Ажлын байрны өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Ажлын байрны өдөрлөг болно

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Авто тээврийн газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажлын байр, амьдралын баталгаа” сэдэвт хөдөлмөрийн өдөрлөгийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн боловсролын сургалтын газар, хөдөлмөрийн төв бирж, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтаны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо гэсэн байгууллагууд хамтраад аравдугаар сарын 13-14-нд 10.00-17.00 цагийн хооронд МҮЭСТО-нд “Ажлын байр, амьдралын баталгаа” сэдэвт хөдөлмөрийн өдөрлөгийг хийх гэж байна.

Сүүлийн үед авто тээврийн салбарт ажлын байрны захиалга их байгаа учир энэхүү өдөрлөгийн хийхээр болжээ. Тус ажлын хүрээнд ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг эдгээр байгууллагуудтай хамтран сул ажлын байранд жуучлах ажлыг эхний ээлжинд төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар эл өдөрлөгийг зохион байгуулагчдад ирсэн судалгаагаар уул уурхайн салбарт 2000 гаруй С, Е ангиллын хүнд даацын машины жолооч хэрэгтэй байгаа бол 40-өөд тооны том оврын автобусны жолоочийн орон тоо байгаа гэнэ. Мөн 200-300 орчим таксины жолооч болон 200-300 инженер, техникийн ажилтан хэрэгтэй байна гэсэн захиалга иржээ.  Эдгээр ажлын байрууд хөдөлмөрийн биржээр зарлагдаад явж байгаа ч иргэд тэр бүр хамрагдахгүй байгаа тул энэхүү хөдөлмөрийн өдөрлөгийн зохион байгуулж байгаа гэнэ. Сонирхуулахад эдгээр уул уурхайн салбарт С, Е ангиллын жолооч нарын цалин хуучин дунджаар сая орчим төгрөг байсан бол одоо доод тал нь сая төгрөг бөгөөд үүнээс дээш гурван сая төгрөг хүртэлх цалин авах боломжтой болжээ.

Мөн энэхүү өдөрлөгийн хүрээнд иргэдийг ажлын байранд зуучилахаас гадна, эрх зүйн зөвлөгөө өгөх, авто тээврийн салбарт нэгдсэн жишиг, тарифийг мөрдүүлэх талаар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах гэнэ. Түүнчлэн оролцож байгаа байгууллагуудтай цаашдаа энэхүү үйл ажиллагааг үргэлжүүлэн явуулах талаар хамтын гэрээ байгуулах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж