Засаг даргын бодлого үүргээ биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Засаг даргын бодлого үүргээ биелүүлжээ

Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монгол хүн-2020” хэлэл­цүүлэг аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод боллоо. Хэлэлцүүлэгт  Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ц.Сэд­ван­чиг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Золжаргал, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан нар оролцсон юм. Засаг даргын сон­гуу­лиар ардчилал ялсан дөрвөн аймгийн нэг нь Зав­хан. Засаг дарга нь УИХ-ын гишүүн асан Я.Санж­мятав. Хоёр өдрийн турш зохиогдсон хэлэлцүүлэг бол­гоны бараг тал хувийг эзэлсэн яриа нь Зав­ханы эрчимтэй хөгжил, Засаг даргын санаач­лага­тай ажлын талаарх яриа байсан юм.

УИХ-д ардчилсан төлөөлөлгүй ч ардчилсан Засаг дарга ажил хийж болдог юм бай­на. Удаа дараа ялсан улаан хувьсгалчид Зав­ха­ныг 2008 он хүртэл таг харанхуй удирд­саныг ард­чилал гарч ирж гэрэл гэгээтэй залгуу­лав. Засаг даргын гурван тулгуурт бодлого хүүхэд багачуу­дыг тэмүүлэлтэй болгож байна” гэхчилэн ярих зүйл Завханчуудад их байлаа.  Ийм долгинуур хүмүүс үү, угаасаа Засаг ноён нь тийм ажилсаг хүн үү гээд хийж бү­тээ­сэн ажлыг нь сонирхоход Я.Санжмятав даргын мөрийн хөтөлбөртөө оруулсан гурван тулгуур бодлогоос нь харж болно. Тулгуур бодлогын нэг нь өнгөрсөн зун Улаан­баатарчуудад гайхуул­сан 999 морин хуурч нь. Хоёрдахь нь “Гэрийн багш-гарын шавь” хөтөл­бөрийн 999 шатарч хүү­хэд бэлдэх ажил юм. “Гэрийн багш-гарын шавь” гэсэн учир нь шатарч­дын голлох багш нь өвөө, эмээ нар нь байх аж. “Монгол хүн-2020”-ийн үеэр 999 шатарчин хүүх­дүүдийн шатрын тэмцээн болж нүд хужирлаж, сэтгэл баясгасан юм. Гуравдахь нь “Эрин зууны хөтөч” буюу хүүх­дүү­дээ компьютерийн мэд­лэгтэй болгох ажил. Тог цахилгаангүйн улмаас Завханы хүүхдүүд компьютерт нойл. Тэднийг компьютерын мэдлэгтэй  болгохын тулд хоёр гудамжны дунд нэг компьютер та­раажээ. Тэр компьютерээ сайн мэддэг  нэг хүүх­дэд хариуцуулж бусдадаа заах үүрэг өгсөн байна. Тухайн хүүхэд үүргээ хэр сайн биелүүлж бай­гаагаас өнөө компьютерийг нь бүр өгөх эсэхийг шийддэг системээр энэ хөтөлбөр хэрэгждэг ажээ.

Өдрийн биш шөнийн Улиастай хот илүү гоё

Жавхлант толгой дээр нь гарч Улиастай хотыг тольдоход үнэхээр хөгжжээ. Гурван жилийн өмнө таг харанхуй байсан аймгийн төвд үдшээр явахад бүдчинэ гэж айлтгүй. Аймгийг бүрэлдүүлж байгаа 24 сум ямар нэгэн байдлаар гэрэл цахилгаантай залгасан болохоор хотоос машин дүүрэн цахилгаан бараа ирэхэд хоёр цагийн дотор дуусч байгаа гэсэн. Бас нэгэн амжилт нь нүүрсийг дутуу шатааж нил хар утаа болгодог байсан уурын зуухнуудаа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр дэмжиж Улиастайн утааг 30 хувиар бууруулсан байна.  

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж