”Архигүй Монгол” Дорноговьд

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

”Архигүй Монгол” Дорноговьд

Замын-Үүд өртөөний хажууд байрлах “Жинчин” буудлын дэргэд 20 шүргэм настай болов уу гэмээр туранхай бор залуу хэвтэнэ. Өмсч явсан цамц нь урагдаж, хиртээд тамтаг болсон байх бөгөөд хөлдөө жийсэн гутал нь ч алга…

Энэ бол Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өртөөнд бараг өдөр бүр үзэгдэх нийтлэг дүр төрх. Зөвхөн Замын-Үүд суманд ч биш аймаг даяар ийм дүр зураг ихэссэн нь аймгийн удирдлагууд ямар нэгэн арга хэмжээ авах болсныг сануулна. Хамгийн харамсмаар нэг мэдээлэл байгаа нь 18-35 насны залуус архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа явдал. Энэ оны эхний есөн сарын байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд 2241 хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн баримт цаасан дээр дурайж байна. Чухамдаа энэ байдлыг харгалзан сум болгон ямар нэгэн арга хэмжээ авч, дорвитой ажил хийх хүсэлтэй байдаг аж. Тиймээс жил болгон аймаг болон сумдын зүгээс өөрсдийн хөрөнгө, хүчинд тулгуурласан ажил хийдэг ажээ. Гэвч тэдний хүчин мөхөсдөж байгаа гэнэ. Зөвхөн тэд ч гэлтгүй Монгол даяар архи хэмээх ундаа аюулын харанга дэлдэх болсон энэ үед Монгол Улсын ерөнхийлөгч “Архигүй Монгол” хөтөлбөрийг санаачилж, орон даяар хэрэгжүүлэхээр болсон билээ. Эхний ээлжинд төрийн хүндэтгэлийн хүлээн авалтанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг болиулсан нь төрийн ёслол хүндэтгэлийн нийт зардлын 50 хувийг бууруулсан гэх мэдээлэл ч байна.

Тус хөтөлбөрийн багийнхан аравдугаар сарын 7-8-нд Дорноговь аймгийн Сайншанд болон Замын-Үүд суманд ажиллав. Зорилго нь “Архигүй Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших эерэг үр дүнг болон архины хор хөнөөлийн талаар аймгийн удирдлага, олон нийтэд таниулах.

 Архидалттай хамт гэмт хэрэг өссөөр…

Архидалт өсөхийн хэрээр Дор­ноговь аймагт үйлдэгдэх гэмт хэрэг жил болгон өссөөр байгаа аж. Энэ оны эхний найман сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 446 гэмт хэрэг гарсан нь өмнөх оныхоос 14 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 163 гарсан нь өнгөрсөн жилийнхээс 10 хувиар ихэссэн гэх тааруухан мэдээлэл цаасан дээр байна. Бас нэгэн тааруу мэдээлэл нь энэ оны эхний найман сард Дорноговь аймагт 2241 хүн эрүүлжүүлэгджээ. Эдгээр тааруу мэдээлэлтэй уялдсан бас нэгэн баримт байгаа нь Дорноговийн хэмжээнд архи зарж борлуулах зөвшөөрөлтэй 137 дэлгүүр, зочид буудал, ресторан,  архи үйлдвэрлэдэг хоёр том үйлдвэр байдаг ажээ. “Манай аймгийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийг бараг дийлэнх хувь Сайншанд болон Замын-Үүд сумд гардаг. Жил болгон л бид ямар нэгэн арга хэмжээ авдаг боловч арай хүчрэхгүй байна. Ерөнхийдөө манай аймгийн хувьд уугуул гэхээсээ илүү суугуул иргэд олонтой. Бусад аймаг болон хотоос ихэнх хүмүүс байдаг. Тиймээс ямар нэгэн хэргийг илрүүллээ гэхэд үйлдсэн эзэн нь өөр аймагт харъяалалтай байх нь элбэг” гэж Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар ярьж байсан юм.

Архигүй аймгаас, Архигүй Монгол руу…

“Архигүй Дорноговийн төлөө хамтдаа”. Энэ бол Дорноговь аймагт хэрэгжүүлэх “шинэхэн” аяны нэр. Угтаа “Архигүй Монгол” хөтөлбөрийн багийнхнийг дөнгөж очоод байх үед жил дамнан үргэлжлэх том аяныг албан ёсоор эхлүүлэх их ажил өрнөж байлаа. “Бид хэд, хэдэн жил дамнасан том аян эхлүүлж төрөлх нутгаа “архигүй” гэсэн тодотголтой жишиг аймаг болгох зорилго тавьсан. Энэ хөтөлбөрийн дагуу бид сургуулиуд байрлах бүсээс 100 метрийн дотор архи заруулахгүй байх, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах, олон нийтэд архины хор хөнөөлийг таниулах олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.” гэж Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар ярьж байсан юм. Тэд энэ аяныг эхлүүлэхээс бүр өмнө аймгийн хэмжээнд болж байгаа томоохон арга хэмжээнд “хатуу” ундаа хэрэглэхийг болиулж “Архигүй шинэ жил”-ийг тэмдэглэсэн гэх. Архигүйгээр шинэ жил тэмдэглэснийхээ хариуд тэд баярын хөтөлбөрт зарцуулдаг төсвийн 60 гаруй хувийг “халаасандаа” үлдээж чаджээ. Тэд эхний ээлжинд зөвхөн хатуу ундаанаас татгалзсан, ирэх шинэ жил, цагаан сарыг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх зорилготой байна.

“Архигүй Монгол” хөтөлбөрийн багийг Дорноговьд ажиллаж эхэлсэн тэр мөчид аймгийн нийт сумдын удирдлагууд Сайншандад цугларсан байв. Тэд “Архигүй Дорноговийн төлөө хамтдаа” аяны нээлтэнд оролцох урилга аван Сайншандад цугларсан нь энэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглардаг бүх сумдын төлөөлөл архины асуудалд анхаарал хандуулж буйгаа нотлон ийнхүү цугларчээ. “Архи ууж байгаа хүмүүсийг цэгцлэхгүй бол ер нь болохгүй. Цэгцлэхийн тулд бид үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Тиймээс аймгийн захиргаа согтууруулах ундаанаас 100 хувь татгалзах нь зүйтэй. Эхлүүлж байгаа энэ аян үнэхээр цагаа олсон ажил байна” гэж Алтан-Ширээт сумын ИТХ-ын дарга н.Алтанцэцэг ярьж байсан юм. Энэ хүн бол аяныг дэмжсэн бүх сумдын удирдлагуудын нэг төлөөлөл нь. Тэд бүгд энэ ажлыг дэмжиж, зохион байгуулалтын тал дээр анхаарлаа хандуулж, замхруулахгүй байхыг сануулж байлаа. “Архитай тэмцэх ажилд бага ч болов ахиц гаргах энэхүү ажлыг зохион байгуулж байгаад сайшаалтай байна. Гэхдээ өнөөдөр гэмт хэргийн тоо, тэр дундаа согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо өсч байгаа нь архийг замбараагүй зарж, худалдаалж, хэрэглэж байгаатай холбоотой. Зүгээр аян өрнүүлээд, хий яриад байхдаа гол нь биш бодит ажил болгох нь зүйтэй” гэж Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Батбаяр ярьж байсан юм. Ихэнх сумдад архины эсрэг хөдөлгөөн өрнүүлж, архинд орсон хүмүүсийг сургалтад хамруулах тусгай хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа аж. Мөн улс болон аймгаас зарладаг төсөл хөтөлбөрүүдэд оролцох хүсэлтэй хувь хүн болон албан байгууллага их байдаг гэсэн мэдээллийг аймгийн удирдлагын зүгээс өгч байлаа.
Ийнхүү Архигүй аймгаас, архигүй Монгол Улс руу хүрэх эцсийн зорилго дээр тэд нэгдэж чадлаа. Харин одоо цаашид хийх нөр их ажил хүлээж байна.

Архинд боолчлогдох хэрэггүй…

“Архинд боолчлогдох хэрэггүй” гэж нэгэн цагт архи гээч ундааг амсч явсан нэгэн залуу ярьж байна. Түүнийг Ц.Чинбат гэдэг. Одоогоос арваад жилийн тэртээ архи ууж яваад, арваад залууд зодуулан хараагүй болжээ. Аймшигт хэргийн дараа тэрээр гутарсан сэтгэлээ тайлахын тулд архийг өмнөхөөсөө илүүгээр хэрэглэх болсон гэдэг. Нэгэн цагт архи хэрэглэж байсан ч өнөөдөр тэрээр өөрийн гэсэн компани байгуулж, бизнес эрхлэн нийгмийнхээ нэгэн эд, эс гэдгээ мэдрэн зарим эрүүл хүмүүсээс илүү амьдарч явна. Тэрээр одоо “Архидалтын эсрэг үндэстний итгэл их хөдөлгөөн”-ийг тэргүүлэн архинд орсон нэгнийг эрүүл амьдралын зам мөрт ороход тусалж байгаа. Тиймээс ч тэрээр энэ удаагийн “Архигүй Монгол” хөтөлбөрийн багийн нэг гишүүн болж Дорноговьт ажилласан юм. “Би архийг нэлээд их уусан. Аавынхаа үлдээсэн бүх хөрөнгийг зарж уусан шүү. Гэхдээ би нэг өдөр өөртөө зоригтойгоор “Чинбаа чи яасан арчаагүй юм бэ” гэж хэлж чадсан. Хэдийгээр хүнд байсан ч архийг хэрэглэхгүйгээр амьдрах зорилго тавьсан юм. Би нэг зүйлийг хэлье. Архинаас гарч чадна гэдэг бол асар том зориг, тэвчээр. Энэ тэвчээрийг архинд орсон залуус гаргаж монгол эр хүний зоригийг харуулаасай гэж би хүсдэг” гэж Ц.Чинбат ярьж байсан юм.

“Архинд орсон хүн зөвхөн өөрийнхөө амьдралыг “уудаггүй”. Ард нь бүтэн гэр бүл сэтгэл санаа, эрүүл мэнд, санхүү гээд бүх л талаараа хохирдог. Зөвхөн архи ууж байгаа нэг хүнээс болоод шүү дээ. Архи ууж байгаа эцэг, эхээс болж бага насны хүүхэд сэтгэцийн асар хүнд дарамтад ордог. Бүр ганцаардлын гүн невроз гэх сэтгэцийн өвчинд нэрвэгдсэн тохиолдол ч байдаг” гэдгийг анагаах ухааны доктор, профессор Н.Дэмидмаа сануулж байна. Нэгэнт архинд орсон хүнийг өвчнөөс нь 100 хувь эмчилнэ гэж байдаггүй учир зөвхөн эдгэрэлтийн шатанд оруулах эмчилгээг л хийдэг гэх. Нэг эмчилгээний дундаж үнэ ойролцоогоор 200 мянган төгрөгт багтдаг бөгөөд дөрвөн сарын курс эмчилгээг хийлгэх шаардлагатай ажээ. Бүхэл бүтэн цогц эмчилгээг хийхийн тулд мэргэшсэн эмч нар шаардлагатай  бөгөөд харамсалтай нь ийм эмч Дорноговь аймагт бараг байдаггүй аж. Ганц Дорноговьд ч биш улсын хэмжээнд мэргэшсэн эмч нар болон наркологийн төвүүд хомсдолтой байдаг нь гол асуудал болоод байгаа ажээ.

Төгсгөлийн оронд…

Дорноговь аймаг архидалтын эсрэг цогц арга хэмжээ авах эхний алхмаа хийлээ. Энэ оны хоёр сараас эхэлсэн  “Архигүй Монгол” хөтөлбөрийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд тус дөхөм болно гэж бодохоор том алхам ч байж болох юм. Зөвхөн дан ганц энэ л аймаг тэмцээд байна гэж бодвол өрөөсгөл ойлголт болно. Энэхүү хөтөлбөрийг эхний ээлжинд Орхон аймаг хэрэгжүүлж эхэлсэн аж. Мөн шийдвэр гаргах төвшинд “Архины тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм. “Архидалтын эсрэг тэмцэнэ гэдэг бол зөвхөн архитай тэмцэнэ гэсэн үг биш. Бодлогын хэмжээнд цогцоор тэмцэх учиртай. Эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яаманд шилжүүлж, зорилгыг нь эмчлэх рүү чиглүүлэх, шөнийн 00:00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох журмыг дахин хэрэгжүүлэх гээд олон асуудал хариултаа хүлээж байгаа. Хуулийг боловсронгуй болгохын тулд олон янзын санал тусгагдах ёстой. Тиймээс бид хөдөө, орон нутгаар явж иргэдтэй уулзан, саналыг нь сонсч байгаа” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа ярьж байсан юм. Архины онцгой албан татвар буюу нэг архи болгоноос 1000 төгрөг Эрүүл мэндийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд цугларч байгаа аж. Одоогийн байдлаар яам тус бүрт 1,5 тэрбум төгрөг цугларсан гэх мэдээлэл байна.

Манай орны хувьд нэг хүнд 28-30 литр архи, согтууруулах ундаа оногддог бөгөөд Улаанбаатар хотод 330 хүнд нэг архи борлуулах дэлгүүр, 1000 хүн тутамд 1-3 баар, цэнгээний газар оногддог гэсэн судалгаа гарсан. Судалгаагаар гарсан сөрөг үр дүнг багасгаж чадах хамгийн том хүчин зүйл нь “Архигүй Монгол” хөтөлбөр ч байж болох юм.

Архигүй аймаг, дүүрэг, хувь хүнээс, архигүй Монгол руу…

Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж