“АН тоо чухал биш, тохирч болно гэсэн”

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

“АН тоо чухал биш, тохирч болно гэсэн”

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцээд, 48:28 гэсэн хувилбар дээр хатуу зогсохоор болж, гишүүд санал нэгджээ. Нэг ёсны 48:28-иас өөр хувилбар дахин сэдэхгүйгээр энэ хуваарилалт дээр хатуу зогсох болсон юм байна.

Хоёр дахь нь нэг мандат, нэг тойрог гэсэн зарчмыг барих. Гурав дахь нь, Ардчилсан намын бүлгээс санал болгосон нэг мандаттай тойргоос пропорцианаль руу шилжих хувилбар байж болох юм, үүнийг хааж болохгүй гэсэн саналыг МАН-ын бүлгийнхэн “Дэмжиж болох хувилбар” гэж үзжээ. Дөрөв дэх нь, пропорцианалиар санал хураалтын дүнг гаргах тэр хэсэг дээрээ намыг нь дугуйлаад оролцож болох юм гэж үзжээ.  Харин Ажлын хэсэгт орсон Ардчилсан намын бүлгийн зүгээс  тавьсан 50+1-ээс дээш  хувийн санал авсан /можаритор тойрог/ дээр гишүүдийг шууд УИХ-ын гишүүн болгоод үлдсэн хэсгийг пропорцианаль аргаар суудал хуваарилах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн. Үүнийг бүлэг дэмжих боломжгүй тул Ардчилсан намын бүлэгтэй яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх ёстой гэж үзжээ. Энэ асуудлын хүрээнд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс дараах асуултад хариулт авлаа.

-Нэг мандаттай нэг тойрог гэдэг нь юу гэсэн үг вэ. Тодруулахгүй юу?

-2008 онд дөрвөн мандаттай нэг тойрог, гурван мандаттай нэг тойрог хоёр мандаттай нэг тойрог гэж байсан. Одоо бол хоёр мандаттай нэг тойрог болохгүй гэсэн үг. Нэг мандат, нэг тойрог гэсэн зарчим хадгалагдана. Жижиг 76 болно гэж ойлгож болохгүй. 48 нь можаритор, 28 нь пропорцианаль болохоор энэ аргаар дүнгээ гаргая л гэсэн үг л дээ.

-Ардчилсан нам 38:38 дээр хатуу зогсохоо мэдэгдээд байгаа. Гэтэл танайх 48:28-ыг хөдөлгөхгүй гэлээ. Дахиад хоёр тий хараад суучих юм болж байгаа юм биш үү?

-Манай бүлгийн хувьд саяханыг хүртэл  52:24 дээр хатуу байсан. УИХ-ын намрын чуулган эхлэх аравдугаар сарын 3-н нээгдэхээс өмнөх хүртэл шүү дээ. Харин зөвшилцлийн ажлыг  аль болох түргэн явуулах гэдэг үүднээс 52:24 гэдгээ эргэж хараад 48:28 болгосон. Тэгэнгүүт Ардчилсан намын бүлэг бидний саналыг ярилцаад “Тоо бол чухал биш байна, тохирч болно. Наана нь тохирох ёстой хэд, хэдэн асуудал байна” гэсэн. Сая би хэлсэн, шилжих үү, үгүй юу, нам дугуйлах юм уу, хүн дугуйлах юм уу, 2010 оны хүн амын тооллогын дүнг яаж харгалзаж үндэслэх юм гэх мэт асуудал байна, энэн дээрээ тохирчих юм бол тоог тохирчихож болох байх аа гэж ярьсан л даа.

-Тэгвэл Ардчилсан намын бүлэг 48:28 хувилбарыг  хүлээгээд авчихсан гэсэн үг үү?

-Шууд албан ёсоор эсэргүүцэж, авахгүй гэж хэлээгүй. Тоог бол ярьж тохирч болох байх, сая хэлсэн асуудлууд дээр танай байр суурийг сонсъё гэсэн. Бид байр сууриа албан ёсоор гаргалаа.

-Ардчилсан намын бүлэг хүн амын тоо, газар нутгийн байршлыг харгалзаж, нэмэлт тойрог хуваарилагдаж болзошгүй гэж үзээд байгаа. Энэ асуудлыг 48:28 хувилбарыг гаргахдаа бодож үзсэн үү?

-Хүн амынхаа тоог харгалзана гэдэг дээр тохирчихсон. Хуулинд хоёр юмыг харгалзана гэж заасан байдаг. Нутаг дэвсгэр, хүн амын тоог үндэслэнэ гэж. Тийм учраас 48:28 гэсэн тоог хэлэхдээ бид энэ талыг ч харгалзаж үзсэн.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж