
Ирлээ ч их сонин. Цус харвачихсан хөгшнийг эмнэлэг рүү чирч гулдчина. Хэзээний төрчихсөн эх, нярай хоёрыг чирээд Эх нялхас руу жирийлгэнэ. Шүд нь өвдсөн багачуудад өвчин намдаах эм өгөхийн оронд гэдэс, гүзээг нь гаргаад чагнаж гарна. Магадгүй шүдний өвдөхийг цээжнээс нь сонсдог байх л даа. Хэсэг чагнаж байснаа,
-Амаа ангай даа. Аа гээ… гээд л хэсэг харна. Тэгснээ шүд нь өвдсөн хүүхдийн хоолойг дарж, өвдөж байна уу ч гэх шиг. Хоолой руу хуруугаараа хатгаад байхад өвдөлгүй яах вэ.
-Өвдөж байна л гэнэ шүү дээ. Тэгэнгүүт хоолойны эм бичээд өгчихөж байгаа юм. Хөөрхий хүүхдүүд юу мэдэх вэ. Мань мэтийн мангуу шинжлэх ухааныг яахан ойлгох билээ. Хэлснээр нь эмийн сангаас бичээд өгсөн эмийг нь аваад уулгачихна. Харамсалтай нь, хүүхдийн шүд зүгээр болохгүй л дээ. Яалаа ч гэж хоолойны эм уусан хүүхдийн шүд өвдөхөө болих вэ. Иймэрхүү л юм болдог юм.
Азаар түргэн тусламжийнхан удаан ирэх юм даа. Дуудлага өгөнгүүт л давхиад ороод ирдэг бол өнгөрнө өө. Гэдэс нь гүйлгэсэн хүүхдүүд ханиад, хоолойны эмийг хоол шиг л идэх байсан. Эмээ, өвөө нарын даралтын эсрэг эмийг нь бичих бус өсгөх үйлчилгээтэйг нь эмийн сангаас ав гээд цус харвалтын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлнө. Дээр нь эмийн хордлого болсон хүүхдийн тоо эрс нэмэгдэнэ. Төрөлт ч буурч магадгүй шүү.
Энэ бүхний эсрэг хотын замыг түгжрэлтэй байлгадаг хотын даргадаа баярлалаа. Баахан машинтай болохыг нь зогсоосон Л.Гүндалай гишүүнд ч гялайлаа. Тэгээд бас хот төлөвлөлтийнхөнд талархсанаа илэрхийлье. Гэр хорооллыг замбараагүй болгож, түргэнийхэнд олох боломж олгоогүйд. Тийм болгоход өнөөгийн Шадар сайд М.Энхболд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг шүү.
А.Шархүү
"Ардын эрх" сонин