Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Дуулиан таригч

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Энэ эрхэм бол парламент дахь брэнд улстөрч. Бас түүнийг улс төрийн хүрээнийхэн “Хатуу самар” гэлцэх нь ч бий. Уг нь Ц.Нямдорж сайд багадаа трак­торын жолооч болохыг хүсдэг байжээ. Бүр хуульч гэж мэргэжил байдгийг ч мэддэггүй байсан гэ­нэ. Цэндийн хүү хэрэв тракторч болсон бол Ар­дын намынхны хэмээн өмчилдөг “Атрын III” аянд хамгийн идэвхтэй оролцох байсан ч юм уу, хэн мэдлээ.  Тэрбээр “Би багын л хэрсүү, бие даасан хүүхэд байсан” гэж нэгэнтээ хуучилсан байдаг. Тэгвэл хүүхэд насны энэ зан нь түүнийг улс төр дэх нэр, нөлөөтэй хэрсүү эрхмүүдийн нэг болгоход нөлөөлсөн биз. Ц.Нямдорж сайд сүүлийн үед “Зэвсэгт хүчний салбарыг өөрийн мэдэлд авахыг санаархаж байна”  гэж шүүмжлүүлэх болов. Засгийн газар энэ оны наймдугаар сард Тагнуулын үндэсний академи, Хи­лийн цэр­гийн дээд сургууль, Цаг­даагийн ака­демийг татан буулгаж оронд нь Дотоод хэргийн их сургууль бай­­гуулах тухай шийдвэрийг гаргасан. Тиймээс “Ц.Нямдорж сайдын за­хиалгаар ийм шийдвэр гаргасан” гэх хүн олон байгаа. Энэ шийдвэр олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан ч одоо болтол хүчинтэй хэвээр. Харин өнгөрсөн баасан гаригт Ц.Нямдорж сайд Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Хэрвээ түүний саналыг УИХ дэмжвэл олныг хамарсан эмх замбараагүй байдал гарсан тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгч онц байдал тогтоох тухай зарлиг гаргах шаардлагагүй болох нь. Гол тоглогчоор эрхэм сайд тодрох учраас тэр. Ямартай ч түүний санаачилсан хуулийн төсөл зарим гишүүний санаанд нийцээгүй бөгөөд “Ц.Нямдорж сайдын асууд­лыг хэлэлцье л дээ” гэж хүртэл хэлж байна. Ямартай ч Н.Энхбаярт улс төрийн тэтгэвэрт гарахыг зөвлөсөн сайд салбарынхаа талаарх сенсацитай мэдээллийг ойрмогхоноос өгөх биз. Учир нь түүний хэлсэн үг бүр дуулиан тарьж байдаг.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж