
Уг нь ерөөх байтугай улайрч зүтгэх ёстой хүн нь С.Баяр өөрөө юм. Учир нь тэр сонгуулийн үр дүнг хүртэл уландаа гишгэн байж гурван жил “хараал идэж” байгаа энэ хамтарсан Засгийн газрыг байгуулсан билээ. Долдугаар сарын 1-ний эмгэнэлт хэрэг, улс төрийн тогтворгүй байдлыг намжаахын төлөөнөө хийсэн түүний энэ алхам ардаа олон асуулт, бас их хүлээлтийг дагуулсан. Тиймээс түүнийг засаг тэргүүлж байх үед ч тэр, “өвчний учир” хэмээн чөлөө хүссэн хойгуур ч тэр, С.Баярыг дэмжиж, МАХН-ыг олонхи болгосон иргэд, сонгогчдын зүгээс “Таны эхлүүлсэн таван төгөлдөршил хаана явна аа” гэсэн асуулт, нэхэл дагасаар ирсэн билээ. Хамтарсан Засгийн газар ганхах, Оюутолгойн гэрээнд асуудал гарах, эсвэл нам дотор нь ямар нэг эргүүлэг бий болох бүрт авралын элч лугаа гарч ирдэг байсан энэ эрхэм энэ удаа Монгол Улсын эрх ашиг, иргэдийн сонгох эрхийн талд “аврал” болон зогсох цаг ирсэн байна. Ам алдвал юу гэдэг билээ.
Хамтарсан Засгийн газрын гэрээний нэг гол үндэс суурь болсон сонгуулийн тогтолцоог шинэчлэх асуудал өнөөдрийг хүртэл гацсан хэвээр байгаа. Анх УИХ-ын ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн болон мажоритар тойргийг 50:26-аар хуваагаад байсан бол хаврын чуулганы турш хэрэлдсэн, зөрөлдсөн хэлэлцүүлгийн дараа өнөөдөр 28:48 дээр буугаад байна. УИХ-ын 76 мандатын 28-ийг нь хувь тэнцүүлсэн буюу пропорциональ системээр /намын жагсаалтаар гэсэн үг/, үлдсэн 48-ыг мажоритари жижиг 48 тойрогт нэг нэгээр нь хуваарилах гэнэ. Энэ бол МАН-ын бүлгээс УИХ-д барьж буй ээлжит “сюрприз”. Өнгөрөгч хаврын чуулган дээр тэд пропорциональ давамгайлсан 50:26-ын эсрэг мажоритар давамгайлсан 24:52 гэдэг бас нэг хувилбарыг оруулж ирэн Ардчилсан намын бүлгийг нуман тулгуурт шахсан билээ. УИХ-ын Байнгын хороо, ажлын хэсгийн шийдвэрийг уландаа гишгэсэн МАН-ын Удирдах зөвлөлийн энэ шахалтын хариуд Ардчилсан намын бүлэг 38:38 гэдэг дундын хувилбарыг гаргаж ирсэн ч амжилт ололгүйгээр хаврын чуулганыг завсарлуулсан.
Харин энэ удаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын хэсгээс оруулж ирсэн шинэ хувилбар нь 28:48. МАН-ын удирдлагуудаас санал болгож, өчигдөрхөн намын бүлгээрээ дэмжсэн энэ хувилбараар бол хотын зургаан тойргийг дундуур нь хоёр хувааж, 20 мандатыг нь 12 болгон цөөлөх юм байна. Парламент дотор хүн амын олонхи буюу нийслэлийнхний төлөөлөл улам л хумигдана гэсэн үг. Хөдөөгийн 20 том тойргийг мөн дундуур нь хоёр хуваагаад хамгийн хүн ам цөөтэй дөрвөн аймгаас нэг нэг мандат хассанаар 36 гишүүн орон нутгаас сонгогдоно. Үлдсэн 28 гишүүн намын жагсаалтаар буюу Монгол Улсын хэмжээнд нэг том тойргоос сонгогдоно. Үүнийг нөхдүүд мажоритар давамгайлсан холимог буюу “сонгуулийн тогтолцооны шинэчлэл” гэж нэрлэж байгаа аж.
Хэрвээ Ардчилсан намын бүлгийн 38:38 гэсэн дундын хувилбараа хамгаалахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос авсан завсарлага үр ямар ч үр ашиггүй цаг алдсан явдал болж, МАН-ын бүлэг хуучин хуулиараа сонгуульд орохыг эрмэлзэж гэмээнэ хоёр тал дээрх хувилбарыг хэлэлцэхээс аргагүйд хүрнэ. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай, УИХ асуудлыг олонхиороо шийддэг хуультай болохоор бүлэгтээ 45 кноптой МАН-тай хэн зэрэгцэх билээ. Гэвч сонгуулийг “төгөлдөршүүлэхэд” зайлшгүй шаардлагатай бас нэг асуудал байна аа. Энэ бол тойргийн хуваарилалт.
Одоо үйлчилж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр, хүн амыг 26 тойрогт хуваагаад байгаа. Хотын зургаан дүүрэг+20 аймаг. 1992 онд анх хуваасан 76 тойргийг хооронд нь нэгтгэж, мандатыг нь олшруулснаар одоогийн том 26 тойргийг бий болгосон хэрэг. Анх 1992 онд тойрог хуваах үед сонгуулийн тойргууд дахь хүн амын нягтаршил харьцангуй ойролцоо байсан гэх агаад одоо бол хот, хөдөөгийн тойргууд дахь хүн амын тоо улам л хоёр тийшээ зүтгээд байгаа. Жишээ нь, Булган аймаг 53 мянган хүнтэй, хоёр мандаттай байхад 275 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг 40 мянган хүнтэй Налайх дүүрэгтэй нийлээд /нийлбэр дүнгээрээ 315 мянга/ дөрвөн мандаттай байх жишээтэй. Булган аймгийн 27 мянган сонгогчийг нэг УИХ-ын гишүүн төлөөлж байхад нийслэлийн Баянзүрх дүүргийн 80 мянган иргэнийг мөн нэг УИХ-ын гишүүн төлөөлж байна гэсэн үг. Дундговь аймгаас 2008 онд Р.Раш гишүүн 10 мянган хүний саналаар УИХ-ын гишүүн болж байхад З.Алтай гишүүн 60 мянган хүний саналаар сонгогдсон байна.
Үүнээс л хотын таван хүн хөдөөгийн нэг хүнтэй тэнцүү юу гэдэг маргаан дэгдээд байгаа билээ. Цаашилбал энэ нь Үндсэн хуульд заасан иргэд хуулийн өмнө тэгш байх эрхийг бас хөндөөд явчихна. Тийм учраас арга ядаад мажоритари давамгайлсан холимгоор явлаа, МАН-аас санал болгож буй 28:48 авлаа гэхэд тойргийн хуваарилалт, нэг мандатад ногдох хүн амын тоог тэнцвэржүүлэх шаардлага гарч байгаа юм. Хэрвээ нийт хүн амын 45 хувь буюу сая 240 мянган хүн Улаанбаатарт амьдарч байна гэж үзвэл мажоритари 48 тойргийн /өөрөөр хэлбэл мандат/ 45 хувь буюу 21-22 нь Улаанбаатарт ноогдох ёстой гэсэн үг. Гэтэл МАН-ынхан нийслэлчүүдэд ногдох мандатын тоог улам л танах, одоо байгаа 20 гишүүнээ 12 болгож цөөлөх тухай ярьж эхлээд байна. Сая 240 мянгыг 12-т хуваавал нэг мандатын ардах хотын сонгогчийн тоо 100 мянгад хүрэх нь. Харин орон нутгийн сая 514 мянгыг 36-д хуваавал хэд гарахыг та өөрөө бодоод үзээрэй. 40 мянга. Лав 2.5 дахин бага тусч байна.
Үүнээс гадна анзаарахгүй байж болохгүй нэг том зүйл бол гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийн асуудал. Монгол Улс ардчилалд шилжээд 20 жилийн хугацаа өнгөрсний дараа түүхэндээ анх удаа гадаадад суугаа иргэдээ сонгуульд оролцуулахаар болсон билээ. Сонгуулийн хуулийн шинэчлэл, иргэний шинэчилсэн бүртгэлтэй хамтатган зарласан энэ бодлого одоо хэлэлцэгдэж буй Сонгуулийн хуулиас шалтгаалах юм.
Уг нь анх 2005 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд “гадаадад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй“ хэмээн заасан ч 2007 оны араванхоёрдугаар сард хуульд өөрчлөлт оруулахдаа уг заалтыг авч хаясан байдаг. Учир нь гадаадад суугаа иргэдийг сонгуульд оролцуулах ганц боломж нь пропорциональ болон пропорционалийн элемент орсон холимог хувилбар. Хэрвээ дан мажоритариар явах юм бол тэд оршин суугаа хаягаараа сонгуулийн аль ч тойрогт харьяалагдахгүй, сонгуульд оролцох боломжгүй болж байгаа юм. Тиймээс нэгэнт зарласанчлан гадаадад суугаа монголчуудаа сонгуульд хамруулахын тулд одоо хэлэлцэж буй Сонгуулийн хуульд пропорционалийн элементийг зайлшгүй орох ёстой болж байна.
Одоогоор Монгол Улсын 200 мянга гаруй иргэн гадаадад ажиллаж, амьдарч буй нь нийт хүн амын долоон хувь гэсэн үг. Тэд сонгуульд оролцохын тулд Монгол Улс даяар нэг тойрог болсон пропорциональ тойрог дээр л саналаа өгөх боломжтой. Гэхдээ тэдний санал жагсаалтын өнгийг өөрчилж чадах ч, нийт сонгуулийн дүнд нөлөөлж чадахгүй. Нийслэлийн сонгогчдын хувьд ч мөн адил. Нөлөөтэй байх ганц боломж нь пропорциональ суудлынхаа тоог нэмэгдүүлэх. Эсвэл хүн амынхаа тоонд харьцуулан нийслэлд ногдох мажоритари суудлын тоог нэмэх. Хэрвээ тэгэхгүйгээр одоо байгаа тойргуудаа яг энэ хэвээр нь хоёр хуваагаад сонгууль явуулах юм бол дахиад л нийслэлчүүдийн таван хүний дөрвийнх нь санал орхигдоно. 2012 оны сонгуулийн дараа дахиад долдугаар сарын 1-ний жагсаал үргэлжилнэ.
"Ардын эрх" сонин
