Зарим хөрөнгө оруулалтын дутууг шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Зарим хөрөнгө оруулалтын дутууг шийднэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар харьяа байгууллагуудын төсөвт тодотгол оруулах тухай хэлэлцлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Дотоод хэргийн дээд сургуулийг бэхжүүлэх шаардлагатай талаар хэлж байлаа. Уг сургуульд дулааны шугам тавих хөрөнгө хэрэгтэй байгаа аж. Мөн ирэх жил ашиглалтад орох хичээлийн байранд гурван тэрбум төгрөг шаардлагатай байгааг дуулгав. Энэ сацуу “Дотоод хэргийн дээд сургуулийн талаар хэрэгтэй хэрэггүй хов жив, захиалгат яриа их гарч байна. Дотоодын цэргийн 7-8 төрлийн боловсон хүчнийг энэ сургуулиар бэлтгэнэ. Тиймээс чухал сургууль” гэж байв.

Байнгын хорооны дарга Д.Одбаяр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн барилгын хөрөнгө оруулалтын дутуу болох 170 сая төгрөгийг Сангийн яам авч үзсэн эсэхийг тодруулахыг хүслээ. Харин гишүүн Ц.Нямдорж “Сангийн яам үүнийг сайн мэдэхгүй байх” гээд “Хүрээлэнгийн барилгын ажлын зураг, төсөлд тусгаагүй 100 гаруй сая төгрөгийн зөрүү гарсан. Барьсан компани нь хохиролтой үлдсэн. Сангийн яаманд танилцуулахаар “Зураг төсөвт тусгаагүй нэмэлт зардал гаргасан байна” гэдэг. Сангийн яам дахин хянаж үзээд зохицуулалт хийх хэрэгтэй байгаа юм. Эвээр шийдэх, шүүхдэх гэсэн хоёр арга зам байна. Аль болох эвээр шийдмээр байна” гэсэн тайлбар хэллээ.

Харин Сангийн сайд С.Баярцогт “2010 оны төсөв дууссан. Төсвийн хуулиар зохицуулах аргагүй. 2010 оны төсөвт тодотгол хийж болох байсан. Шүүхэд хандаж зохицуулах нь зөв” гэснээр энэ тухай яриа дуусав.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж