Завханчууд “Монгол хүн 2020”-д нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.12-нд нийтлэгдсэн

Завханчууд “Монгол хүн 2020”-д нэгдлээ

Ардчилсан намынхны уламжлалт “Монгол хүн 2020” аяныхан энэ удаад буюу аравдугаар сарын 6,7-нд Завхан аймагт зочиллоо. Ардчилсан намын ‘‘нөхөд”-ийн эдийн засгийн хувьсгалыг эхлүүлэхээ зарлаж, Монгол хүн бүрийг  эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажил орлоготой, аюулгүй орчинтой байлгах зорилт дэвшүүлсэн ‘‘Монгол хүн 2020’’ хөтөлбөрийн ээлжит хэлэлцүүлгийг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулсан нь энэ юм. Хангай говь хосолсон, нүүдлийн соёл ахуйгаа цогцоор нь уламжлан хадгалж үлдсэн, байгалийн бүс бүсийн онцлогийг илэрхийлсэн үзэсгэлэнт байгальтай завханчууд энэ удаад Монгол Улс, монгол хүний ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцлоо.
Таван шатлалт хэлэлцүүлэг

 “Эрдэм боловсролтой Монгол хүн” хэлэлцүүлэгт оролцсон иргэд боловсролын салбарын тогтолцоо тааруухан байгааг шүүмжилж, багшлах боловсон хүчний талаарх асуудлыг хөндөн тавьж байсан юм. Мөн 14-р сургуулийн ахмад багш н.Баярмаа “Манай оронд 12 жилийн боловсролын систем хэрэггүй. Бага насны хүүхдүүд сургуульд орж, орчинтойгоо дасах нөхцөл муу байгаа бөгөөд сурах байдлаас харахад балчирдаж байна. Мөн багш нарын цалинг нэмэх шаардлагатай. Багш нар бараг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас их цалин авах  ёстой” гэв.

Харин “Эрүүл чийрэг  Монгол хүн” хэлэлцүүлэгт 120 орчим иргэн оролцсон бөгөөд тэд Завхан аймгийн Дөрвөлжин суманд нэг литр усыг долоон төгрөг, нэг кв.т эрчим хүчийг 80 төгрөг байгаа нь хөдөө орон нутгийнханд хүнд асуудал болж байна гэв. Мөн хүүхдэд олгох эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, чийрэгжүүлэх төвүүдийг байгуулах болон Завхан аймагт нарийн мэргэжлийн эмч нарын хүрэлцээ муу байгаа талаар санал гомдлоо илэрхийлж байсан юм. Түүнчлэн “Ажил орлоготой Монгол хүн” хэлэлцүүлгээр малчин залууст урамшуулал олгох, шинээр бизнес эрхэлж байгаа залуусын гарааны хөрөнгийг шийдэж өгөх асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байв. Мөн тэднийг мэргэшүүлэх сургалтад хамруулж улмаар ажлын байрыг нэмэгдүүлж, ашиг орлоготой болох боломжтойг Завхан аймгийн төлөөлөл болох хэсэг залуус уламжилсан юм.

Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Гурван тулгуурт бодлого”-ыг үр дүнтэй ажил хэмээн иргэд ам сайтай байв. Уг бодлогын дагуу сум бүрийн хүүхэд багачуудад морин хуур, шатар тоглож сурах, компьютерийн мэдлэгийг дээшлүүлэхэд түлхэц болохуйц сургалт зохион байгуулсан аж. Энэхүү сургалтын үр дүнгийн илэрхийлэл болж 999 морин хуурч хүүхэд нийслэлд ирж, төрийн наадмыг нээлтэд хуурын аялгуугаа эгшиглүүлснийг уншигч та ч санаж байгаа буй за. Мөн энэ аймгийнхан 999 шатарчин хүүхдийн уралдааныг анх удаа зохион байгуулсан аж. Тус аймаг гурван жилийн өмнө 24 сумын 22 сумдад тог цахилгаангүй байсан аж. Эрчим хүчгүй бол сум хөгжихгүйн дээр мэдээллээс тасарч, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих аргагүй байсан учир учир сумдыг эрчим хүчээр хангахын тулд эрчимтэй хөгжлийн санг байгуулж, гадаад дотоодын хандив туслалцаагаар сумдыг одоогоор 10-12 цаг цахилгаанаар хангаж байна. Түүнчлэн тус аймагт сүүлийн гурван жил 10 км хатуу хучилттай зам тавин, 10.5 км газрын гэрэлтүүлгийн асуудлыг шийдсэн бөгөөд ойрын хугацаанд аймгийг камержуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн жижиг, дунд үйлвэрлэлийг нэмэгдүүлж, одоогоор 240 жижиг, дунд үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж тэдгээрт 1500 гаруй иргэн ажиллаж байгаа нь ажилгүй иргэдийг ажлын байраар хангах гол тулгуур болж байна. Мөн баруун бүсийн худалдааны төвийг ашиглалтад оруулахад бэлэн болсон байв. Үүнээс гадна “Утаагүй Улиастай”  хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд аймгийн утаа 30 хувиар буурсан аж. Түүнчлэн энэ жил Завхан аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулж ЕБС-ын сурагчдыг аймгийн үзэсгэлэнт газруудаар аялуулах зэрэг олон ажлыг зохион байгуулж байгаа гээд Завханыхан танилцуулах сайхан мэдээ олонтой байлаа. 

Энэхүү хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Я.Санжмятав, нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ц.Сэдванчиг болон бусад албаны хүмүүс  оролцсон юм. 

Г.Хулан

"Ардын эрх" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж