Далайд асгарсан шатахуун хар мөр үлдээж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Далайд асгарсан шатахуун хар мөр үлдээж байна

Шинэ Зеландын эрэгт хайрдсан нефть тээвэрлэгч хөлгөөс алдагдаж буй шатахуун байгаль орчин, ан амьтанд сүйрэл дагуулж болзошгүй байгааг тус улсын Засгийн газар мэдэгджээ. Шинжээчдийн тооцоолж буйгаар хөлөг дээрх 1,700 тонн шатахуунаас 300 орчим тонн нь далайд асгараад байна. 236 метр урт Рена нефть тээвэрлэгч хөлөг Шинэ Зеландын Тауранга боомт хотын Астролейб эргийн орчим хайрдсан юм. Шатахууныг хөлгөөс зөөх ажиллагаа цаг агаарын тааламжгүй байдлаас болж саатаад байгаа юм байна. Эргийн орчим тунасан шатахууныг онцгой байдлын ажилчид хүрздэн цэвэрлэж байгаа ажээ.

Шинэ Зеландын Байгаль орчны сайд Ник Смит "Далайд ийм их хэмжээний шатахуун асгарсан нь байгаль орчинд учруулж буй хор хохирлын хэмжээгээр түүхэнд хараар бичигдэх болоод байна” гэжээ.  2002 онд Галлын буланд нефть тээвэрлэгч  Престиж хөлөг онгоц осолдсоноос 76,000 тонн шатахуун далайд асгарсан юм. Бага хэмжээний шатахуун далайд асгарсан ч энэ нь далайн ан амьтдад маш хөнөөлтэй гэж шинжээчид үзэж байна. Шинэ Зеландын хамгийн үзэсгэлэнтэй эрэг болох ахмад Жеймс Куукын нэрлэснээр “Bay of Plenty” гэх болсон энэ далайн энэ хэсэг цахлай, далайн гахай, халим, цэнхэр оцон шувууны  өлгий ажээ. Шинэ Зеландад рагбигийн Дэлхийн цомын тэмцээн болоход ойртож буй энэ үед шатахуун асгарсан далайн эргийг цэвэрлэх ажилд бүх нийтээр оролцож байгаа гэнэ. Шатахуун асгарсан хөлөг Грекийн далайн тээврийн компанийн өмч юм байна. Компани хөлөг яагаад хайрдсан талаар одоо болтол ямар нэгэн тайлбар хийгээгүй боловч хор хохирлыг арилгахын тулд орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байгаа гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж