Цагаан таягтны өдрийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Цагаан таягтны өдрийг тэмдэглэлээ

Дархан-Уул аймгийн хараагүйчүүдийн үндэсний нийгэмлэгийн салбар зөвлөлөөс өчигдөр ахмадуудыгаа хүлээн авлаа. Жил бүр цагаан таягтны өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй болон бүрэн хараагүй ахмадуудыгаа хүлээн авдаг уламжлалын дагуу энэ жил 50 гаруй ахмадуудаа хүлээн авч, гарын бэлэг гаруулжээ. Энэ жилийн хувьд тэд хараагүйчүүдийн нийгэмлэгийн бүртгэлээ шинэчилсэн, спортын тэмцээнд аймгаа төлөөлөн өндөр амжилт үзүүлсэн, цагаан сарын өмнөхөн Мобикомын Дархан салбарынхантай хамтарч ахмадууддаа тавгийн идээ гардуулсан гээд олон ажил хийснээ энэ өдөр дүгнэсан юм. Ахмадын баярын үйл ажиллагааны үеэр ч амжилт гаргасан, зарим нэг ахмадуудаа Дархан-Уул аймгийн МАН-ын хороо болон Ахмадын хорооны нэрэмжит шагналаар урамшуулсан юм.

Дарханд өнөөдөр 400 гаруй сул хараатай болон харааны бэрхшээлтэй иргэд байдаг. Тэднийгээ нэгтгэж, сайн дураараа ашгийн бус үйл ажиллагааг хараагүйчүүдийн салбар зөвлөлийнхөн хийдэг. Өөрсдөө ямар нэгэн хуримтлал санхүүжилт байхгүй учраас төрийн болон төрийн бус олон байгууллагын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн юм. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг барилгын материалын “Сайхан хараа” компани ивээн тэтгэсэн бол гурил тэжээлийн “Таван нуур” компани нийт ахмадуудад бүтээгдэхүүнийхээ дээжээс гарын бэлэг гардууллаа.

Цагаан таягтны өдөрт зориулсан ахмадуудын өдөрлөгт Дархан сумын ахмадын хорооны дэргэдэх алтан үе чуулгын уран бүтээлчид оролцож, дуу хуураа өргөсөн юм.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж