Хүн амын тоог харгалзан тойргийн хуваарилалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Хүн амын тоог харгалзан тойргийн хуваарилалт хийнэ

Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаан үдээс хойш хуралдаад гурван асуудлыг хэлэлцсэн байна. Азийн хөгжлийн банк, Сангийн яамны зуун жилийн ойд зориулсан өргөтгөсөн хурал зохион байгуулсантай холбоотойгоор ийнхүү үдээс өмнө хуралдах байсан бүлгийн хурлын цаг хойшилсон аж.

Хэлэлцсэн эхний асуудал нь Зээлийн батлан даалтын тухай хуулийн төсөл байсан бөгөөд ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэрлэгчид банкнаас зээл авахаар бол зээлийн барьцаа шаардахаас илүү бусад арга замыг эрэлхийлэх нь илүү гэдгээс энэ төсөл боловсруулагдсан гэнэ. Ингээд зээлийн батлан даалтын санг тусад нь хууль гарган зохицуулах нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

Хоёр, гуравт хэлэлцсэн асуудал нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Я.Батсуурь нарын найман гишүүний өргөн мэдүүлсэн төсөл, Д.Одбаяр нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн төслүүд байв. 

Энэхүү төслийг нь тайлбарлавал тун энгийн. Тавантолгойн ордыг ашиглаж олсон ашгаас 10 хувийг нь иргэд, 10 хувийг аж ахуй нэгжүүдэд, 30 хувийг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах тухай тогтоолыг өөрчилж аж ахуй нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр заралгүй иргэдийн хувийг 20 болгох тухай аж. Бүлгийнхэн энэ асуудлыг ямартаа ч чуулганы хуралдаанд оруулж хэлэлцэхийг нь зөвшөөрье гэж.

Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс тогтоолд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь өнөөдрийн байдлаар 53 мянган нэгж бүртгэлтэй байдгаас 23 мянга нь л татвараа төлдөг үлдэж байгаа нь ашиг, орлогогүй ажилладаг гэсэн шалтгаанаар Х тайлан гаргадаг гэнэ. Түүнчлэн татвараа төлдөг 23 мянган аж ахуй нэгж нь үндсэндээ 2700 орчим иргэнд харьяалагддаг.  Тиймээс 2700 орчим иргэний эрх ашиг 2.7 сая иргэний эрх ашгийг дэнслээд ийн өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн гэнэ. Түүнчлэн “үндэсний аж ахуйн нэгж” гэх тодорхойлолт ямар ч хуульд байхгүйгээс тогтооход бэрхшээл үүсэж буй аж. Мэдээж аж ахуй нэгжүүдийн хувьд хувьцааг худалдан авах эрхээ хасуулах нь гомдолтой. Иймд үндэсний аж ахуйн нэгжүүдийг том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой ажилд оролцуулаад явах нь зүйтэй гэж үзжээ.

Бүлгийн өчигдрийн хуралдаанд Сонгуулийн тогтолцооны талаар хэлэлцэхийг хойшлуулсан хэдий энэ талаар бүлгийн байр суурийг хүргэсэн юм. Өнгөрөгч долоо хоногт тус намынхан сонгуулийг цэвэр холимог тогтолцоонд суурилж явуулах уу, паралель тогтолцоогоор явуулах гэдгээ хоорондоо дахин ярилцжээ. Ингээд холимог сонгуулийн тогтолцоонд тулгуурлах нь зүйтэй гэдэгт тогтсон аж.  Мөн нэмэлт тойрог хуваарилагдах нөхцөл байдал үүссэн нөхцөлд хүн амын тоо, нутаг дэвсгэрийнхээ байршлыг харгалзан тойргийн хуваарилалт хийнэ гэдэгт санал нэгдсэн байна.

Энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж сонгуулийн тогтолцооны асуудлаар хуралдаж байгаа тул тэдний зүгээс ямар шийдэл гарахыг хараад өнөөдөр, маргаашийн аль нэгд ээлжит бус хуралдаан зарлаж, асуудлыг авч хэлэлцэн өөрсдийн саналыг боловсруулах гэнэ.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж