
Уулзалтын дараа Батлан хамгаалахын сайд Л.Болд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Элчин сайд Клаудио Бизигнеро, Бельгийн Батлан хамгаалахын сайд Питер Де Крем, Болгарын Батлан хамгаалахын сайд Аню Ангелов, АНУ-ын Афганистан дахь цэргийн хүчний болон олон улсын цэргийн хүчний командлагч, генерал Жон Аллен нартай уулзахдаа хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, Афганистаны цэргийн ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо, хэтийн төлвийн талаар ярилцаж санал солилцов. Мөн өдрийн үдээс хойш сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагааны “Хойд” хариуцлагын бүсэд цэрэг илгээсэн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралд оролцов. Хуралд уг бүсэд цэргээ илгээсэн 18 орны Батлан хамгаалахын сайд нараас гадна АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта, Афганистаны Батлан хамгаалахын сайд Рахим Вардак, Олон улсын цэргийн хүчний командлагч генерал Жон Аллен оролцсон ба хурлыг ХБНГУ-ын Батлан хамгааалахын сайд Томас Де Майзиэр даргалав.
Энэ хуралд сайд Л.Болд илтгэл тавьж, хэлсэн үгэндээ Германы тэргүүлж буй тус бүсийн цагийн байдал, олон улсын хамтын нийгэмлэгээс гаргаж буй хүчин чармайлт, хөгжил дэвшил, ололт амжилтыг цохон тэмдэглэж, манай улсын Зэвсэгт хүчний оролцоо, ирээдүйн төлвийн талаарх өөрийн байр сууриа илэрхийллээ.