Шар торноос ч жижигхэн шуудай нүүрсний илч

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Шар торноос ч жижигхэн шуудай нүүрсний илч

“Өдөрт нэг шуудай нүүрс түлдэг. Ах нь Цайз зах дээр  хүний юм зөөж өгдөг. Надаас өөр ажил хийдэг хүн байхгүй болохоор дөрвөн хүүхэд, өвчтэй эхнэрээ хөлдөөчихгүйн тулд өдөрт нэг шуудай нүүрсээр болоод л байна. Хүйтрэхээр л хэцүүхэн болох байх” гэх нэгэн хүнтэй таарсан юм. Нэг өдөрт нэг шуудай нүүрсээр болгодог гэхэд итгэмээргүй ч энэ бол үнэн. Цайз зах дээр шуудай нүүрс 1500 төгрөг бөгөөд бидний нэрлэж заншсан шар торноос жижиг хэмжээтэй. Энэ бол гэр хорооллын нэг өрхийн нэг өдрийн хэрэглээ. Боломжтой нэг нь хоёр шуудай. Харин боломжгүй нэгний хувьд шуудай нүүрсээр хөлдчихгүй ч бүлээцэх энэ бараан амьдрал нийгмийн нэгэн өнгө.

Улиг болсон “Утаатай тэмцэх” гэсэн үгнээс хүн бүр залхаж байгаа биз. Нийслэлчүүдийн хувьд гамшиг, биологийн дайн гэж хэлэхэд ч илүүдэхгүй. Ядаж байхад сүүлийн хэдэн өдөр Нобелийн шагналтан ирээд л утаа чинь хүүхдийн оюун ухаанд нөлөөлдөг. Улаанбаатарчуудын хувьд энэ утаа гамшиг болсон гэдгийг нь өөрийн туршлаганд үндэслэн баталсан. Одоо л сэрж байгаа мэт Эрүүл мэндийн яам нь ч хүртэл Нобелийн шагналтан хүнээс номын дуу сонсч одоо л тэмцэе, утаанаас салья гэдэг сүржин үгээ хэлээд хоцорсон. Энэ үгийг сүүлийн 10 жил сонсч байгаа нийслэлчүүдийн хувьд “Утаанаас салъя, тэмцэе” гэдэг үг сүржин болоод удаж буй. Харин энэ жилээс утаатай тэмцэж, хязгаарлалтын бүс тогтоож, утаагүй түлш хэрэглэх шийдвэр гаргасан байгаа. Турк улсаас авчирсан утаа бага гаргадаг зуухаа анх “хаданд гарсан” үнээр зарж байсан ч авах хүн олдохгүй учир үнийг нь гурав дахин хямдруулаад авсан. Иргэдийн амжиргааны төвшинд одоо л хүрч, иргэд ч зуухаа худалдах авах нь ихэссэн. Хууль дүрэм баталсан хойно дагахгүй гээд ч яахав гэх нэгэн ч бий.  Сүүлийн өдрүүдэд харин нөгөө утаа бага гаргадаг зуух нь дэлбэрч байна гэх яриа олны дунд тархжээ. Тийм ч учраас зарим зуух борлуулдаг цэгүүд зуух зарахгүй байна гэх яриа ч чих дэлсээд авлаа.

За үүнийг улиг болгож дахин нуршаад юу гэхэв. Өнгөрсөн долоо хоногт нүүрс худалдаалдаг цэгүүдээр явлаа. Үнэтэй байна аа. Худалдан авагч Г.Мягмар “Өнгөрсөн жилийг бодвол үнэтэй, жижиглэнгээр зардаг шуудай нь бүр л жижиг болсон байна. Тэгээд 1500 төгрөг гэх юм. Иргэдийн амжиргаа нь шуудайгаар нь буюу бага багаар нь авах. Хүйтэнд хөлдчихгүй тулд нүүрсээ түлэхээс өөр аргагүй бидэнд юун утаатай тэмцэх вэ. Утаатай тэмцэх гээд байгаа юм бол дэд бүтцээр нь хангаад өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгж л дорвитой арга хэмжээ авахгүй бол утаанаас сална гэж мянга яриад ч нэмэргүй” гэж байсан. Нүүрс зардаг хүмүүсийн хувьд бид ашиг олох гэж л нүүрсээ жижгээр савлаж байгаа гэх. Цайз зах дээр нүүрс жижиглэн зардаг Х.Саран “Бид ашиг олон гэж л нүүрс жижиглэж зардаг. Тэгээд ч машинаар нь авдаг хүмүүс ховор шүү дээ. Дандаа л жижиг шуудайгаар нь авдаг. Шуудайны хувьд бид хүмүүсээс худалдаж авдаг болохоор сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн жилийг бодвол жаахан жижиг болсон байж магадгүй. Сайн  мэдэхгүй” гэж байлаа.

Үнэхээр та ч гэсэн анзаарсан биз. Энэ нь тэгээд 1500 төгрөг. Ядмагхан айлын хоёр талхны мөнгө. Дундаж айлын нэг хүний өдрийн автобусны мөнгө. Харин баячуудын хувьд энэ мөнгө тамхинд ч хүрэхгүй мөнгө. Жижиг шуудайн гэж үглэсэн ч авахаас өөр аргагүйд хүрдэг нь нууц биш. Тэгвэл утаатай тэмцэе гэж ярихаас илүү ихийг хийх цаг болсон гэдгийг гадныхан ирээд дүгнэсэн. Нобелийн шагналт, орчны эрүүл мэндийн ухааны профессор Крик Смит хэлэхдээ “Танай орны хувьд хүн амын дунд өвчлөл нь өндөр, нас баралт, ураг, эхийн эндэгдэл их байгаа нь агаарын бохирдолттой холбоотой. Яагаад энэ олон жил утаатай тэмцэх талаар дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаад гайхаж байна. Хамгийн гол нь утаа  хүүхдийн оюун ухаанд нөлөөлдөг. Хүн амын эрүүл мэнд, ирээдүй хойч үедээ санаа зовниж байгаа бол агаарын бохирдыг бууруулах тал дээр маш их мөнгө төлсөн ч хамаагүй салах цаг нь болсон. Харин ч хожимдсон байх вий гэж би санаа зовниж байна” гэсэн. Агаарын бохирдол, утаанаас салахын тулд түүхий нүүрснээс салах ганц арга бий гэвэл харин түүхий нүүрснээс салахын тулд иргэдийн амжиргааг дээшлүүлэх хэрэгтэй.  Гинжин холбоо шиг энэ амьдрал нийслэлийн бас нэгэн өнгө.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж