
Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш гал түймрийн 1600 гаруй дуудлага ирж, аврагчид галын аюулаас 383 хүний амь насыг аварсан бол гал түймэрт эхний есөн сарын байдлаар 34 хүн амь насаа алдаад байгаа юм.
Ахуйн хүрээний гал түймрийн 90 хувь нь зөвхөн иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гардаг. Өөрөөр хэлбэл пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, яндангаас оч алдах, үнс, нурмаа дутуу унтрааж хашаандаа ил задгай хаях, лаагаа унтраалгүй явах , цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны хэт ачаалал үүсгэх, цахилгаан угсралтын аюулгүй ажиллагааг хангаагүйгээс гал түймэр гарч хүний амь эрсэдсээр байна. Иймд НОБГ-аас гэр байшингийн цахилгаан монтаж утсыг мэргэжлийн хүнээр зориулалтын дагуу холбуулах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг орон гэртээ байршуулах, түүнийг ашиглаж чаддаг байх, эвдрэл, гэмтэлтэй пийшин зуухаа яаралтай янзлуулах, яндангийн залгаасыг зөв хийж, гэмтэлгүй яндан ашиглах, гадна янданг гэрийн тотгоноос 70 см-т, пийшин зуухны урд 50х70 см хэмжээтэй төмөр тавих, бага насны хүүхдийг асрах хүнгүй цоожтой орхихгүй байж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.