Хужиртын нислэгийг сэргээжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Хужиртын нислэгийг сэргээжээ

Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Тэнгэрийн улаач” компанийн 12 хүний суудалтай, L410 онгоц газарджээ. Туршилтын буюу техникийн хэмээн нэрлэдэг эл нислэгээр онгоцны багийнхнаас гадна ИНЕГ-ын Нислэгийн стандартын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх, “Тэнгэрийн улаач” компанийн гүйцэтгэх захирал У.Галбадрах тэргүүтэй есөн зорчигч зорчсон агаад сумын Засаг даргын орлогч Ж.Отгон, Хужирт рашаан сувиллын захирал Ж.Батхуяг нар болон нутгийн иргэд угтсан байна.

Хужирт сум 6800 гаруй хүн амтай, гурван рашаан сувилал, таван жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм. Сүүлийн жилүүдэд тус сумыг зорих жуулчид, амрагчдын тоо эрс нэмэгджээ. Зөвхөн 2010 онд л гэхэд гурван рашаан сувилалд 12 мянга гаруй хүн амарсан бол жуулчны баазуудад 300 гаруй жуулчин ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор амрагчид, Хужирт сумын иргэд тойргоос нь сонгогдсон УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хандаж арав гаруй жил завсарласан нислэгийг сэргээж өгөх хүсэлтийг удаа дараа тавьж байж. Энэ дагуу УИХ-ын дэд дарга Г.Батхүү  ИНЕГ-т хандаж,  авиа компаниуд судалгаа хийж эхэлжээ. “Тэнгэрийн улаач” компанийн тухайд Чехэд үйлдвэрлэсэн L410 болон жижиг онгоцуудаар тогтмол  эсвэл захиалгат нислэг үйлдэх бололцоотой аж.

 “Тэнгэрийн улаач” компанийн туршилтын нислэг Хужиртаас цааш үргэлжилж, Арвайхээр хотод газардсан байна. Харин энэ үеэр Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмч Д.Тогтохдулам хүнд өвчтөн хот руу авч явах гэж байсантай таарч онгоцоор авчирчээ. Өвөрхангай аймгаас долоо хоногт нэг удаа хот руу хүнд өвчтөн авч явах шаардлага тулгардаг байна. Тиймээс тогтмол нислэг үйлддэг болчихвол үнэхээр чухал хэрэгтэй арга хэмжээ болно хэмээн эмч ярьсан юм. Ийнхүү Өвөрхангай аймгийн Хужирт сумын нислэгийг сэргээх туршилтын нислэг амжилттай болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж