагсаал руу шууд чиглүүлэн буудаж байснаас гадна байлдааны хуягт тэргээр жагсагчдыг элдэн хөөж заримых нь дээгүүр дайрч гарсан байна. Албан мэдээгээр бол амь алдсан хүний тоо 25 болсон гэж байгаа ч зарим эх сурвалж энэ тоог 35-аас илүү гарсан гэж үзэж байгаа аж. Шархдагсдын тоо 300-аас илүү гарсан гэж тоологдсон бөгөөд амь үрэгдсэн олон хүний хэн болохыг одоо ч тогтоогоогүй бөгөөд заримых нь нүүр царай танигдах аргагүй болтлоо зэрэмдэглэгдсэн байсан гэж эх сурвалжууд гэрч нарын ярианд үндэслэн мэдээлсээр байгаа юм.
Энэ “цуст ням гараг” нь 1970 оноос хойш тус улсад гарч байгаа хамгийн эмгэнэлт шашин хоорондын мөргөлдөөн боллоо гэж ажиглагчид дурджээ. Шашин хоорондын таагүй харилцааг намжаахад үнэндээ бол Тахририйн хувьсгал огтхон ч тус болсонгүй гэж үзэх ажиглагчид олонхи нь болж байгаа юм. Египетийн хувьсгалаас хойш шашин хоорондын гурван ч мөргөлдөөн гарсны мөн л хамгийн их хохирол тарьсан нь энэ болж байгаа аж. Энд анхаарал татахуйц нэг зүйл байгаа нь дээрхи шашин хоорондын мөргөлдөөнүүд бүгд христийн болон исламын шашинтнуудын хооронд болсон явдал юм. Энэ оны гуравдугаар сард Тахририйн талбайд болж байсан ээлжит жагсаал цуглааны үеэр Египетийн коптууд (үнэндээ ч христийн Ортодокс коптийн урсгалыг шүтэгчид) хэмээн нэрлэгдэх болсон христийг итгэгчид болон ислам шашны төлөөллийн хооронд мөргөлдөөн болж 13 хүн амь үрэгдсэн байдаг. Гэтэл тавдугаар сард христийн нэгэн сүмийг шатаахаар исламын салафист шашинтнууд завдсанаас болж дахин мөргөлдөөн гарснаас 12 хүн амиа алдаж байжээ.
Болж өнгөрсөн хэрэг явдлууд нэг хоёр сүмийн асуудал биш бөгөөд нийт Египет улсын хэмжээнд улам бүр газар авч байгаа шашны үзлээр ялгаварлах бодлогын уршиг хэмээн олон улсын ажиглагч нар тайлбарлаж байгаа гэнэ. Египетийн хүн амын бараг 90 хувь нь суннитийн урсгал давамгайлсан исламын шашинтнууд бөгөөд цөөнх болсон христийн шашинтнуудтай байнга сөргөлдөх болж ирэв. Тэр дундаа исламын суурь үзэлт салафистуудын зүгээс христийг шүтэгчдэд хандах эрс түрэмгий дайралтууд сүүлийн үед байнга идэвхижсээр байна. Шашин хоорондын энэ сөргөлдөөний шалтгаан нь шүтлэгтэй холбоотой үнэт зүйлсээс гадна газар нутаг булаалдах зэрэг өөр бусад шалтгаанаар ч үндэслэгдэж байдаг аж.
Египетийн одоогийн засаглалын гол цөм болсон цэрэг арми болон хүчний байгууллагуудын бие бүрэлдэхүүнд христийг шүтэгчдийн эсрэг үзэл бодолтой төлөөлөл олонхи болж байгаа нь ням гарагт болсон мөргөлдөөний үеэр цуст хүчирхийлэл гарахад хүргэсэн гэж коптуудын төлөөлөл үзэж байгаа ажээ. Ийм нөхцөл байдлаас болж шашин хоорондын мөргөлдөөн болоход христэд итгэгч цөөнхийн хувьд бусдын өмнө ямар ч хамгаалалтгүй болж байгаа гэж тэд хэлж байгаа юм. Коптууд өөрсдийн шатаагдсан сүмийг хамгаалалтад авч чадаагүй Асван мужийн амбан захирагчийг огцрохыг шаардсан хэвээр байгаа аж. Харин тэдний шаардлагыг Египетийн одоогийн засаг захигаа биелүүлэх боломж тун хангалтгүй байгаа бололтой.
Учир нь зөвхөн цэрэг хүчний байгууллага төдийгүй Египетийн олон нийтийн болон засаг захиргааны байгууллагуудад ажиллагсдыг ажилд авахдаа шашин шүтлэгээр нь ялгаварлах байдал Египетэд түгээмэл байгааг христэд итгэгчид ширүүн шүүмжилсээр иржээ. Египетийн өнөөгийн засгийн газрын танхимд 32 сайд байдгийн зөвхөн хоёр нь л христийн коптууд байдаг аж. (Тэдний нэг нь олны танил буюу нэгэн үе НҮБ-ыг удирдаж явсан Бутрос Гали юм) Тэгвэл 25 мужийн захирагч байгаагаас ганц нь л христийн шашинтан байгаа гэнэ. Үүний зэрэгцээ аж амьдрал, ахуйн хүрээнд ч мөн ялгаварлах байдал байнга гарч байгаа хэмээн коптчууд гомдоллосоор байна. Тухайлбал христийн шашинтай байж байгаад үзэл бодлоосоо татгалзан өөр шашинд орохыг зөвшөөрдөг атлаа ислам шашинтай байж байгаад христийн шашинд орохыг Египетэд хуульчлан хориглодог ажээ.Чухам ийм шалтгаанаар өнгөрөгч тавдугаар сард шашнаа “сольсон” эмэгтэйг орогнуулсан гэх шалтгаанаар христийн сүмийг шатаахаар исламын салафистууд довтолж улмаар мөргөлдөөний үеэр 12 хүний амь үрэгдсэн байдаг.
Үүний зэрэгцээ Тахририйн хувьсгалын үеэр хүнд байдалд орсон Египетийн эдийн засаг доройтож ядуурсан нь ч бас нийгмийн доторхи хагаралд нөлөөлж байна гэж ажиглагчид дурдаж байгаа юм. Энэ өнцгөөс харвал Египет дэх христийн шашин шүтэгчид ялангуяа хувийн хэвшлийн салбарт буюу бизнесийн чиглэлээр илүү их амжилт олж байдаг аж. Дэлхийн хамгийн баян зуун хүний жагсаалтад бичигдээд байгаа Египетийн тэрбумтан Савирис христийг шүтэгч байгаа нь энэ дүгнэлтийг баталж өгдөг байна. Ингэж үзвэл баялгийн хуваарилалтаас болж коптуудыг ялгаварлан “нүд үзүүрлэж”, тэднийг Египетийн хамаг баялагт эзэн суугаад байна хэмээн хардах санаа бодол ислам шашинтнуудын дунд түгсэн байж болзошгүй гэнэ. Мөн христийн шашинтнууд өөрсдийн баялгийг бусадтай хуваалцах гэхээсээ зөвхөн өөрөө өөрийгөө болгож амьдрах гэсэн явцуу, аминчхан үзэл бодлоор бүгдэд ханддаг гэх шүүмж бусад шашны төлөөллийн зүгээс гардаг ажээ.
Ямар ч байсан эмгэнэлт үйл явдал гарсны дараагаар Египетийн шашны олон урсгалын тэргүүн нарын зүгээс эвлэрлийг уриалан санаа бодлоо илэрхийлсээр байгаагийн дээр олон улсын нийгэмлэгийн зүгээс ч тус улсын эрх баригчдад хандан санамж зөвлөгөө өгсөөр байгаа аж. Гэвч энэ бүхэн эмгэнэлт явдлын үеэр амь үрэгдэгсдийн хойноос өнөөдрийг хүртэл гашуудахын зэрэгцээ уур хилэнгээ илэрхийлсээр байгаа олон мянган египетчүүдэд тайвшралыг авчрахгүй байгаа бололтой. Эрх баригчид өнгөрсөн жил христэд итгэгч коптуудыг шашны баярых нь үеэр буудаж хөнөөсөн исламын шашинт нэгэн эрийг цаазаар аваачсанаа энэ үеэр зарласан нь ч төдий л тус болсонгүй.
Харин ч эсрэгээрээ ислам шашинтнуудын зүгээс асуудалд хурцаар хандах нөхцөл байдлыг үүсгэж болохоор болсон гэнэ. Учир нь тэрхүү цаазлуулсан эрийн үйлдэл нь исламын шашинт охиныг хүчиндсэн хэмээн сэжиглэгдсэн коптуудаас хариугаа авсан явдал байсан аж. “Хэрэв шаардлагатай арга хэмжээг авахгүй бол Египет улс иргэний дайны ирмэг дээр ирчэхээд байна” гэж тус улсын хүчний байгууллагын удирдагч асан нэгэн хэлжээ. Тэгвэл одоогийн эрх баригчид ирэх 11-р сарын 28-д болох Египетийн парламентийн сонгуулийн дараа нөхцөл байдал намдах байх гэсэн бүрхэгдүү итгэлтэй байгагаа илэрхийлсээр байгаа аж. Гэвч хувьсгалын үеийн хөөрлөөр далимдуулан өөрийн нөлөөг тэлсээр байгаа исламын суурь үзэлт, хэт даврагчдын давшилтыг Мубаракаас хойшхи Египетийн анхны парламентийн сонгууль улам бүр баталж өгвөл олон сая хүнтэй энэ улсад чухам юу болж өрнөхийг хэн ч тааж зүрхлэхгүй байгаа билээ.
PS: Дээрхи үйл явдлын дараахан ислам шашинт нэгэн египет хүн хэлэхдээ, “Энэ коптууд (христэд итгэгчид) үнэхээр ядаргаатай. Бид хаа байгаа газраа мөргөл үйлдэж болоод байхад эд нар заавал сүм барьж, тэгдээд түүнийгээ тойруулаад хашаа татна.Ингэж тасдаж авсан газраа тойруулаад зөвхөн өөрсдийнхөө төлөө хэрэгтэй бүхнээ хийж, өмчирхөцгөөх юм” гэж гомдолложээ…Би ялгаварлагч хүн биш. Гэхдээ уралдаан зарласан мэт Улаанбаатарт улам бүр олноороо боссоор байгаа христийн болон буддын шашны сүмүүдийг хараад аль нь олон бол гэж эрхгүй бодох юм. Гол нь хэн нь олон сүм барьсан тухайд биш, харин “хэн” тэндээс гарч ирж байх бол гэдэгт л санаа зовох цаг ирэх вий дээ л гэж…
"Ардын эрх" сонин