Путин Хятадаас “зүүгдэхээр” очив

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Путин Хятадаас “зүүгдэхээр” очив

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өчигдөр БНХАУ-д албан ёсны айлч­лалаар хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалын гол зорилго нь хоёр орны Засгийн газрын хэм­жээнд орчин үеийн техник технологийн салбарт өргөн хү­рээтэй хамтран ажиллах гэрээ батлахад оршиж буй юм.  Хамтын ажиллагааны гэрээний дагуу Оросын тал цөмийн эрчим хүч, сансар судлал, ни­сэх онгоцны үйлдвэрлэлийн салбарын туршлагаа хуваалцаж, Бээжин хариуд нь хурдны төмөр зам, сэргээгдэх эрчим хүчний технологио хуваалцах учиртай аж.

Хамтран ажиллах гэрээ бүтнэ гэдэгт ажиглагчид төдийлөн итгэхгүй байв. Учир нь Хятадын гол давуу тал нь ажлын хямд хүч бөгөөд үүний ачаар дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх зэрэгт хүрсэн. Харин Оросын хувьд технологио аж үйлдвэрт нэвтрүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа нь мэргэжилтнүүдийн зүгээс шүүмжлэл хүртэж байв. Зарим ажиглагчид Путиний айлчлалыг санхүүгийн хямралаас улс орноо хамгаалахын тулд хийж буй алхам мэтээр тайлбарлав. Энэ удаагийн хямралд ОХУ илүүтэй өртөх тул Хятадыг эртнээс түших нь аминд өлзийтэй хэмээн үзсэн байна.

Путинийг дагалдаж, үндэс­ний тэргүүлэх компаниуд болох “Газпром”, “Роснефть”, “Русал”-ийн удирдлагууд очжээ. Тэдний гол зорилго нь мөн уул уурхай, эрчим хүчний салбарт Хятадын түншүүдтэй нягт харилцаа тогтоож, хамтран ажиллах сувгаа өргөжүүлэхэд оршиж буй юм.

Хятадын зүгээс Владимир Путинийг төрийн тэргүүн мэт хүлээн авч, ёслол хүндэтгэл үзүүлэв. Түүнийг Хятадын удирдагч Ху Жиньтао болон Ерөнхий сайд Вэнь Жябао нар хүлээн авч уулзсан байна.

Ж.Цэрэн

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж