
Улаанбаатар хотод үер болох бүрт усанд автдаг газруудын нэг болох Биокомбинатынхан баргийн борооны аюулаас айхааргүй боллоо. Хоёр жилийн өмнө л гэхэд хүчтэй бороонд хуучирсан үерийн хамгаалалтын байгууламж сэтэрч, олон айл өрх, албан байгууллага усанд автан, эдийн засгийн багагүй хохирол амсаж байсан. Тэгвэл Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2011 оны зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн томоохон хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Биокомбинат дахь үерийн хамгаалалтын байгууламжийн засвар, шинэчлэлийн ажил дуусч, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө. Манай улсад анх удаагаа шинэ технологи нэвтрүүлж, байгалийн чулуу ашиглан барьсан агаад цементэн хавтангаар хийдгээс өртөг зардал хямдаас гадна доогуураа ус орж хөндийрдөггүй, удаан эдэлгээтэй зэрэг олон давуу талтай. АНУ болон Европын өндөр хөгжилтэй орнуудад амжилттай туршигдсан технологи ашиглан барьсан энэхүү даланг “Усны барилга байгууламж” НӨҮГ хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэжээ. Мөн Улаанбаатар хотод Сэлбэ гол болон Баянзүрхийн 13,14 дүгээр хороонд Зүүн уулын үерийн далан барих ажил эхлээд байна.