Замын-Үүдийн нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн нэг өдөр

Монгол, Хятад холилдсон олон хүний хөл хөдөлгөөн, жижиг зог­соолд багтахгүй шахам байрласан машинууд, зам даган хийсэх элс. Намрын нэгэн өдөр Замын-Үүдийг “чимнэ”. Саяхан урд хөршид “Хаврын баяр” болж, хилээ гурав хоног хаажээ. Хил хаасны дараах Замын-Үүд хотод хөл хөдөлгөөн ихтэй байна. Намар салхилах зөөлөн салхи элсэн шуурга болон хувирч Замын-Үүдийг элсээр “будах”. Нутгийн иргэдийн ярьж буйгаар энэ элсэн шуурга юу ч биш бөгөөд хавар болгон шуурах элсэн шуурга нутгийн айлуудын цонхыг таглах шахам шуурдаг ажээ.

Хүн тэрэг “жирийлгэнэ”, хөлс нь 5000…

“За, хурдлаарай. Энд ажил олдлоо. Ачааг нь гялс тэргэндээ тавиад явъя”. 30 эргэм насны хоёр эр ийн ярилцана. Ачаа зөөлгөх хүн олдсон нь энэ. Таван ширхэг том хайрцаг, гурав, дөрвөн “гахай”, зэргийг тэргэндээ тавьж байлаа. Хэдийгээр хөл нь муу ч тэр олдсон алдалгүй хэдхэн метрийн цаана байрлах зочид буудал руу хүргэхээр “жирийлгэнэ”. Энэ хүн бол Замын-Үүд дэх “хүн тэрэг”-нүүдийн нэг л хэсэг нь. Зорчигчдын ачааг тэргэндээ ачин зөөснийхөө төлөө 5000-10000 төгрөгний хөлс авдаг гэх. Зарим нэг нь ачаагаа арай ядан олж байхад, “атаман” бололтой зарим нь нэгнийхээ урдуур орж түлхчихээд өөрийнхөө тэргэнд ачаад явах. Заримд нь ачаагаа зөөлгөдөг тусгай хүн ч байдаг ажээ. Чухам хэдэн хүн энд ингэж “жирийлгэж” буйг хэн ч үл мэднэ.

Урд хөрш хилээ гурав хоног хаасны дараа Замын-Үүд хотод хөл хөдөлгөөн ихэсч, бас ч үгүй зарим нэг нь ажилтай болсон нэгээхэн төлөөлөл нь “хүн тэрэг”-үүд. Ачаа зөөгөөд ар гэртээ зориулдаг хүмүүс байхад, олсон хэдээрээ сархад хүр­тэх нэгэн ч байна. Чухамдаа ачаа зөөж, олсон хэдээрээ архи авч багагүй чирэгдэл үүсгэд 20 гаруй хүн тэндхийн цагдаагийн газрын хараанд байдаг ажээ. “Хэдийгээр тэд ажилтай мэт боловч олсон хэдээрээ архи авч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах асуудал их байдаг. Цагдаагийн газрын хяналтанд ч хэд, хэдэн хүн бий” гэж Замын-Үүд сумын цагдаагийн газрын дарга А.Чимэдцэрэн ярьж байсан юм.

Архи, архи, гэмт хэрэг…

“Би чамтай зүгээр зөрөө биз дээ. Өмхий “хужаа” минь” гэж хашхичих нэг согтуу эр духнаасаа цус асгаруулан Замын-Үүд өртөөний тэр хавиар гуйвч, дайвчин алхана. Өртөөний хажууд байрлах “Жинчин” буудлын дэргэд 22 настай болов уу гэмээр туранхай бор залуу хэвтэнэ. Өмсч явсан цамц нь аль хэдийнэ урагдаж, хиртэн, хөлдөө жийсэн гутал нь ч алга… Тасарсан нэг нь ухаангүй хэвтэж, согтсон зарим нь нэгэнтэйгэй гар зөрүүлж, бүр зарим нь жирийн хүмүүстэй ам мурийна. Чухамдаа ийм дүр зураг Замын-Үүд өртөөгөөр их. Хэдийгээр цагдаагийнхан нэн даруй арга хэмжээ авдаг ч тэднийг торгоож чаддаггүй ажээ. Ерөөс нэгэнт архинд орсон хүнийг тэд яах ч билээ.

Сүүлийн үед Замын-Үүд суманд архидалттай холбоотой гэмт хэргийн тоо 75 болтлоо өссөн гэх мэдээлэл цаасан дээр дурайж байна. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн дийлэнхийг залуучууд эзэлдэг гэх судалгаа ч байгаа аж. Хэдийгээр архичид ихэсч байгааг тэд мэдэж байгаа ч бууруулах аргаа нэг л олдоггүй гэх. Бас дээр нь суманд байгаа наркологийн эмч нарын тоо нь хүрэлцээгүй байдаг ажээ. Замын-Үүд суманд өнгөрсөн 9 сарын байдлаар 218 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 20 хувиар илүү байгаа юм. Хүндэвтэр гэмт хэрэг 127, хөнгөн гэмт хэрэг 82 гарсан нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн үзүүлэт аж. Хамгийн харамсалтай нь 28 хүн амиа алдаж, 82 хүн ямар нэгэн хэмжээгээр гэмтсэн ажээ. “Манай аймгийн хувьд Замын-Үүд болон Сайншанд суманд л ихэнх гэмт хэрэг гардаг. Хамгийн их гардаг нутаг нь Замын-Үүд. Гадаад, дотоодын зорчигч, сүүлийн үед ихэсч байгаа архидалд зэрэг нь үүнд нөлөөлсөн байж болох талтай. Цагдаа хүчнийхэн нэлээд тэмцдэг ч яах аргагүй хүн хүч болоод хөрөнгө мөнгөөр дутагддаг” гэж Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар ярьж байсан юм.

Хийсэх хог, элсэн шуурга…

Замын-Үүдийн гудамжаар шар, цагаан өнгийн уут, говиос сал­хил­­сан элснүүд нийлэн хийсэх. Шуурсан элсэнд хүмүүс зохицож хамар, амын хаалт, цонхондоо давхар хаалт нэмсээр уджээ. Учир нь Замын-Үүдийн удирдлагаас дорвитой ажил хийдэггүй болохоор тэр. Хэдийгээр замын хажуу талаар уут, цааснууд хийсэх ч хийсэх хогноос илүүтэй, шуурах элснээс сүрдэж, түүнд анхаарлаа хандуулах. “Манай сумын хогны асуудал үнэхээр хүнд. Бид анхаарлаа хандуулдаг. Эмнэлэг, сургууль, албан байгууллагуудаар цэвэрлэгээ хийх зар товлодог ч тэд маань жаахан сэтгэлгүй ханддаг. Манай суманд нийтдээ 20 мянга гаруй хүн амьдарч байгаа. Тэдний дийлэнх нь түр хугацаагаар ирсэн, суугуул хүмүүс байдаг. Нэгэнт дийлэнх нь ийм хүмүүс байгаа учраас жаахан сэтгэл дутдаг юм. Гэхдээ бид боломжоороо л ажиллаж байгаа” гэж Замын-Үүд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Отгонбаатар ярьж байлаа. Ямар ч байсан төсөвтөө бага хэмжээний мөнгө суулгаж хогны асуудлаа шийдэх бодлого баримталж байгаа аж.

Нимгэн “түрийвч”…

Гадаад, дотоодын хүмүүс хол­хилдсон олны хөлийн газар, мөн манай улсын хилийн томоохон хот гэх ч аль нэг сумын төвөөс ялгарахааргүй дүр зураг ажиглагдаж байлаа. Нэгэн хэвийн тоосгон байшингууд, хааяа нэг тааралдах орчин үеийн барилга, нүдэнд үзэгдэхтэй үгүйтэй модод Замын-Үүдийг чимнэ. Яагаад худал­даа, тээврийн гол бүс мөртлөө, нэгэн хэвийн байгаа юм бэ гэж уншигч та сонирхож байж болох. Тэгвэл энэ бүгд Замын-Үүд сумын “түрийвч” нимгэнтэй холбоотой. 20 мянган хүн амтай гэх Замын-Үүд суманд Дорноговь аймгийн 1500 гаруй хүн амтай сумдадтай адилхан хөрөнгийг төсөвлөдөг ажээ. “Үнэхээр манайд төсөв мөнгө хүрэлцдэггүй. Жижигхэн сумтай л адилхан мөнгө бидэнд хуваарилдаг. Нэгэнт төсөвлөсөн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй байгаа учраас бид замын үүд рүү орж ирж байгаа тээвэр бүрээс 1000 төгрөгийг хураадаг болсон. Хүмүүс дургүй ч бид өнөөдөр үүгээрээ сургуулийнхаа зарим засварыг, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулсан. Ямар ч байсан ирвийх, дэрвийхээрээ ажиллаж байгаа. Бидний урдхан талд байх Эрээнийг төрөөс нь дэмжиж хөгжүүлсэн шүү дээ. Гэтэл манайд өнөөдөр төрийн ямар нэгэн дэмжлэгэ алга” гэж Замын-Үүдийн ИТХ-ын нарийн бич­гийн дарга Д.Отгонбаатар ярьж байв.

Нимгэн “түрийвч”-тэй холбоотой бас нэгэн тааруу мэдээлэл байгаа нь 20 мянган хүн амтай суманд ганц л сургууль. Ганц сургууль хаанаа ч хүрэлцдэггүй учраас нэг ангид 50 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Нэг сургуультай адилхан, нэг цэцэрлэг Замын-Үүдэд бий. Нэг ангид 25-30 хүүхэд байгаа хэдий ч цаана нь 1000 гаруй хүүхэд цэцэрлэгээр хүмүүжиж чадахгүй байгаа ажээ.

Баяртай, Замын-Үүд…

Ямар нэгэн сум, хот, дүүргийн хувьд гадны жуулчид ирэхэд дараа дахин ирэх хүсэл төрүүлэх явдал байдаг. Ялангуяа Замын-Үүд шиг томоохон боомт сумын хувьд. Харамсалтай нь ийм сэтгэгдэл төрүүлэхүйц хэмжээний дүр зураг одоогоор алга байна. Ямар ч байсан өөрсдийнхөө бага хэмжээний төсөвтөө тохиоруулан ажиллаж, бүр 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө ч гаргасан гэх. Тэр болтол “түрийвч” хэр зэрэг түнтийж, ямар хэмжээнд хөгжих нь хариултаа нэхсээр л байна. Хариулт нь олдож байгаа нэг зүйл гэвэл хилийн зурвас нутаг учраас наймаачид мөнгө олохын тулд Замын-Үүдийг өөрийн эрхгүй зорьж, Эрээн рүү зорьдог билээ.

Галт тэрэгний дохио дуугарч, чанга яригчаар чиглэл зарлах нь галт тэрэг хөдлөх болсоны дохио. Замын-Үүдэд саатсан нэг өдрийн томилолт ч дуусч байгааг галт тэрэгний дохио сануулна. Гэхдээ сурвалжлагаа дуусгахаас өмнө купений андын хэлсэн үгийг сануулъя. “Галт тэрэг хөдөлдөгөөрөө хөдөл­нө. Эрээн хөгждөгөөрөө хөгжинө” гэж.

Б.Болорсүх

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж