Тужийн нарсны таримал ойг ойн санд хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Тужийн нарсны таримал ойг ойн санд хүлээн авлаа

Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны таримал ойг улсыг ойн санд хүлээн авах ёслолын ажиллагаа 2011 оны 10 дугаар сарын 8-нд Тужийн нарсны Хар горхи гэдэг газарт боллоо.

БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, Ойн газрын дарга М.Тунгалаг, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Ноёд” группын ерөнхийлөгч Х.Буяндорж, Тужийн нарсыг нөхөн сэргээхэд оролцсон аж ахуйн нэгжийн төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэн энэ үйл ажиллагаанд оролцов. Нээлтийн дараа Тужийн нарсны ойг нөхөн сэргээх ойжуулах ажлын талаар Ойн газрын Ойжуулалтын бодлогын хэлтсийн дарга С.Дашдаваа, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн нэгжийн дарга Цэнгэлзаяа нар товч оролцогчдод мэдээлэл өгсөн юм. Тужийн нарсыг ойжуулах ажил 2002 онд “Зууны мэдээ” /одоогийн “Үндэсний шуудан”/ сонины уриалгаар эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 11 мян га талбайд ойжуулалт, 20 мян га талбайд байгалийн аясаар нөхөн сэргэх боломж бүрдүүлснээр Тужийн нарсны ой бүрэн сэргээд ийнхүү таримал ойг улсын ойн санд хүлээн авч байгаа юм.

Олон жилийн тасралтгүй, уйгагүй хөдөлмөр зарцуулсан энэ ажилд маш идэвхтэй оролцсон Сэлэнгэ аймгийн “Бугант” групп, иргэн Алтанцэцэг, Нэргүй, Эрдэнэчимэг, Гандөш болон “Ноёд” групп, Х.Буяндорж, Т.Ариунаа /МУГЖ/, УИХ-ын гишүүн Б.Батэрдэнэ, “Зууны мэдээ” сонины хамт олонд БОАЖ-ын сайд Л.Гансүх талархал илэрхийлсэн юм. Ёслолын үеэр мөн Тужийн нарсыг ойжуулах ажилд хичээл зүтгэл гаргасан ойжуулагчдад шангал гардуулсан. Гар, сэтгэлээрээ тарьж ургуулсан энэ ойг орон нутаг хамгаалалтад авч, тэр дундаа ойн түймрээс сэргийлж чадвал цаашид Тужийн нарсан таримал ой байгалийн аясаар ургах чадвартай болсныг сайд орон нутгийн удирдлагуудад онцлон хэлсэн. Тужийн нарсны таримал ойг улсыг ойн санд хүлээн авах ёслолд оролцогчид мод тарьж, Бүх нийтээр мод тарих намрын өдрийг эхлүүллээ гэж Байгаль, орчны яамны Мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж