С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаярт амжилт хүсье

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаярт амжилт хүсье

Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хамуг Монголын хөдөлмөрийн нам саяхан байгуулагдаж, та намын дарга болсон. Шинээр нам байгуулахад улс төрийн орон зай байгаа юм уу?

-Мэдээж, улс төрийн намыг сэтгэлийн хөдөлгөөнөөр байгуулахгүй шүү дээ. Тодорхой орон  зай харагдсан. Тэр орон зайд үйл ажиллагаагаа явуулж туршсан. Хамуг Монгол хөдөлгөөн өнгөрсөн хавар, зуны турш  Сүхбаатарын талбайд тунхаг зарлах зэргээр ажилласан. Улс төрийн нам болох  гэрийн даалгавраа сайн хийсэн гэж хэлж болно. Түүнээс биш гэнэт 801 хүн нийлээд нам байгуулчихаагүй. Бид нэг УИХ-ын гишүүнтэй.

-Н.Энхбаяр даргатайгаа муудал­цаж, МАХН-аас гарсандаа шаралх­сан Ц.Шинэбаяр гишүүн та хоёр энэ намыг байгуулсан гэдэг?

-Тэр намтай зууралдаад байх шаардлага байгаагүй л дээ. Одоо бидэнд туршлага байна уу, байна. Бас орон зай байна гээд намаа байгуулсан. Ямар нэг газар таалагдахгүй бол заавал тэнд байгаад байх албагүй шүү дээ. МАХН-аас гарснаар миний амьдрал бага ч гэсэн өөрчлөгдсөн. Нэг хэсэг ном бичээд л, хийдэг ажлаа хийгээд л. Ер нь улс төрийг заавал Н.Энхбаяр гэлтгүй би өөрөө ч хийнэ шүү дээ. Ийм байхад заавал тийм байдалд баригдаж улс төр хийнэ гэдэг таалагдахгүй байсан.

-МАХН-аас яг яагаад гарсан юм бэ?

-Ерөнхийдөө байдлыг ажиглахад улс төрд маш хурдан хурдан маневр хийх ёстой байсан. Би МАХН-ыг Монголын улс төрд цоо шинэ хүчин болоод гарч ирэх ёстой гэж бодсон ч сүүлдээ итгэл алдарсан. Хуучин зүйлийг шинэчлэх гэдэг маш их хөдөлмөр шаарддаг юм байна гэдгийг ойлгож авсан. МАХН шинэчлэгдэх цаг хугацаа нь болоогүй байж гэж бодсон. МАХН цаг хугацааны хувьд өөрийгөө шинэчилж, Монголын улс төрийн намын газрын зурагт шинээр зуруулж гарч ирэх үйл явцыг дотроосоо хийх ёстой байсан юм. Гаднаас шинэ хүн орж шинэчлэх үйл ажиллагаа бол тэнд явагдахгүй.

-Та МАХН-ыг сэргээх бүх үйл явцад Н.Энхбаяртай хамт байсан шүү дээ?

-Ер нь хүн ямарваа нэг мэргэжлийг сонгоод суралцаж явахад тэр нь таалагдахгүй ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар орхидог тохиолдол бий. Би МАХН-ыг шинэчлээд, улс төрийн шинэ хүчин болгоно гэсэн чин эрмэлзэлтэй ажиллаж байсан. Маш эрчтэй ажиллаж байсан. Гэтэл хуучин үйл ажиллагаа нь гарч ирсэн. Энэ миний хүсч байсан зүйл биш байсан учраас би тэр намаас гарсан.

-МАХН одоо танай намын өрсөл­дөгч. Өөрөөр хэлбэл, Ц.Шинэ­баяр гишүүн та хоёр Н.Энхбаяртай өрсөл­дөгч боллоо. Цаашид гуравдагч хүчний төлөө өрсөлдөнө гэсэн ойлголт олон нийтийн дунд байгаа?

-(Инээв) Н.Энхбаярт амжилт хүсье.

-Улс төрийн гуравдагч хүчин болохоор зүтгэж байгаа байх. Тийм боломж байна уу?

-Цаг хугацаа л харуулна. Би одоо тийм зүйл яриад яах вэ. Улс төрийн ажлаа хийнэ. Одоогоор ямар нэгэн шийдэл гаргаад байх нь сонин биш. Улс төрийг хэрхэн төсөөлж байна, тэр төсөөллөөрөө л ажлаа хийнэ.

-Гуравдагч хүчин болох нь жижиг намуудын зорилго. Ингэхийн тулд танай нам ИЗН, БНН зэргээс ялгарах давуу тал, онцлогтой байх хэрэгтэй байх?

-Би дээр хэлсэн. Юуны өмнө намын­хаа нэрийг авна. Дараа нь намын үйл ажиллагаандаа улс төрийн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийг тусгана.

-Парламентад байгаа болон гадна байгаа жижиг намууд эвсээд эхэллээ?

-Одоогоор манай намын хувьд аль нэг намтай эвсэх бодол алга. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр. Ямар ч байсан намаа байгуулчихъя. Үнэхээр нам болжээ гэдгийг өөрсдөө мэдэрье. Надад нам маань мэдрэгдэх ёстой. Гол нь дотоод зохион байгуулалт. Түүн дээрээ л маш сайн ажиллаж байна. Энэ л сайн байх юм бол гадагшааа үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Дотоод зохион байгуулалт муу бол ажил урагшаа явахгүй шүү дээ.

-Дээд шүүхэд танай намыг бүртгэх эсэх талаар ямар нэгэн эргэлзээ байна уу?

-Ямар категориор намын нэрийг өгдгийг бид мэдэхгүй. Манай нам маш их туршлагатай. УИХ-д суудалтай нам гарч ирж байгаа учир Дээд шүүх татгалзах шалтгаан байхгүй байх. Манай улс төрийн үзэлийг түвшин доогууртай байна гэх ямар ч боломж байхгүй. Бүх хөтөлбөрүүдээ онолын түвшинд хийсэн. Нэг талаас практик, нөгөө талаас онолын гэсэн хоёр том баганатай учраас бүдрэхгүй байх гэж бодоод байна шүү дээ.

-Та яагаад улс төрд орох болов оо?

-Хувь хүнийхээ хувьд олон л эрсдэл дагуулж улс төрд орж ирсэн. Философич гэдэг сайхан мэргэжлээ хойш тавиад, ингээд л орж ирлээ. Ингэснээр ёс суртахууны болон оюуны зогсонги байдалд орж байгаа юм л даа. Цаг үнэтэй амьдралаас цаг үнэгүй болох амьдрал руу орж байна. Намайг улс төр рүү орооч, удирдах авъяас чадвараа ашиглан энэ олон хүнийг удирдаач хэмээн зоригжуулсан хүн олон хүн байсан. Тэднээс эрч хүч урам зориг авч байна.

-Анх яагаад МАХН руу орсон юм бэ?

-Бүх онол философиос гаралтай. Улс төрийн онол ч гэсэн. Монголд тийм олон философич байдаггүй учраас би маш олон фронт дээр ажиллаж байна. Философийн фронтод ч, улс төрийн фронт дээр ч ажиллаад явж байна.

-Шинэ нам байгуулаад мэдээж хэцүү байгаа. Санхүүгийн асуудлаас эхлээд хэцүү зүйл тохиолдоно.Үүний оронд МАН ч юм уу, АН руу орсон нь дээр байсан юм биш үү. Эцсийн зорилго чинь төрд дуу хоолойгоо хүргэх юм чинь. Энэ том намуудаас УИХ-д сонгогдож болно шүү дээ?

-Болох л байсан байх.Даанч тэднээс урилга ирсэнгүй л дээ. Н.Энхбаярын МАХН-тай бол тухайн үед хамтраад л улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Миний хувьд одоо ямар нэгэн намын хаалгыг татаад явдаг нас өнгөрсөн шүү дээ.

-Та өмнө нь аль нэгэн намд харъяалагдаж байсан уу?

-Би Германд мэргэжил эзэмшсэн. Тэр үед хамт суралцаж байсан найзууд маань Ногоон нам байгуулаад, тэнд нь зөвлөхөөр ажиллаж байсан. Улс төрийн нам ийм байх ёстой гэсэн философийн зүгээс үнэлэлт дүгнэлтүүдийг өгч байсан.

-Нам дагасан хүмүүс тухайн намынхаа хайрцганд орчихдог гэж та шүүмжилж байна.Та ч бас намынхаа хайрцганд орчих байх даа. Яг шүүмжлээд байгаа одоогийн улстөрчид шигээ?

-Би багтай болчихлоо. Олон хүмүүсийн итгэл даагаад сонгогд­чихлоо. Улс төрчийн үүрэг хариуцлагын дагуу ажиллана. Би ер нь урагшаа харж ажиллаж амьдардаг. Хойшоо харах дургүй.

-Таны ярьж байгаагаар мэдлэг боловсролтой хүмүүсээр намаа бүрдүүлэх зорилготой гэж байна. Гэтэл танай намын анхны Их хурлын гишүүдийн ихэнх нь захын наймаачид байсан гэсэн?

-Бид хүнийг голж болохгүй. Наймаачин бол иргэн хүн. Наймаа хийгээд өөрөө өөрийгөө аваад явж байгаа. Төрд дараа болохгүй байгаа тийм авъяас чадвартай хүмүүсийг бид гишүүнээр элсүүлж, намдаа авах ёстой. Монголын ард түмний л нам учраас янз бүрийн давхаргын хүмүүс байгаа. Олны танил хүмүүс ч байгаа. Хоёр жилийн өмнө намайг хэн ч таньдаггүй байсан шүү дээ. Одоо бол намайг таньдаг болсон.Үүнтэй адил манай намынхан удахгүй ажлаараа, улс төрөөрөө олонд танигдах болно.

-Танай нам хэдэн жилийн дараа жинхэнэ улс төрийн хүчин болж төлөвших бол. Төсөөлөл байна уу?

-Одоогоор ингэнэ тэгнэ гэсэн төсөөлөл алга. Миний бодлоор 2012 оны сонгуулиар улс төрийн намуудад ихээхэн шинэчлэл хийгдэнэ гэж бодож байна. Сүүлийн нэг жилд Монголын улс төрд маш том газар хөдлөлт явагдаж байна шүү дээ. Цоо шинэ болж байна. Намуудын задрал явагдаж байна. Удахгүй АН задарна. Үүнийг хүлээж аль нэг фракцад нь багтах гэсэн жижиг намууд байна гэсэн. ИЗН ч бас. Ерөөсөө олон жил наанаа болж байгаа юм шиг, цаагуураа хуйвалдаан, бохир заваан бүгдээ нуусаар байгаад буглуулчихсан байдал одоо тэсэрч эхэлж байгаа юм.Би өөрийгөө боддог юм, хүмүүс ч хэлдэг. Дээр хэлсэн улс төрийн газар хөдлөлт гэдэг зүйлийг эхлүүлэхэд би гар бие оролцсон.

-Мэдээж, танай нам 2012 оны сонгуульд оролцоно. Тийм учраас сонгуулийн аль тогтолцоог дэмжиж байна вэ?

-Аль аль нь бидэнд ашигтай. Яагаад гэвэл, тэр хууль батлагдахад эрх барьж буй намуудын нэгэнд нь ашигтай, нөгөөд нь ашиггүй гарна. Тийм учраас бидэнд ашигтай. Аль тогтолцоо нь гарна,түүн дээр нь улс төрийн маневрыг маш хурдан хийх хэрэгтэй.

-Нууц биш бол намын санхүү­жилтээ яаж болгож байна вэ?

-Хэт их том толгойтой, данхайсан бүтэцтэй намууд чинь цалингаасаа болж санхүүгийн маргаанд хүрдэг. Дэмий юман дээр маш их зардал гаргадаг. Бидэнд ийм зардал байхгүй учраас санхүүгийн асуудал харьцангуй хөнгөхөн тусна. Зөвхөн улс төрийн үйл ажиллагаанд зарцуулах мөнгө хэрэгтэй болдог.

-Гэхдээ л энэ чинь нам шүү дээ?

-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд өөрөө л болгож байна. Хүнээс илүү гарах овойж оцойсон их хөрөнгө байхгүй ч одоохондоо намын үйл ажиллагааны зардлаа болгоод л байна. Сонгууль болохоор мөнгө хөрөнгө хэрэг болно л доо.

-Та их намуухан болчихож. Өмнө нь Н.Энхбаяраас эхлээд хүмүүс, нийгмийг хатуухан үгээр, зарим зүйлийг шулуухан ил хэлчихдэг байсан?

-Өмнө нь би философичийн үгээр ярьдаг байсан. Харин одоо бол би олон хүнийг удирдаж, бүхэл бүтэн нам төлөөлж ярьж байна. Үгээ бодож ярих хэрэгтэй байх.

Б.ТӨМӨРТОГОО

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж