
Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр засгийн газрын хуралдаанд нэгэн хуулийн төсөл орж ирсэн нь Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байлаа. Ингээд уг хуралдаанаар хэлэлцэн гишүүдээс гарсан саналыг тусгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон юм. Харин энэхүү төсөл энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын зургаад багтсан бөгөөд энэ долоо хоногт хэлэлцүүлгээр орохоор төлөвлөгджээ.
Уг төслийн гол агуулга нь Монгол Улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон химийн бодистой холбоотой үйл ажиллагааг зохицуулах журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран батлах, мөн ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах болон ашиглахыг хориглох салбарыг зааж, түүний ашиглалтын тоо хэмжээг Байгаль орчны сайд тогтоож байх тухай заалтыг нэмж оруулахаар болжээ. Мөн жагсаалтад хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой, байгальд удаанаар хадгалагддаг, био хуримтлал үүсгэдэг, хүн амьтны эрхтэн, систем, үр удамд хортой нөлөө үзүүлж, олон төрлийн өвчин үүсгэдэг, үхэлд хүргэх чанар өндөртэй 112 бодисыг оруулсан бөгөөд эдгээрээс 29 бодисын ашиглалтыг хязгаарлаж, үлдсэн 83-г нь хориглохоор тусгасан байна.
Хор аюулыг нь хүлээн зөвшөөрч, олон улсын гэрээ конвенцийн хавсралтад оруулан дэлхий нийтээр үйлдвэрлэл, хэрэглээг нь зогсоож, хязгаарлаж буй химийн хорт болон аюултай бодисуудын импорт, ашиглалтыг манай улсад мөн адил хязгаарлаж, хориглох зорилгоор Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор “Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”, “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ыг баталж байжээ.
Уг жагсаалтад хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой, байгаль дээр удаанаар хадгалагддаг, био хуримтлал үүсгэдэг, хүн амьтны эрхтэн, систем, үр удамд хортой нөлөө үзүүлж, олон төрлийн өвчин үүсгэдэг, үхэлд хүргэх чадвар өндөртэй 112 бодисыг оруулсан бөгөөд эдгээрээс 29 бодисын ашиглалтыг хязгаарлаж, үлдсэн 83-г нь хориглохоор тусгасан байна.
Эдгээр хориглосон болон хязгаарласан химийн бодисын ашиглалтыг зогсоох, хяналттайгаар ашиглах, нэгэнт бий болсон нөөц болон эдгээр бодисыг агуулсан хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгахад тухайн бодисын хими, физикийн шинж чанар, онцлогт тохирсон менежмент, арга технологи шаардагддаг аж. Иймд энэхүү шаардлагыг зайлшгүй хуульчлах ёстой болж. Мөн ашиглалтыг хязгаарласан бодисыг хор нөлөө багатай орлуулах бодис бий болтол нарийн хяналтан дор, тогтоосон тоо хэмжээгээр ашиглахыг зөвшөөрдөг тул уг бодисыг ямар салбарт хориглох, хаана хэр хэмжээтэй хэрэглэж болохыг тодорхой зааж өгч, хяналтыг сайжруулах нь ч хуульчлах шаардлага болсон байна.
"Ардын эрх" сонин
