Пусаны наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Пусаны наадам эхэллээ

16 дахь удаагийн Пусаны кино наадам 140 сая ам.доллараар боссон цоо шинэхэн “Пусан” нэртэй кино театрт эхэллээ. Орчин үеийн өнгө дизайн бүхий аварга том театр зочдын анхаарлыг аргагүй татаж байна. Энэ удаа 70 орны 300 гаруй кино оролцож байгаагийн 89 нь тус наадмын дэлгэцэнд үзэгчидтэй анхлан уулзах шинэ бүтээлүүд. Азийн орнуудын нэрд төдийлөн гарч амжаагүй залуу уран бүтээлчдийн бүтээлийг сойдог уг наадам жилээс жилд нэр хүнд нь өссөөр өдгөө Азидаа хамгийн томд орох наадам болжээ.


Ирэх баасан гаригт наадмын шилдэг дебют киноны шагнал болох 30 мянган ам.долларыг хоёр кинонд олгох юм. Ширүүн өрсөлдөөн дундаас шалгарсан хоёр кино нь Шри-Ланкийн “Наймдугаар сарын зүсэр бороо”, Индонезийн “Хэзээ ч худлаа ярьдаггүй толь”. Өнөө жилийн наадамд Европ, АНУ-ын уран бүтээлчид ч цөөнгүй оролцож байгаа юм. Тухайлбал Францын найруулагч Лук Бессоны “Хатагтай” киноны нээлт наадмын үеэр болно. Уг кино Мьянмарын ардчиллын загалмайлсан эх Ан Сан Суны тухай өгүүлнэ.


Азийн томоохон хотууд Пусантай өрсөлдөн кино наадмуудыг зохион байгуулж эхлээд байгаа. Тухайлбал Бээжин энэ жил анх удаа олон улсын хэмжээний кино наадам зохион байгуулсан. Харин Хойд Солонгосын нийслэл ирэх оны есдүгээр сард Пхеньяны олон улсын кино наадмыг хийхээ мэдэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж