
Хоёрдахь шалтгаан нь Улаанбаатар хотын агаарын бохирдол. Зөвхөн хязгаарлалтын бүс дэх айлуудыг утаа гаргадаггүй зуух, хагас коксжуулсан түлшээр хангах, мөн цахилгааны хөнгөлөлт эдлэхэд зориулж энэ оны төсөвт 34 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар оруулж ирсэн нь томоохон “нөхөөс” гэж хэлж болох юм. Гэтэл амьдрал дээр утаагүй зуух нийлүүлэх ажил хангалтгүй, иргэд хаана хандаж, зуух авах тухай ойлголтгүй. Дээр нь хагас коксжуулсан түлшээр хангах боломж бололцоо нь ч хомс аж. Ийм тохиолдолд энэ онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 30 хувь бууруулж чадах уу гэдэг асуудал тавигдаж байна. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотод хүн амынх нь 45 хувь амьдарч байхад төсвийн тодотголоор оруулж ирсэн хөрөнгө нь нийт төсвийн нэгхэн хувьтай тэнцэж буй нь чамлах тоо гэж ч зарим гишүүн үзлээ. Дор хаяж арван хувьд хүргэх ёстой гэсэн санаачлага ч энэ үеэр гарлаа. Сангийн сайдын тайлбараас үзвэл хаа очиж Улаанбаатар хотод нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хуваарилснаас биш орон нутагт бол олгоогүй аж. Тиймээс Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг нэмэх тухай асуудал төсвийн тодотголоор шийдэгдэхэд амаргүй аж. Гол нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “цацахаар” төлөвлөсөн 34 тэрбум төгрөгийг үр ашигтай зарцуулах талд УИХ-ын гишүүд хяналт тавьж, санал санаачлагатай ажиллахгүй бол буруу тийш нь будаа тээлгэчихвэл яах юм гэдэг хардлага ч хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөөд авлаа.
Ер нь Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тухай олонтаа бичих болж, олон нийтийн анхаарал ч энэ зүгт чиглэх болсноор хөрөнгө мөнгийг тусгаж, дорвитой хөдлөхөөр болж, нийслэлийн таван дүүрэгт хязгаарлалтын бүс тогтоон 110 мянга гаруй өрх айлыг утаагуй зуух, цахилгаанаар хангахаар болж төлөвлөсөн ч, өвлийн хүйтэн хаяанд ирчихээд байхад л зуухны борлуулалт сайнгүй байна гэсэн зовлонг хууль хэрэгжүүлэх байгууллагаасаа эхлээд зуух нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд тавиад буй нь, ажлынхаа үр дүнг хараагүй байж шантраад эхлэв үү гэх хардлага ч дагуулахад хүргэж буй аж. Тиймээс холбогдох яамд утааг бууруулах чиглэлээр иргэдтэй тулж ажиллах шаардлагатай гэсэн үүргийг энэ үеэр өглөө.
Мөн хуралдаанаар Хүнс хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай холбогдох төсвийн тодотголыг авч хэлэлцсэнээр хуралдааныг өндөрлүүллээ.