
Тайландын хааныг хэл амаар доромжилсон хэргээр АНУ-ын иргэн шүүхэд дуудагджээ. Тайландад төрсөн Жой Гордон гэгч өөрийн блогт хааны гэр бүлийнхний намтрыг өгүүлсэн хориотой линкийг байрлуулсан юм байна. Хааны гэр бүлийг доромжлох нь Тайландад хамгийн хүнд ялд тооцогддог гэнэ. Хэрэв шүүх Жой Гордоныг буруутай гэдгийг тогтоовол 15 жил хүртэл шоронд хорих ял оноох юм. Харин АНУ-ын иргэний өмгөлөөлөгч нар түүнд 15 жилээс бага ял оногдуулна гэж найдаж байгаа юм байна. 55 настай Жой Гордон өөрт нь тулгаж буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байснаа батлан даалтад гарахын тулд мэдүүлгээ өөрчилсөн гэнэ. Тэрбээр "Би энэ хэргийн төлөө цаашид тэмцэхгүй. Би та нарын тулгаж буй ялыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. Өнгөрсөн зургадугаар сард Жой Гордон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад захидал илгээж туслахыг хүссэн юм. Гэвч АНУ-ын засаг захиргааны албаны хүмүүс ийм зүйл болсонд харамсч буйгаа илэрхийлжээ. Харин Тайландад суугаа АНУ-ын элчин сайд тус улсын эрх баригчдаас хүний үг хэлэх эрх чөлөөг дээдлэхийг шаарджээ. Тайландын хаан 83 настай Бхумибол Адульядеж хамгийн олон жил хаан ширээнд сууж буй хаант засаглалын төлөөлөгч бөгөөд Тай хүмүүс түүнийг бурханчлан шүтдэг ажээ. Тайландын хаан 2009 оноос хойш эмнэлэгт хэвтэж байгаа юм байна. Хааны гэр бүлийн тухай ярих нь Тайландад хамгийн аюултай сэдэв гэнэ. Хааны гэр бүлийн гишүүдийг доромжилсон хэнийг ч хатуу шийтгэл хүлээдэг байна.
Н.Энх