Газрын тухай төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Газрын тухай төслийг хэлэлцэж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар одоо Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Эл төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх үед тус байнгын хорооны гишүүдээс “Төслийг иргэдээр хэлэлцүүлж байж, УИХ-д оруулж ирэх шаардлагатай” гэж үзсэн тул өнгөрсөн хугацаанд 21 аймгийн хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж 1500 гаруй иргэдийн санал бодлыг авсан байна.  Мөн энэхүү  Газрын багц хуулийн төслийн хүрээнд 18 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж буй тул маш том төсөлд хамаарч байна.

Газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад зааснаар өрхийн хэрэгцээний зориулалтаар болон нийтийн эзэмшлийн орон сууц барихаас бусад зориулалтын газрыг дуудлага худалдаанд оруулж байхаар заажээ. Мөн Засаг дарга газрыг мэдэж эрх олгохоор зааж өгсөн аж. Энэ нь давхар давхар газар эзэмших эрх олгохоос аль болох зайлсхийсэн арга хэрэгслийн нэг болно гэж үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баделхан “Газрыг дуудлага худалдаанд оруулна гэдэг нь мөнгөтэй хөрөнгөтэй нь газартай болоод хөрөнгө чадалгүй нь газаргүй сууж бай гэсэн үг болох юм биш үү. Ямар агуулгаар ийм заалт оруулсны нарийн учрыг тайлбарлаж өгөөч” гэв. Албаны хүний хэлснээр бол өрхийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд 0.7 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлж байгаа. Тийм учраас аж ахуйн зориулалт болон бусад зориулалтаар газар ашиглах тохиолдолд дуудлага худалдаанд оруулж байхаар тусгасан болохыг тодотголоо.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж