К.Рональду: Хүмүүс миний тоглолтыг үзэх дуртай

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

К.Рональду: Хүмүүс миний тоглолтыг үзэх дуртай

Португалийн шигшээ багийн ахлагч Криштиан Роналду 2012 оны Европийн хөлбөмбөгийн аварга тэмцээний урьдчилсан шатанд Данитай хийх тоглолтын өмнө хэвлэлийн бага хуралд оролцсоныхоо дараа сэтгүүлчидтэй цөөн хором ярилцжээ. Үүнээс товчлон хүргэж байна.

-Португалийн шигшээ баг есдүгээр сард Киприйг тоглоход таныг бөмбөг эзэмших бүрд “Месси, Месси” гэж хашгирч байсан. Үүнийг хэрхэн хүлээн авсан бэ?

-Цэнгэлдэх даяараа намайг дэмжинэ үү, байна уу ердөө хамаагүй. Талбай дээр би хэзээ ч энэ талаар боддоггүй. Тэгээд ч хөлбөмбөгт хайртай бүхэн Криштиан Роналдугийн тоглолтыг үзэх дуртай байдаг.

-Хамгийн сүүлд Португалийн шигшээ баг Исландыг 5:3-ийн харьцаатай хожсон. Тухайн тоглолтод алдаа маш их гаргаж байсан?

-Хүнд, хэцүү тоглолт болсон. Манай хамгаалалт багийн маань аварсан. Харин довтолгоо тийм ч сайн байгаагүй. Дандаа сайн эсвэл муу гэж юу байхав. Гэхдээ манай багийн хамгаалалт сайн байсан гэдгийг бүгд мэднэ.

-Танай “Реал Мадрид” багийн Пепе, Коэнтрау зэрэг тоглогч гэмтлийн улмаас оролцоогүй байсан. Тэдний орон зай дутагдав уу?

-Үнэн. Бидэнд Пепе үнэхээр үгүйлэгдсэн. Пепе хэдий шигшээ багтаа тусалж чадаагүй ч түүнийг орлох Рикарду Карвалью байна. Түүнийг сайн тоглосон гэдгийг энд дурдах хэрэгтэй.

-Одоо Данийн шигшээ багийг заавал хожиж, Европийн аваргад оролцоно шүү дээ?

-Манай баг Данийн шигшээ багийг хожихын төлөө ирсэн. Энэ бол бидний зорилго. Тэнцээ хэрэггүй болохоор хожихын төлөө л тоглоно. Сайхан тоглолт болж, бид ялна гэдэгт ч итгэлтэй байна.

-Португалийн шигшээ Исландын хаалганд таван гоол оруулж, хожиход та төдийлөн сайн тоглохгүй байгаа харагдсан. Тэр өдөр азгүй байв уу? Эсвэл форм муутай байна уу?

-Миний сайн тоглох бол хамаагүй. Хамгийн чухал нь Португалийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох явдал.

-Таны биеийн байдал санаа зовоход хүргэж байна шүү…

-Намайг бэртэл гэмтлийн асуудалтай байгааг “Реал Мадрид” багийнхан маань мэднэ. Бэлтгэл дээр надад анхаарч ажиллан, бэлтгэлээс чөлөөлөх нь бий. Гэхдээ би үүнд дургүй. Ямар ч  үед эргэлзээгүйгээр 100 хувь бэлтгэлтэй байхыг хүсдэг.  

М.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж