Тагнуулчдын байрыг 900 сая төгрөгөөр худалджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Тагнуулчдын байрыг 900 сая төгрөгөөр худалджээ

Нууц үйл ажиллагаа явуулдаг тагнуулчдын байр  бол онцгой объектуудын нэг байдаг. Аливаа улсын нууцыг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангаж байдаг хүмүүс нь тагнуулчид учраас тэр. Тиймээс ч тэд нууц орчинд ажлаа “нам гүмхэн” хийдэг хүмүүс. Харин хүн бүрийн мэддэг Тагнуулын ерөнхий газрын байр нь  албан ёсны ажлын байр аж. Тэгвэл жинхэнэ үйл ажиллагаагаа явуулдаг байрыг нь хүмүүс мэдэх ёсгүй байдаг аж. Гэтэл манай тагнуулчдын үйл ажиллагаагаа голлон явуулдаг байр Монгол Улсын Боловсролын их сургууль  /МУБИС/-ийн зүүн хойно байрладаг байс­ныг хүн бүхэн мэддэг болжээ.Тиймээс Засгийн газраас уг барилгыг худалдан тагнуулчдыг хэн ч мэдэхгүй шинэ байртай болгох нууц тогтоол гаргасан байна.Тэрхүү таван давхар саарал байшинд манай тагнуулчид үйл ажиллагаагаа явуулсаар нэлээд удсан аж. Кинон дээрээс л хардаг байцаалт, нууц ажиллагаануудыг энд хийдэг байсан гэх. Гэвч эл онцгой объектын эргэн тойронд өндөр барилгууд барьснаас болж нууц байдлаа хадгалж чадахгүй болсон аж. Уг барилгын баруун талд МУБИС-ийн хичээлийн шинэ байрыг барьж байгаа бөгөөд зүүн талд нь 12 давхар орон сууцны барилга барьжээ. Үүнээс гадна олон жил болж ажлын байрны стандарт хангахгүй болсон, олон хүний нүдэнд өртсөн учир тагнуулчдыг илчлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас сэрэмжилж  уг барилгыг өнгөрсөн наймдугаар сард дуудлага худал­даагаар оруулж худалдсан байна. Барилгыг газартай нь 900 орчим сая төгрөгөөр худалдсан аж. Худалдаанаас олсон орлогыг Тагнуулын ерөнхий газрынхан шинэ нууц байраа барихад зарцуулж байгаа бөгөөд уг барилгынх нь ажил ид дундаа орсон гэнэ. 

Энэ талаар Төрийн өмчийн хорооны Хангамж, үйлчилгээний хэлтсийн ажилтнаас тодруулахад “Тухайн үед Засгийн газрын нууц тогтоолоор уг барилгыг худалдах шийдвэр гарсан ч нийтийн дуудлага худалдаа зарласан. Дуудлага худал­даа ном журмын дагуу болж, уг объектийг 900 орчим сая төгрөгөөр худалдсан. Тагнуулын ерөнхий газ­рынхан өөрсдийн байрыг худалдахаар дуудлага худалдаа явуулах үеэр ялагчийг нэлээд сайн нягталсан. Тухайн үед н.Гансүх гэсэн иргэн уг объектыг худалдаж авсан” хэмээсэн юм.  Харин эх сурвалжийн мэдээлснээр, тагнуулчдын нууц үйл ажиллагаагаа явуулдаг байсан уг барилгыг “Бишрэлт холдинг” ХХК худалдаж авсан гэх мэдээлэл байна.  Гаднаас нь харахад нурж унах гэж байгаа гэмээр энэ байшинд одоогоор ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй аж. Уг барилга нь улсын онцгой объект байсан учир хашаанд машин орж, гарч байгаа нь хүмүүст харагдахааргүй тунель бүхий орц, гарцтай аж. Орчноос тусгаарласан бетонон хашааных нь ирмэгийг тойруулж хатгасан өргөст тор, манаачийн шовгор, барилгын халцарсан нүүр зэргийг харахад яг л шорон гэлтэй энэ барилга эзнээ хүлээн дүнсийх мэт харагдаж байлаа. Харин манаач нь бололтой хоёр залуу хашаан дотуур нь холхиж байв. Тэднээс хэний эзэмшил болохыг нь лавлатал “Капитал” банкны барилга. Долоо хоног бүр “Капитал” банкны хүмүүс ирж шалгаад явдаг юм” хэмээлээ. “Капитал” банкны 99 хувийг “Бишрэлт холдинг” компани эзэмшдэг учир “Бишрэлт холдинг” компанийн захирал А.Ариунболдоос уг мэдээллийн талаар тодруулах гэсэн боловч “Энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн юм. Ямартай ч тагнуулынхан нууц объектоо 900 сая төгрөгөөр худалдсан бөгөөд энэхүү мөнгөө шинэ байрныхаа барилгын зардалд зарцуулж байгаа аж. Харин хуучин барилгыг хэзээ ашиглаж эхлэх нь тодорхойгүй хэвээр байна. 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж