
-Намрын сайхан налгар өдрүүд үргэлжилж байна. Сайхан өдөр шинэхэн зочныг зорих гоё байлаа. Танай эндхийн намар үнэхээр гоё байна шүү?
-Баярлалаа. Ийм сайхан өдөр манай аймгийг зориод ирсэнд үнэхээр баярлаж байна. Энэ жил манай аймагт намар сайхан болж байна. Ургац хураалт үндсэндээ дууслаа. Саяхан цас нэг орсон доо. Тэрүүгээр 300-гаад га тариа цасанд даруулсан. Тэрнээс хойш цаг агаар сайхан, тогтуун байгаа.
-Эрдэнэт бас тариалантай юм уу?
-Байлгүй яахав. 4500-гаад га-д үр тариа тарьдаг. Тарих тарихдаа бага хэмжээтэй ч гэсэн манайх улсын дунджаас хамаагүй өндөр ургац авдаг шүү дээ. Энэ жилийн хувьд л гэхэд га-гаас 23 центр гэж урьдчилсан ургац тогтоолт хийгдэж байсан. Яг дүн гарахад аягүй бол га-гаас 25 центр авч магадгүй.Тэгэхээр манайх нэгжийн ашиг их өндөртэй авдаг газар байгаа биз.
-Танай эндхийн тариалангийн бизнесийг хотынхон, холынхон ирж хийж байна уу, өөрсдөө хийж байна уу?
-Ихэвчлэн Эрдэнэтийн, Жаргалантын иргэд хийж байгаа. Гаднын хүн мэдэхгүй газар ирж тариалан эрхэлнэ гэж юу байхав дээ. Бид чинь өөрсдийнхөө талбайд тариалангаа эрхлээд зогсохгүй цааш нь Булган, Сэлэнгийн нутаг руу газар авч эрхэлдэг ш дээ.
-Тийм үү. Тэгвэл сайн л байна. Том дарга нарын тариалангийн бизнес хаа сайгүй байдаг болохоор л ингэж лавлаж асуусан юм?
-Манайд тийм юм байхгүй. Яагаад гэвэл манайх газар нутаг багатай. Ерөөсөө 84,4 мянган га газартай. Тэрний маань хэдэн хувийг хотжилт эзлэх билээ, хэд нь ой билээ. Тэгэхээр тариалангийн талбай бага байхаас яах билээ.
-Эрдэнэтийн суурин иргэдийн тоо ингэхэд хэд хүрч байна вэ?
-Бараг л 100-гаад мянга болж байна шүү. Суурин иргэд байна. Ирж очин амьдрагсад байна. Ер нь л явж өгч байнаа.
-Газар газраас бөөн мөрөөдөл өвөртөлсөн илгээлтийн эзэн залуучууд ирж үйлдвэр дагасан энэ том хотын түүхийг эхлүүлж байлаа. Та ч гэсэн тэр үеийн сэхээтнүүдийн нэг. Одоо ч гэсэн Эрдэнэтийг зоригсодын цуваа татардаггүй гэж ярих юм. Эрдэнэтийн баялаг өөрөө мөнхийн баялаг биш. Нөөц нь шавхагдаж байгаа. Гэтэл хүмүүс наашаа юунд тэгтэл тэмүүлдэг юм бол?
-Манай Эрдэнэтийн түүх бол үнэхээр агуу л даа. Анхны илгээлтийн эзэд эвлэлийн илгээлт өвөрлөөд ирж байсан цаг саяхан л санагддаг. Эрдэнэт хотыг тэр үеийн манай нам, төр зохион байгуулалттайгаар байгуулсан. Мэдээж “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулахтай холбоотойгоор шүү дээ. Яг албан ёсны анхдагчид гэх юм бол эвлэлийн илгээлт өвөртөлж ирсэн хүмүүс маань байдаг. Мөн нам, төрийн байгууллагуудад намын төв хорооны томилолтоор ирж ажилласан улсууд гэж бий. Дотроо бас жаахан жаахан заагтай. Ингээд л бүгдээрээ эндээ үлдэж амьдарч тэмцсэн түүхтэй дээ. Мэдээж бидний түүх бол Эрдэнэтийн түүх. Тийм болохоор түүхэндээ яаж хайргүй байх билээ.
-Танайхан анхны илгээлтийн эздэдээ хөшөө босгож байгаа гэл үү?
-Босгоогүй л байна. Одоо л шийдэгдэх байх. 2012 оны төсөвт илгээлтийн эздэд зориулсан хөшөө босгохоор ярьж байгаа юм бий. Өмнө нь бол яахав дээ, илгээлтийн эзэд, анхдагчдаа багахан хэмжээнд харж үздэг. Ой энэ тэрээ мөн л өөрсдийн хэмжээнд тэмдэглэж ирсэн. Энэ жил бид Эрдэнэт хотын 35 жилийн ойг тэмдэглэсэн. Тэр үеэрээ илгээлтийн эзэд, анхдагчдаа бас чадлаараа л анхаарсан. Нэлээн шагнаж урамшуулсан. Хөдөлмөрийг нь үнэлэх гэж төр засагт хандсан. Баяр наадмын үеэрээ, ойгоо тохиолдуулж тэдэндээ энгийн иргэдээс арай илүү анхаарсан гэж бодож байна. Манай илгээлтийн эзэд энэ жил сэтгэл нэлээн өндөр байгаа болов уу.
-Эрдэнэтийг чиглэсэн нүүдэл ер нь саарч байна уу?
-Анхныхыгаа бодвол саарчихсан л даа. Ер нь хүн амын урсгал хөдөлгөөн 1980-аад оны сүүл хүртэл их эрчимтэй явсан л даа. Социализмын үед чинь их хүн шилжиж ирдэг байлаа. Зах зээлийн эхэн үед ч ирдэг л байсан. Тэгээд дунд үеэсээ бол саарч эхэлсэн. Сүүлийн 2005-2008 оны үед бол баруун аймаг Увс чиглэлээс их ирдэг болсон. Одоо харьцангуй тогтчихсон байна. Ерөнхийдөө жил бүр ирсэн, шилжсэн хүмүүсийн тоо бараг тэнцүү л яваад байна. Хүн амын өсөлт жилдээ 1000-2000 хүний хооронд хэлбэлзэж байна.
-Эрдэнэтийг зорьсон хүмүүсийн ихэнх нь уулын баяжуулах үйлдвэр рүү чиглэсэн мөрөөдөлтэй ирдэг юм байна лээ. Учир нь энд ажилладаг хүмүүс нь илүү орлоготой, илүү амьдралтай байдаг гэсэн. Энэ ойлголт гэвч хэвээрээ юү. Нөгөө талаараа “Эрдэнэт”-ийн маань баялгийг бас жаахан шавхагдаж байгаа гэдэг. Зөвхөн энэ үйлдвэрт хувь заяагаа даатгахад ирээдүй нь бас тийм ч том харагдахаа больсон биз дээ?
-Манай “Эрдэнэт” үйлдвэрийг зорьж ирж байгаа хүмүүс байлгүй яахав. Одоо ч байна. Энэ том үйлдвэр дагасан хотыг түших юм бол амьдрал ахуйгаа дээшилнэ гэсэн бодлоор нүүж ирдэг юм шиг байгаа юм. Бас хөдөө орон нутагт нь зуд турхан болоод, малгүй болчихсон хүмүүс маань амьдрахын эрхээр ах дүүсээ татаж ирдэг ийм нэг хандлага байгаа юм. Нөгөө тал нь Эрдэнэт хотод нийгмийн үйлчилгээ бусад аймагт харьцуулахад өндөр байдаг юм байна. Амьдрахад аятай тухтай орчин байдаг юм байна. Тэгэхээр энд л ирвэл сайхан амьдрана гэсэн итгэл төрдөг юм шиг байна. Гэхдээ ирсэн болгоныг манай “Эрдэнэт” үйлдвэр аваад байх боломж байхгүй шүү дээ.
-Тэр ч аргагүй л дээ. Яаж бүгдийг багтаах юм бэ?
-“Эрдэнэт” үйлдвэр 6000 гаруй ажилтантай байна. Ийм ижил төрлийн үйлдвэрүүдтэй харьцуулах юм бол тэр үйлдвэрүүдийн чинь ажиллагсдын тоо бараг хоёр дахин бага байна ш дээ. Манайхан аль аль талаа бодоод л олон хүнийг тэжээж байна даа гэж дотроо би арга тасарч боддог. Магадгүй ихээхэн менежмент хийх юм бол ажиллагсдын тоог одоогийнхоос хоёр дахин цөөлөх ч юм уу ийм боломж бол нөөц бол бий. Би ямар дагнаж тооцоо судалгаа энэ тэр хийж үзсэн биш. Зүгээр бусад гадаадын ийм уурхайтай харьцуулж бодоод байгаа юм. Хаа газрын зовлон гэж бий. “Эрдэнэт” үйлдвэрт ч зовлон байна шүү дээ. Тэгэхээр ирсэн хүн болгон энэ үйлдвэрийн босгыг алхаад орчихгүй. Гэхдээ орохгүй ч гэсэн энэ сайхан хангайн хишгийг бол дам болон дам бус байдлаар бол Эрдэнэтийхэн бүгд л хүртэж байгаа. Бид хэн хүнгүй шүү дээ. Орхон аймгийн иргэд бүгд энэ үйлдвэрийн буян хишгийг хүртэж байгаа. Би аймгийн Засаг даргын хувьд төсөв төлөвлөгөөнд нь тусгуулж зөвлөлийн хурал энэ тэрд нь асуудал тавьж, аймаг хотдоо бас юм наачих юмсан гэж зөндөө санал тавьдаг. Тэр хэмжээгээр бодож үзэх юм бол иргэд маань энэ үйлдвэрийн хишгийг хүртээд л явцгааж байгаа. Тэрнээс биш айл болгонд май гээд мөнгө өгөөд байх арга байхгүй шүү дээ.
-Засаглалын төлөөх тэмцэл үндсэндээ “Эрдэнэт”-ийн төлөө л тэмцэл болдог байсан. Өнгөрсөн 20 жил тийм л байсан биз дээ. Тэмцээд тэмцээд үндсэндээ нэг л нам энэ үйлдвэрийн толгойд сууж ирлээ. Энэ хавиар ер нь улстөржилт хэр байдаг вэ. Хэдэн жилийн өмнө ажилчид нь тэмцэл өрнүүлж, удирдлагууддаа шаардлага хүргүүлж байсан. Одоо бол улам л чимээгүй, улам л хаалттай газар болоо юу даа?
-Манай “Эрдэнэт” чинь бас Монгол улсын аж үйлдвэрийн том төв гэдэг утгаараа өндөр боловсролтой, оюуны чадамж өндөртэй хот шүү дээ. Тэр утгаараа бас юм болов уу, үгүй юү дарвиад хөдлөөд байдаг газар биш. Бусадтай харьцуулах юм бол манайд улс төрийн процесс бага явагддаг. Улс төрийн хүрээнийхэн нь ч нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж чаддаг. 90 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжээд, олон нам бий болоод, хоорондоо өрсөлдөөд тэмцээд явж ирсэн боловч том утган дороо зогсч чаддаг. Сонгуулийнхаа үр дүнг хүлээн зөвшөөрдөг, хуулийн дагуу нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг ийм дүр зураг 1990 оноос хойшхи манай “Эрдэнэт”-ийн түүхээс харагдана. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд дээхнэ үед жаахан бужигнаантай байсан үе бол бий. Талийгаач Ш.Отгонбилэгийг огцруулах үеэр нэлээн бужигнаан болж байсан. тэгээд энэ үйлдвэрийг Ш.Отгонбилэг гуай өгөхгүй, би номоороо ажлаа хийж байна гэж яваад нөгөөдүүл нь засаг төр авсан. Тэрнээс хойш улстөржилт харьцангуй намжмал байгаа л даа.
-Ерөнхийдөө “Эрдэнэт”-ийг бас л том сэхээтнүүд толгойлж ирсэн байна шүү. Ш.Отгонбилэг, Х.Наранхүү гээд л?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ таны хэлсэн шиг манай “Эрдэнэт” үйлдвэр жаахан нээлттэй байх шаардлага бол байгаа. Үүнийг захын хүн л хэлнэ. Монгол Улсын төр аль болох иргэддээ ойрхон, нээлттэй байя гэсэн бодлого баримталж байна. Бид ч бололцоотой бүх арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байна. Ерөнхийдөө манай “Эрдэнэт” үйлдвэр иргэдийн болон ажиллагсдынхаа хүссэн хэмжээнд нээлттэй байж чадахгүй байгаа байхгүй юу гэвэл чадахгүй байгаа. Үүнийг би ч хэлнэ, иргэд ч хэлнэ.
-Би сая танай хотоор явж нэлээн хүмүүстэй уулзлаа. Ерөнхийдөө Архангайхан л энд “засаглаж” байна даа. Манай дарга нар чинь гадаадад л байдаг улс байх аа. Тэд чинь тэнгэрийн амьтад шүү дээ гэсэн үгийг захын таксины жолооч хэлэх юм. Тэнд ажилд ороход хамгийн бага хэмжээний авлига нь 5000 доллар гэж үнэн үү. Ийм юм үнэхээр байна уу?
-Манай “Эрдэнэт” чинь өөрийн онцлогтой л доо. Тэр онцлог нь бидний бахархал юм даа. Эрдэнэт хотыг Монгол Улсын өнцөг булангаас ирсэн залуус бүтээсэн. Бүх аймгийн төлөөлөл энд байгаа. Бүх үндэстэн ястны төлөөлөл бий. Тийм болохоор хамгийн гол нь энд нутгархана гэсэн зүйл байхгүй. Тийм бололцоо, тийм хөрс суурь байхгүй. Би бол Эрдэнэтэд 31 жил амьдарч байна. Би өөрөө Булганых. Булганыхан шинэ жилээр ёолкоо хийнэ. Би очно. Нутгийн ой болно хандив цуглуулна. Хандиваа өгнө, цуг оролцоно. Өөр юм байхгүй. Бусад алба хашдаг улсууд ч энэ маягаар л нутаг нугынхантайгаа харилцаад явдаг. Ер нь нутгархлаа, үндсэрхлээ гэж хэн нэгнийгээ хэлэх юм байхгүй. Бүр нарийн гүнзгий нутаг нугаараа бүлгэрхсэн хэмжээний дүр төрх энд огт ажиглагддаггүй. Энэ жил бид 35 жилийн ойгоо хийхдээ бүх нутгийн зөвлөлийнхнөө цуглуулаад, за та нар Булган аймгийн нутгийн зөвлөл манай 35 жилийн ойд ямар бэлэг барих вэ, Хөвсгөл аймгийнхан яаж туслах юм гээд ингээд л ярих жишээтэй. Эрдэнэтийн энэ олон үндэстэн ястны өлгий болсон жалга довны үзэлгүй өнгө төрх нь нэг талдаа бол бидний бахархал. Тийм учраас Архангайнхан ийм юм болоод байна, Хөвсгөлийнхөн тэгээд байна гэж хэлэх шаардлага байхгүй.
-Эрдэнэт хот шаваа тавиад дөрөвхөн жил болж байхад та энд иржээ. 31 жилийн амьдрал гэдэг бол хүний амьдралд том цаг хугацаа. Залуу нас, амьдралын тань том түүх энд шингэжээ. Эрдэнэтийг сонгож ирсэн зам мөрийг тань сонирхмоор байна?
-Би Булган аймагт төрсөн л дөө. 1975 онд Булганы 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн. Тэгээд шууд их суруульд ороод таван жил сураад 1980 онд МУИС-ийн инженер, эдийн засгийн факультетийг тээврийн эдийн засагч мэргэжлээр төгссөн. Гоё мэргэжил л дээ. Нэг талдаа инженер, нөгөө талдаа эдийн засагч. Хосломол мэргэжил. Инженер ч хийж болно, эдийн засагч хийж болно. Тэгээд шууд л Эрдэнэтийн захиргаанд ирсэн дээ. Манай эхнэр бас 1980 онд сургуулиа төгссөн. Холбооны инженер мэргэжилтэй. Эрдэнэтийн холбооны газар инженерээр хуваарилагдаж ирлээ. Би тэр үед Эрдэнэт хотын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ирж байлаа. Ингээд 31 жил хоёулаа эндээ амьдарцгааж байна даа. Хоёулаа вагоноор оюутны шар авдраа аваад, хэдэн цүнх ном, нэг чемодантай л бууж байсан. Эхлээд ахындаа, сүүлдээ бие даагаад амьдарцгаасан. 31 жил гэдэг бол хүний амьдралын урт хугацаа шүү дээ. Одоо бидний нас жаахан ахиж байна. Ингээд үзэхээр Эрдэнэт хотод бүх амьдралаа л зориулж дээ. Амьдрал ахуй маань анх яаж эхэлсэн гэхээр бусадтай л адилхан энгийн түүх сонсогдох байх. Бид хоёр ирээд байргүй байсан. Нэг акталсан байшинд амьдардаг байлаа. Хөнгөн материалаар барьсан нэг давхар хуучин байшин. Тийм юмны нэг буланд л хоёулаа амьдардаг байлаа. Дараа нь город гэж ярьдаг Эрдэнэтийнхээ төв рүү айлын нэг өрөө хөлсөлж орлоо. Тэгсээр яваад бид аймгийн захиргаанаас хоёр өрөө байр хуваарилуулж авлаа. Дараа нь хэдэн жилийн дараа хоёр өрөө байраа гурван өрөө болгож байлаа. Дахиад хэдэн жилийн дараа гурван өрөө байраа дөрвөн өрөө болгож байлаа. Хэдэн жилийн дараа дөрвөн өрөөгөө таван өрөө болгож байлаа. Тэгээд дахиад хэдэн жилийн дараа таван өрөө байраа хувийн сууц болгосон. Хүний амьдрал гэдэг чинь тэгээс эхлээд өдөр тутам, жил тутам урагшилж, хамтдаа зүтгэж өгсдөг. Ажил алба ч гэсэн дээшлээд, амьдрал ахуй ч эсэн дээшлээд л явдаг. Зөв зам мөртэй явахад бүгд л ийм жимээр урагшилдаг. Хүний хорвоогийн жам чинь ерөөсөө л тэр л биз дээ, тийм ээ. Эрдэнэт хотын гүйцэтгэх захиргаанд 1980 онд төлөвлөгөөний комиссын мэргэжилтэн байсан би хэдэн жилийн дараа ахлах мэргэжилтэн болж байлаа. Бага хэмжээгээр албан тушаал ахихад цалин тавин төгрөгөөр нэмэгдээд л явчихдаг. Мэргэжилтэн байгаад 600 төгрөг авч байсан бол гурван жилийн дараа 650 төгрөг авдаг боллоо. Нэлээн ажиллаж байгаад гурав дөрвөн жилийн дараа хэлтсийн дарга болоод 800 төгрөгийн цалинтай боллоо. Тэгээд Засаг даргын орлогч боллоо. Дараагаар нь ИТХ-ын дарга боллоо, дараагаар нь Засаг дарга болсон. Өөрөөр хэлэх юм бол хувийн амьдрал маань хотын захын акталсан байшингийн нэг өрөөнөөс эхлээд, айлын квадрат хөлсөлж явсаар өөрийн гэсэн байртай болтлоо хөгжиж байгаа юм. Албан тушаалын хувьд мэргэжилтнээс Засаг дарга болтлоо дороос нь зүтгэсээр яваад ирж л дээ. Миний амьдрал энэ хүртэлх хугацаанд хүн амьтнаас нэг их айхтар дэмжлэг авч явсангүй. Одоогийн хэллэгээр тэр хүний хүн, тэрний татаас гэж яригдах түүх надад үнэхээр байсангүй. Өнөөдөр ч гэсэн хэний талын хүн бэ гэж намайг хэрэв ярих юм бол би хэний ч талын хүн биш л харагдана. Тэгэхэд нэг “цахилгаан шат”-нд суусан шүү дээ, тэр даргыг дагаж гүйж яваад тэгж байсан шүү дээ гэх намтар надад байхгүй. Би зөвхөн МАН-ын гишүүн, Эрдэнэт хотын унаган боловсон хүчин. Эндээ зүтгэсээр яваад, ажилласаар яваад энэ зэрэгт хүрсэн. Манайхан ярьдаг ш дээ бор зүрхээрээ зүтгэж яваа хүн гэж. Би тэр бор зүрхтнүүдийн л нэг. Намайг энэ зэрэгт хүрэхэд хэн ч татаж чангааж, хэлж ярьж, дэмнэж дэмжсэн юм алга. Би орон нутагтаа л өөрийнхөө бор зүрхээр зүтгэсээр явжээ. Манай Эрдэнэтийнхэн чинь бол бас их онцлогтой л доо. Орос ах нартай олон жил хамт ажиллаж амьдарсан. Их олон сайхан Орос, Монгол хүмүүс хоорондоо нөхөрлөж, найзалж, манай Эрдэнэтийн уур амьсгалыг бүтээсэн. Хүмүүсийнх нь амьдрах соёл ч оросуудынхаа нөлөөнд арай дээд төвшинд төлөвшсөн гэж би боддог. Аль тэртээ социализмын үед л манай Эрдэнэтийнхэн орос маягийн хоол хийгээд идээд сурчихсан, амьдрал ахуйд нь тэдний соёлын тусгал ийм энгийн зүйлээсээ эхлээд нэвтэрчихсэн байсан. Үүний муу тал гэж байхгүй.
-Одоо энд Оросууд багассан байх, тийм үү?
-Багассан. 600-700-гаад орос байгаа. Янз бүрийн орос маягийн салат, хоолууд хийгээд сурчихсан. Тэгээд ерөнхий амьдрал нь орос маягтай. Хамгийн наад зах нь айлд ороод хувцсаа тайлаад, гутлаа тайлаад орчихно. Ханьссаар яваад энэ жишгээр ахуйн соёл нь дээшээ гарчихсан. Ийм хэв шинжийг манай Эрдэнэтээс л харна даа. Энэ бүх байр байдал нь Эрдэнэтийнхний амьжиргааг арай өндөрт гаргасан шүү. Бид бас авснаа санаж явах ёстой шүү дээ.
-Танай хашаанд ороод ирсэн чинь нягт нямбай, аж ахуйч айлын дүр төрх шууд харагдаж байна. Ногоо тарьдаг юм байна. Бас мод, цэцэг тарьдаг юм байна. Танай Тэшигийнхэн их ажилсаг улс. Үүний нөлөө байна уу, Оросын нөлөө юү?
-Аль аль нь л байгаа байх. Би Засаг дарга болоод гурван жил боллоо. Тэгэхэд нэг жил нь бид “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгож зарласан. Дараагийн жил нь 2010 онд “Цэвэр орчин бүрдүүлэх жил” болгож зарласан. Энэ 2011 оныг бид “Өрхийн амьжиргааг дэмжих жил” болгож зарласан. Энэ гурав бол хоорондоо холбоотой л доо. Тэгээд ногоон байгууламжийн хүрээнд бол Эрдэнэт хотоо ногооруулах, цэцэгжүүлэх ажилд нэлээн анхаарал тавьсан. Үүнийг байгууллага иргэд мааь маш сайн дэмжсэн. Одоо бараг хэвшил болж байна.
-Танай хашаа тийм ч том биш юм. Энэ жижигхэн зайд их олон төрлийн ногоо тарьжээ. Энэ таны хобби юу, эхнэрийнх тань уу?
-Цэвэр миний хобби.
-Цэцэг нь ч бас уу?
-Цэцэг, ногоо бүгдээрээ минийх. (инээв) Эхнэр туслаж дэмжилгүй яахав. Гэхдээ би өөрөө л голлож хийнэ. Би хаана ч явж байсан цэцгийн үр, ямар нэгэн юмны үр хайж явдаг. Цэцгийн дэлгүүрээр л орох гээд явж байдаг хүн ш дээ. Зарим хүн шоолдог л юм. Эмэгтэй хүн шиг цэцэг навч эргүүлээд явчих юм гэж . Би Бээжин явахдаа хоёр гурван савтай цэцэг худалдаад аваад ирдэг. Хүмүүс гайхаад байдаг байхгүй юу. Яахав дээ хүн хүний сонирхол тийм л байдаг юм байна. Туркт явж байхдаа цэцгийн үр цуглуулаад ч явсан. Цуг явсан хүмүүс ойлгодоггүй. Энэ жил бид нар багуудаас судалгаа аваад ногоо тарих хүмүүсийг дэмжсэн. Тэгээд тэр бүх хүнд нэг шуудай төмс, таван төрлийн хүнсний ногооны үр бүгдийг нь аймгийн төсвөөс гаргаж байгаад үнэгүй өгсөн. Ногоо тарья гэсэн бүх хүнд өгсөн. Тэгээд өнөөдөр гэр хорооллын олон айл өрх ногоо тарьсан. Манай Жаргалант сумын их олон өрх ногоо тарьж амьдардаг юм ш дээ.
-Танайд ер нь Хятадаас ногоо орж ирдэггүй байх аа?
-Ер нь үгүй шүү. Хавар тийшээ бол нөгөөдхөө хадгалах асуудал дээр бас хүндрэл байна. Энэ жил бид дүнгээ гаргана. Нэр устайгаа байгаа юм чинь. Оюунбатынх гэхэд л хэдэн кг төмс авав, хэдэн кг нарийн ногоо авав. Хэрхэн амьдрал ахуйдаа хэрэглэв гээд нарийн гаргаж үзнэ.
-Урд Сархиа уул нэлээд моджиж. Хуучин их л хэцүү болчихсон байсан. Мод тарьж байгаа юм аа даа?
-Цаад хэсэг том том модтой байгаа хэсэг нь бол хүний гарт бас нэлээн өртчихсөн юм. Наад талдаа байгаа мод тарьчихсан газар чинь мод байхгүй байсан. Бид модтой талд нь 12000 суулгац тарьлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүмүүс ирээд манай эндхийн хүмүүстэй хамт судалж үзээд ургалт, амьдрах чадвар нь бол 92,7 хувь байна гэж дүгнэж байгаа юм. Маш өндөр хэмжээнд гарч байгаа үр дүн байхгүй юу. Хамгийн гол нь нийтэд нь хашаа барьж хашиж хамгаалсан. Тэгээд цэнгэлдэх хүрээлэн шинээр барьсан. Хажууд нь хүүхдийн парк байдаг. Хүүхдийн паркийн хажууд цанын бааз бий. Эд нарыг нийтэд нь нийлүүлээд “Спорт амралтын Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн” гэсэн том цогцолбор болгочихсон. Тэгээд тэрийгээ бүтэн хашчихсан. Мал орохгүй, техник орохгүй. Хүмүүс амарч зугаалж болно. Энэ намар ч моджуулах ажил бас хийнэ. Сархиа уулаа бол өнгөрсөн хоёр жил бид моджуулж байгаа. Тарьсан мод маань сайн ургаж байна. Тийм учраас энэ жил нэмээд тарина. Тэгсээр байгаад урд талын уул хэдэн жилийн дараа битүү моджих болно доо.
-Үйлдвэр дагасан газрын байгаль орчны асуудал байнга л харанга дэлдэж байдаг. Гол усаа хэр хамгаалж байна?
-Тэр их хүнд дээ. Манай Эрдэнэтэд хотын урдуур урсдаг Эрдэнэт гол гэж байсан. Гэтэл өнөөдөр Хорооллын тэрүүгээр бүгд айл боллоо ш дээ. Энэнээсээ болоод жаахан хуурайшсан байдаг юм байна. Эрдэнэт уулаас эх авсан булаг шанд байна л даа. Тэр бол байдаг хэмжээндээ байна. Бас арай ч гэж ширгэчихээгүй. Нэг юм яваад л байгаа юм. Тэгэхдээ хамгаалах, анхаарах шаардлагатай. Хангалын гол бол тэртэй тэргүй урсана. Эрдэнэт үйлдвэрийн хаягдсан ус бас доошоо урсдаг. Зовлон бол байна аа.
-Модоо тайрч авчраад л дүнзэн байшин бариад байдаг нь бол арай зогссон байна. Барилгажилт энд хэр байна вэ?
-Манайд одоо зургаан хороолол баригдаад явж байна.
-Үнэ ханшийн хувьд хотоос арай доогуур биз дээ?
-Доогуур. Одоо бол шинэ шинэ хороолол барих ажил ерөнхийдөө эхэлчихсэн. Гурав хоногийн өмнө цоо шинэ хорооллын суурийг тавиад ажил эхэллээ. “Номин холдинг” компани хивсний үйлдвэрийн ард талд “Өнөр” хороолол гээд ерөхийдөө хивсний үйлдвэрийнхэндээ зориулаад 1050 айлын хорооллын барилгын ажлыг эхэлчихсэн байна. 11 дүгээр хорооллын баруун үзүүрт “Залуус” хороолол гээд бас барилга бариад эхэлчихсэн. Долдугаар хорооллыг нэг хэсэг хаячихсан байгаа. Дараагийн компани орох гээд шүүх дээр жаахан заргатай байж байгаа. 7 “А” хороолол гээд зураг төсөв хийгдээд ирэх хавраас барих гээд явж байна.
-“Авзага” компани танай энд барилга барьж байна уу?
-”Авзага” компани цэнгэлдэх хүрээлэнг бариад дууссан.
-“Авзага”-ыг Эрдэнэтийг сүйрүүлээд байна гээд л бичээд байсан. Тийм юм байхгүй биз дээ ?
-Ямар юмаа сүйдлэхэв. Би мэдэхгүй юм байна.
-Барилга барина гэчихээд барихгүй байна ч гэх шиг юмнууд яваад байдаг. Гүтгэлэг байх нь л дээ?
-Эрдэнэтэд бол тийм юм байхгүй ш дээ. Эрдэнэтэд маш том цэнгэлдэх хүрээлэн маш түргэн хугацаанд барьсан. Тэр ч арай хэтэрнэ ээ. Ийм мундаг компанийг тэгж хэлж болохгүй л дээ. Хоёр жил хагасын дотор барьсан. Бараг гурван жил барих тийм нүсэр ажил байсан. Зургаан сар хүрэхгүй хугацаанд л барьсан. Үнэхээр хүчтэй, чадалтай үндэсний компани. Бас тэгж хамаагүй гүтгэж болохгүй шүү дээ.
-Танай хоёр гишүүн ер нь хэр ажиллаж байгаа юм бэ. Хоёр тэрбум төгрөгөө Эрдэнэтэд юу болгож шингээв дээ?
-Тэд бол тэрбум төгрөгийн асуудлаа аймгаас нэг ч санал энэ тэр авахгүйгээр өөрсдөө л зохицуулсан. Дур дураараа л хийсэн байх. Ажлын үр дүн бол сайн биш. Зарим нь өнөөдөр биеллээ олоогүй л байгаа. Тэр хоёрын сайн ажиллаж байна уу, муу ажиллаж байна уу гэдгийг би хэлэхээсээ илүү сонгогчид нь хэлсэн нь дээр л дээ. Тэр болгон айхтар харилцаад байдаггүй. Манайд нэг ийм л ялгаа байдаг юм. Жишээлэх юм бол Сэлэнгэ аймаг, Булган аймгийн, Увс аймгийн гишүүдийг хараад байхад яг тэр нутгийн, тэгээд нутгийнхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй ажиллаж байгаа нь харагддаг. Би тэгээд аймгуудын Засаг дарга нараас асууж сурдаг юм. Тэрбум төгрөгөө наадуул чинь яаж байх юм гэхээр Дархан энэ тэрийнхэн чинь та нар л мэдээд зарцуул. Бид нар эрхийг нь та нарт өгчихье. Юу хийх вэ ярилцъя, та нар л шийд гэдэг гэнэ. Манайд бол тийм юм байхгүй. Ерөөсөө л дураараа. Тэгээд сүүлд нь тэр нь биеллээ олохгүй бол аймгийнхнаас болсон, эд л хийсэнгүй гэж загначихаад сууж байдаг. Биеллээ олох юм бол би хийлээ гээд сурталчлаад унадаг. Үнэнийг хэдэхэд ийм л байдаг. Жаахан тийм хүнийрхүү улс л байх юм даа. Яг Эрдэнэтийн хүмүүс биш болохоор хэцүү. Цаад үнэр нь нэг л тийм хүнийрхүү байх юм даа гэж надад хүмүүс хэлдэг. Тэрийг нууж хаагаад яахав. Тэгэхдээ сайн муу ажиллаж байгааг нь би үнэлэхгүй шүү дээ.
-Өнөөдрийн байдлаар та нэгэн том шуугианы эзэн болчихоод сууж байна. Бүх хэвлэл олон талтай зөрүүтэй мэдээллүүд цацаж байна л даа. Тэгээд л таныг ирж нүдээрээ харъя, биеэрээ уулзъя гэж наашаа зорьсон юм?
-Үнэндээ бол өөрөө ингэж дуулианы бай болъё гэж бодсонгүй.
-Таны бие онц биш байх шиг байна. Зарим нь худлаа , зүгээр л байгаа шүү дээ. Бараг бүжиг таанц хийгээд явж байгаа гэх юм. Зарим нь ч бүр Н.Энхбаяр, Ч.Ганзориг гээд улсууд дээр аваачиж наагаад улстөржөөд явж байна. Ингэхэд чухам юу болсон юм бэ. Судлаад үзэхээр “Эрдэнэт”-д гайгүй албан тушаал олоод авчихсан нэг залуу хүүхэд тань руу жаахан авирласан юмаа даа. Хэрэг явдал бас Монголд болоогүй юм шиг байх юм. Энэ тухай ярих сонирхол ер нь танд байна уу. Би бол таны 31 жил нийгэмд зориулсан энэ амьдралыг үнэ цэнэтэй амьдрал гэж бодож байна. Таны нэр хүндийг ч мөн адил. Манай сонины уншигчдад та болсон явдлын талаар бодит мэдээлэл өгч болох уу?
-Над руу олон л мэдээллийн хэрэгслээс ярьж хандаж байна. Би таныг ороод ирэхэд тань л бодсон л доо. Мэдээж миний нэр төртэй холбоотой тийм учир замбараагүй олон янзын юм дэгдчихээд байна. Өөрийн биеэр зорьж ирж байгаа сэтгүүлчийг яах ч билээ. Ер нь бол сонин хэвлэл дээр бичээд байгаа юм бол болсон уу гэвэл болсон. Тэр нөхөр намайг цохиж зодсон уу гэвэл зодсон. Би зодуулсан уу, гэвэл зодуулсан. Үнэн бол тэр л байна. Тэр явдал бол Солонгосын Чэжүд болсон. Хүний нутагт нэгнийхээ сайн мууг үзэж хэл ам хэрүүл шуугиан тариад яахав гээд ирэн иртлээ би дуугүй явсан. Тэгээд замдаа бие өвдөөд хэцүү байхаар нь Бээжинд цэргийн эмнэлэгт үзүүлсэн. Улаанбаатарт ирээд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эрдэнэтэд ирээд шүүх эмнэлэгт бас үзүүлсэн. Энэ асуудал бол хоёр хүний хооронд болсон л асуудал. Нэг их улс төрийн хүрээнд хамруулж ярих, элдэв хүмүүстэй аваачиж наах зэрэг нь надад бол сонин биш байна.
-Яагаад ийм байдал орчихов оо. Та хагалгаа хийлгэсэн юм байна шүү дээ. Иймдээ тултал зодуулсан нь үнэхээр сонин байна?
-Эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгээд гарлаа. Энэ хооронд л хэвлэл мэдээллээр тарчих юм. Би тэгээд янз бүрийн юм яриад байхаар нь арга ядаад эмнэлэгт байхдаа хэвлэлийн төлөөлөгчөө дуудаад хэлсэн. Үнэн бодит байдал дээрээ бол ийм юм болсон юм шүү дээ. Ядаж Эрдэнэтийнхэндээ хэвлэлээр хэл дээ гэж. Би ямар хамар нармайгаа тэс цохиулаад, хагалгаанд орчихоод ийм царай зүстэй байж олон нийтийн өмнө гараад яриад байлтай биш. Тэгээд нэгэнт ийм дуулиан шуугиан болчихсон, хүмүүс асууж сураад байхаар хариу тайлбар өгөхөөс ч аргагүй болдог юм байна. Маш олон хүн утасдах юм. Ирж уулзана гэх юм, эргэж тойрно гэх юм. Тэгээд яг үнэн мэдээллээ хэвлэлийн төлөөлөгчдөө хэлсэн. Төвийн хэвлэл мэдээллээр бол зохион байгуулалттай тарааж байгаа юм билээ л дээ.
-Таны хагалгаа хийлгэсэн эмнэлгээр орлоо. Бүтэн наркозтой хагалгаанд орсон гэхээс илүү мэдээлэл өгсөнгүй. Зөрүүтэй мэдээлэл гараад байгаа юм байна. Нэг гайхаад байгаа юм нь таныг зодсон хүн чинь өөрийн чинь хүүхэд шиг залуу байх юм?
-Хорин хэдэн насаар дүү хүүхэд л дээ. Манай хүүтэй л адилхан хүүхэд байхгүй юу. Миний бас гомдож гоморхож байгаа юм бол энэ л дээ. Ер нь бол энэ чинь аавыгаа л зодоод байна шүү дээ. Аав шигээ хүнийг зодож байна. Бид бас залуу зандан явсан. Эртэй бяртай, идэрхэг шүдэрхэг явсан үе бий л дээ. Бид нар чинь одоо 50 гарчихсан. 54,55 хүрчилээ. Юун тэр залуучуудтай ноцолдож явах. Тэдний гарын аяыг яаж даах юм бэ. Хоёрдугаарт, би чинь бас төр засгийн төлөөлөгч хийгээд орон нутагт аймгийн Засаг даргаар томилогдоод ажиллаж байгаа хүн шүү дээ. Би энэ аймагт үлгэр дуурайлал болохгүй юм бол хэн болох юм бэ. Энэ Засаг дарга гэдэг нэр хүндтэй ажил албаа би хайрлаж хамгаалж явахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Үүнийг тэр нөхөр ерөөсөө ухамсарласангүй, ойлгосонгүй, хүндэтгэсэнгүй. Буцах болоод зураг хөргөө татуулаад зогсч байтал шууд ирээд л зодсон.
-Ойр байсан хүмүүсийн ганц нэгтэй утсаар холбогдсон. Бид бичлэг хийсэн.Тэгэхдээ сэтгүүлчдэд үзүүлэхгүй. Энэ их гүжир гүтгэлэг гаараад байвал авсан бичлэгээ гаргана аа гэж хэлж байна лээ. Зарим нэг сонин болохоор хоёулаа зодолдсон гэж мэдээллэж байна. Аягүй их улстөржсөн өнцгөөс тарааж байна. Тэр залуу таныг төрийн албыг шударга хаагаач ээ гэж шаардсан гэж үнэн үү. Ийм сэдвээс эхэлсэн гэж бас ярих юм. Зарим нь зүгээр зургаа авахуулаад зогч байхад нь согтуу гарч ирээд балбачихсан гэх юм. Аль нь үнэн юм бэ?
-Би эрүүл саруул байсан. Ямар ч гэнэ сэрэггүй зогсч байсан. Би эхнэртэйгээ явсан. Эхнэр маань төрийн мөнгө төгрөгөөр яваагүй. Өөрийнхөө хувийн зардлаар. Би бол нэгэнт хурлаас зохион байгуулж байгаа арга хэмжээ юм болохоор төлөөлөгч хүн юм чинь төлөөлөгчийнхөө бүрэлдэхүүнд ороод аймгийн төсвийн хөрөнгөөр явсан. Энийг нуух ч үгүй. Урд нь манай ИТХ-аас тийшээ явна, ийшээ явна гэж янз бүрийн юм зохион байгуулдаг л байсан. Аль ч аймаг орон нутгийн иргэдийн хурлынхан жилдээ нэг удаа тийм арга хэмжээ зохиодог. Аймаг орон нутгаа удирдаад ингээд явж байгаа хүмүүс жилд нэг явахад болохгүй ч юм байхгүй. Гэхдээ би өмнө нь нэг ч удаа явж байгаагүй. Ажил төрлөө бодоод завдал гаргаж чаддаггүй байсан. Тэгээд л аймгийн хоёр дарга цуг яваад өгчихөөр чинь ажил цалгардана. Хэрэггүй гээд явдаггүй юм. Энэ жилийн хувьд бол эргээд хойтон жил бид явах биш. Сонгуульт хугацааны хамгийн сүүлчийн явалт байна. За, нэг явчихъя гээд л явсан. Явахдаа бол авгай маань өөрийнхөө зардлыг төлөөд л хамт явсан.
-Тэр мэдээж шүү дээ. Өдий хүртэл төрийн албанд ажиллахад тэр зэргийн ёс суртахуун суулгүй дээ. Гэвч засгийн мөнгөөр эхнэр нь явсан гэдэг мэдээлэл гарсан л байна?
-Яахав наагуур сонин хэвлэлээр зөндөө л юм гарч байна. Миний эмзэглээд байгаа юм бол үнэн бодит мэдээлэл гараад болчих юмыг эргүүгээд намайг янз бүрээр гүжирдэж бичээд байгаа нь сонин. Энийг зохион байгуулаад байгаа хүмүүсийг би гадарлаж л байна. Одоо ийм юм хийгээд байх тусгүй л дээ. Үнэн байх юм бол би хэвлэл мэдээллийнхэнд баярлаад л, талархаад л сууж байна. Бүр өөрөө буруутай байсан ч шүү. Худлаа юм бичээд байхаар урам хугарч, сэтэл гутарч, итгэх итгэл их алдарч байна л даа. Би ярилцлага өгөөгүй л дээ. Өөрийг чинь зориод ирэхээр яаж ч болохгүй л ярилцлага өгч байна. Олон ярилцлаганд орохгүй, өгөхгүй гэж хариу өгсөн. Намайг томилсон, батламжилсан хүн чинь Монгол улсын Ерөнхий сайд . Би өөрийн тайлбар, бодит байдлаа тайлбарлаж захидал явуулсан. Намайг ийм байхад ингэчихлээ. Нэгдүгээрт, намайг зөв ойлгох хэрэгтэй. Монголд эрүүл мэндээ хамгаалах, аюулгүй амьдрах, нэр төрөө хамаалах нөхцөл байна уу, үгүй юү. Засаг дарга л ингээд ийм нөхцөл байдалд ороод байхад иргэн хүн яах юм гэдэг хэцүү байна шүү дээ. Тийм учраас намайг томилсон Ерөхий сайдад би бичсэн. Ийм ийм юм боллоо шүү гээд.
-Төрийн албаны сүр хүч ерөнхийдөө ганхаж байгаа. Албан хаагч нар нь туниагүй, дандаа татаас, цахилгаан шатаар өгссөн жаахан хүүхдүүд тонгочиж байна шүү дээ. Зангараг суугаагүй, төлөвшөөгүй хүүхдүүд дээшээ гарч ирээд баллаад байна гэх шүүмжлэл бол хавтгай байгаа. Хөдөө суманд ч гэсэн Тамгын газрын даргаа согтуу орж ирээд л зодчихдог болсон байна шүү дээ?
-Би бол хуучин тогтолцоог магтаж сайшаагаад байхгүй. Гэхдээ бидний үеийнхэн бол ажлын ачалал их авч явсан, ахмад дээдээ үеийнхнээ үгийг сонсч, хүндэлж дээдэлж, өдөр шөнөгүй сууж ажиллаж явж хүмүүжсэн улсууд шүү дээ. Түүнийхээ ачаар төрийн албыг аваад явахтайгаа болж хат суусан. Өнөөдрийн байдлыг харах юм бол нэг жаахан залуучууд гарч ирээд л өшиглөж байна. Дандаа улс төрийн шугамаар дээшээ авирч гардаг болж. Би Эрдэнэтийнхээ залуучуудад нэг л үг хэлдэг. Та нар хариуцсан хариуцсан ажлаа л сайн хий. Энийгээ сайн хийгээд үлгэр үзүүлээд явах юм бол олон түмэн чинь үнэлдэг юм шүү. Тэртэй тэргүй төр чинь чамайг үнэлдэг юм. Ганцхан хандах зүг чинь зөв байх ёстой шүү гэж. Сайн л ажилла. Хариуцсан ажлаа хийсэн шиг хий. Улс төрийнх ч байна уу, хувийнх ч байна уу. Хариуцсан юмаа л сайн хийгээд байвал тэртэй тэргүй чи гарна. Битгий юу юугүй улс төр дага. Битгий элдэв бүлэглэл дага гэж би захьдаг. Хуурамчаар гарч ирсэн хүний тавилан бол хэврэг дээ, хэврэг. Би ингэж л хэлдэг юм. Би өөрөө яг л ийм замыг туулаад ирсэн.
-Тэр төсвийн мөнгийг хувьдаа ашиглаж байна. Машин тэрэг унаад байна гэж тэр залуу таныг шүүмжилсэн гэх мэдээлэл юу вэ?
-Тийм юм байхгүй шүү дээ. Би “Lexus 570” гэдэг машин унаж байгаа. Үйлдвэр болон аймгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд яригдаад л, тэр дагуухь төлөвлөгөөнд суугаад шийдэгдсэн асуудал. Би энэ албан дээр мөнх биш шүү дээ. Төрийн юм төрдөө л үлдэнэ.
-Албаны л унаа юм байна шүү дээ. Тэгээд яагаад ингэж яриад байдаг юм бэ?
-Ингээд яриад л байдаг. Би ямар хувиараа худалдаад авчихсан биш. Төсвийн мөнгөөр авчихсан биш. Үйлдвэрийн буян хишиг. Дараагийн хүн унана. Ийм л байна ш дээ. Би одоо жил хэртэй л унаж байна.
-Ч.Ганзориг дарга та хоёрыг нуруу нуруугаа харуулаад хоёр тийшээ суучихсан. Их эв түгжин муутай байдаг. Тэдний залуучууд нь давраад Засаг даргыг барьж авч зодож байна гэж аймгийнхан ярих юм. Тийм юм байна уу?
-Тийм юм байхгүй шүү дээ. Манай Ганзориг захирал бид хоёр бол гурван жил хэртэй хамт ажиллаж байна. Үнэхээр үйлдвэрийн зөвлөлд асуудлаа тавиад болох болохгүй юмаа шийдээд ингээд хамтраад л явдаг. Одоо гэхэд советоор баталсан хөрөнгөөр Ш.Отгонбилэгийн нэрэмжит гудамжны замыг тавьж байна. Одоо хэзээ хэзээгүй ашиглалтад орох гэж байна. Найрамдлын өндөрлөгийг хийлээ. Эрдэнэт үйлдвэрийнхэн их санаачилгатай ажиллаж байгаа. Бурхан багшийн сэрэг дүрийг барилаа. Өчнөөн олон юмнууд хийгээд явж байна. Эв түгжингүй, нэг нэгнээ дэмждэггүй байсан бол энэ олон бүтээн байгуулалтын ажлыг яаж амжуулах юм бэ. Тийм юм байхгүй. Яахав хүний нэр барьж ажилладаг, болох болохгүй юм хийдэг, хийх гэдэг юмнууд бас их байдаг юм байна лээ л дээ. Болохгүй юмаа Засаг дарга тэгсэн юм аа, Ганзориг захирал тэгсэн шүү дээ гээд ингээд нэр бариад явдаг өөдгүй, шударга бус юмнууд байдаг. Засаг даргын нэрийг бол их барина ш дээ. Засаг дарга тэг гэсэн гээд л бараг л хүчээр зүтгүүлсэн юмнууд баригддаг. Би ч тэрний нь эсрэг их хэрэлдэнэ ээ.
-Эрдэнэт маань хот л байвал гоё. Хотын стстустай болох нь уу үгүй юү?
-Хотын стастустай болох болохгүй бол Үндсэн хуультай л холбоотой асуудал шүү дээ. Үндсэн хуульд л нийслэл, аймаг, сум, баг дүүрэг гэдэг юм байна гээд заачихсан. Хот гээд л оруулчихдаг бол одоо болох боломж Дархан, Эрдэнэт гээд л байна ш дээ. Том том хотууд манай улсад баймаар байгаа байхгүй юу. Их сонин ш дээ. Бид Америкт очоод гэрээ хэлцэл хийхэд Орхон аймаг гэхээр Орхон аймаг гэж юу байна аа л гэдэг. Тэгээд л Сити Эрдэнэт гэхээр харин тийм биз дээ гэдэг байхгүй юу. Орхон аймаг гэхээр мэддэггүй, Эрдэнэт хот гэхээр мэдээд байдаг.
-Та хувьсгалт намтай яаж яваад хувь заяагаараа холбосон юм бэ?
-Би 1983 онд МАХН-д элссэн. Төгсч ирээд гурван жилийн дараа. Бас тэр үеийн намын дарга нар энэ бас өсөх дэвжих залуу гэж харсан юм болов уу. Тэрнээс биш зарим хүн 10, 20 жил болчихоод намд элсч чаддаггүй л байсан. Тэр тусмаа сэхээтнүүдэд босго нь өндөр байсан. Орлогч гишүүн гэж олон жил явуулж байж жинхэнэ гишүүн болдог ийм л журамтай байсан. 30-аад жил л энэ намд ажиллаж байна даа.
-Танай намын гишүүд бүгд шинэ батлахаа авчихсан уу?
-Авсан. Би чинь МАН-ын Орхон аймгийн дарга хүн шүү дээ. Тийм болохоор бодит мэдээлэлтэй гэсэн үг. Батлахаа гардуулахдаа бол МАХН-ын хуучин батлах нь дурсгал болоод үлдэг гээд үлдээчихсэн. Сая манайд гэхэд л 1000-аад гишүүн шинээр нэмэгдсэн. 3000-аад гишүүн байсан одоо 4000-аад гишүүнтэй болсон. МАН гээд нэрээ солиход бол их олон хүн орсон л доо. Мэр сэр хүмүүс МАХН гээд явж л байна. Гэхдээ ихэвчлэн сонирхлын зөрчилтэй байсан, хувийн гомдол тээсэн хүмүүс голдуу тэр зүг рүү яваад байгаа нь мэдрэгддэг. Тэр сонин л доо. Жаахан хувийн юмнууд нь голцуу тээгдээд явж байдаг юм байна лээ.
-Таныг ирэх сонгуульд нэр дэвшиж магадгүй гээд хүмүүс ярьж байна. Тэрийг чиглээд түрүүлээд баахан юм явж байна уу, үгүй юү. Та хувийн шийдвэрээ гаргасан уу?
-Үгүй. Би нэг их тэгье ингэе гэж ярьж хөөрдөггүй хүн ш дээ. Нам чи дэвш гэвэл дэвшинэ. Чи битгий дэвшээ гэвэл үгүй ээ, би тэгнэ ингэнэ гэж гүйхгүй. Ер ньбол тэгээд хэцүү байна шүү дээ. Улс төрийн сонгуульд орно гэхэд их олон сая төгрөг хэрэг болоод байдаг. Тэгэхээр мань мэт бол тэрийг нь үнэндээ даахгүй. Сонгуулийн хууль нь их аятайхан гараад, янз бүрийн мөнгө төгрөг шударга бус юмыг нь хааж чадсан ийм нөхцөл гарах юм бол ороход Эрдэнэтийнхэн дэмжинэ л гэж бодож байна. Манай Эрдэнэтийнхэн бол одоо Эрдэнэтийнхээ унаган хүмүүсийг гаргая, дэмжье. Тэгэхгүй бол болохгүй юм байна гэдэг яриа ярьдаг болсон юм билээ. Надад аль аль тал руу нь улайраад байх юм бол байхгүй. Улс төр ингээд галбираа алдаад, залуучууд нь хүмүүжиж төлөвшиж, улс төрийн соёл суухгүй, ёс суртахуунгүй явах юм бол бас хэцүү болчихсон байна шүү дээ. Миний дээд үе, миний үеийнхэн бол сайхан хүмүүжилтэй улсууд юм байнаа. Үнэхээ нуруутай. Энэ улс орны төлө зүтгэсэн түүхтэй, ажиллаж амьдарсан, туулсан зам мөртэй, хүн чанартай, нуруутай үеүд байж ээ. Манай залуучууд маш их оюунлаг болсон байна. Маш их боловсрол мэдлэг олсон байна. Хурд сайтай болчихсон, бүх талын мэдээлэлтэй болчихсон байна. Ганцхан тэдэнд төрийн ноён нуруу болох чадал, бяд, монгол хүний жудаг гэдэг юм байхгүй байна. Тэр нь нэлээн сайн тогтох юм бол манай залуучууд мундаг үе гарч ирчихээд л байна. Манай Эрдэнэтийн унаган хүүхдүүд маш хурдтай сайхан бойжоосой гэж бид хүсэн хүлээдэг. Тэгэх юм бол жинхэнэ миний төрсөн газар, унасан газар угаасан ус минь энэ шүү дээ. Би энийг хөгжүүлнэ гэдэг тийм сэтгэлтэй үе бий болно. Тэгэхгүй бол зарим нь өөрийнхөө төрсөн нутгийн юмыг илүү яриад байдаг. Сонгогдсон ч гэсэн тийшээгээ сэтгэл нь яваад байдаг. Тийм болохоор зарим үед үнэхээр энэ аймгаа гэсэн төрмөл сэгэлтэй хүмүүс хурдан өсч, бойжиж зүтгээсэй. Эрийн цээнд хурдан хүрээсэй гэж боддог. Эрдэм боловсрол, дэлхийн зиндааны хэл соёлын цаана зүрх сэтгэлд нь эр хүний ёс жудаг, хүний төвшин сайхан нуруу, хүнлэг сэтгэл байхгүй бол явахгүй шүү дээ.
-Таны гэргий таныг дагаад л энд ирж амьдарсан юм байна. Сайхан эмэгтэй юм аа. Та хоёр хаана танилцсан юм бэ?
-Их сургуульд. Тэгээд том хүүгээ төгсөөгүй байхдаа гаргаж байлаа. Би Архангайн хүргэн юм ш дээ. Архангайг л магтан дуулсан хүргэн байлаа. Сайхан нутаг. Би Архангайн Тариатад очиж дандаа амардаг. Залуу байхад жил болгон очиж амардаг байсан. Сүүл рүүгээ жаахан цөөрч бсайна. Яагаад гэхээр хөгшчүүл маань байхгүй болчихсон. Залуучуудаар тэр болгон явахгүй юм. Залуу байхад Тариатад очиж улсын наадамд нь түрүүлж даагыг нь хөтөлж л байлаа. Залуудаа бас барилдаж ноцолддог л байсан юм. Ах нь аймгийн заан хүн шүү дээ. Ид сайхан залуу байхад Эрдэнэтэд бид сайхан барилдаж ноцолдож л явлаа. Сүүлдээ ингээд Архангайнхаа залууд зодуулчихаад хэвтэж байдаг юм байж. Эхнэртээ хошигноод энэ үгээ хэлсэн. Тэр маань урдаас би Архангайд 18 жил л болсон. Эрдэнэтэд 31 жил чамтайгаа хамт амьдарлаа. Тийм болохоор Эрдэнэтийн хүн болсон байх аа. Ер нь Эрдэнэтээрээ ч овоглодог юм уу гэж хариулж байна лээ. Манай хүн жаахан гомдсон байх аа. Гэхдээ тэр сайхан нутгаа энэ нэг залуугаар юу гэж солих вэ дээ.