21 мянган хошин жүжгийг хэн эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

21 мянган хошин жүжгийг хэн эхлүүлэв

Д.Арвин нарын гишүүд өнгөрсөн долоо хоногт “Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг иргэддээ бүтнээр нь олгоё. Арилжааны банкууд иргэдээс их хэмжээний мөнгө суутгадгийг зогсооё” гэсэн утгатай мэдээлэл хийсэн билээ. Гэхдээ “Иргэдээс гомдол ирж байна. Бид 20 мянга 650 төгрөг өгнө гэж амлаагүй”  гэж ярьснаас бус уг мөнгийг олгоход хэдий хэмжээний зардал гардаг,  үүнтэй холбоотой мөнгийг төсөвлөөгүй талаараа огт дурьдаагүй гэж хэлж болно. Мөн “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам иргэдийн мөнгөнд гараа дүрж байна. Мөнгө олгох олон арга зам байсан” гэж хүртэл онцолсон юм. Тэгвэл энэ асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү хамаагүй бодитой тайлбар хийсэн гэхэд болно. Тэрбээр “Гишүүд “21 мянган төгрөгөөс шимтгэл авч, их хэмжээний мөнгө  завших боломжийг банкуудад олгож байна” гэсэн ойлголтыг иргэдэд өглөө.  ХААН банк тэтгэвэр, тэтгэмжийг дангаараа тараадаг эрхээ авч үлдэхийн тулд буруу мэдээлэл өгч байгаа бололтой. Бид өөрсдийн санаачилгаар нэг банкнаас нөгөө банк руу бүх мөнгөө шилжүүлсэн асуудал  огт байхгүй” гэж ярьсан юм. Ямартай ч “Бид гэрээний дагуу мөнгөө тарааж байсан” гэдэг тайлбарыг өгдөг  дээрх банк  “2010 оны арваннэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн 2011 оны нэгдүгээр сарын 19-нд дуусах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хийсэн гэрээгээр цаашид үйл ажиллагаа явуулж чадахгүй” гэсэн албан бичгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд найман  удаа явуулж байжээ. Мөн салбарын яаманд мэдэгдэлгүйгээр  гэрээний хугацаа дуусангуут 50 төгрөгийн шимтгэлийг 300 төгрөг болгож нэмж байсан удаатай аж. Харин одоо УИХ-ын гишүүд  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яам хамтраад нэг банкинд давуу эрх олгож, иргэдээс авах хураамжийг  350 төгрөгөөр тогтоосноороо их мөнгө олгох боломж олгосон гэсэн тайлбар хийж байгаа билээ. Дэд сайд Д.Нямхүү “ХААН банк гэрээний хугацаа дуусахад нэг хүнээс 300 төгрөг авна гэсэн тулгалт хийсэн. Дараа нь 350 төгрөг авна гэж тулгасан. Явуулсан албан тоот нь тамгатайгаа бүгд байгаа. Гэрээний хугацаа дууссаны дараа арилжааны 12 банкны удирдлагуудтай уулзаад “Хүний хөгжил сангийн мөнгийг тавиад өгөөч” гэсэн ч хүлээж аваагүй. ХААН банк ч “Ийм, ийм болзлыг маань зөвшөөрвөл мөнгө олгоно гэж” байсан. Тэрний нэг нь 350 төгрөгийн шимтгэл авах юм. Үүнийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Гэтэл үүний дараа тус банк “Хүний хөгжил сангийн мөнгийг дөрвөн сараар нь урьдчилж олгоно. Улмаар 84 мянган төгрөгийн 4000-ыг нь хүүнд нь авна” гэсэн. Энэ бол жилийн 18 хувийн хүү. Тэгэхээр  нь “Иргэдээс асуулгүйгээр шийдвэр гаргахгүй, ингэх боломж байхгүй гэж хэлсэн” гэв. Нэг ёсондоо дээрх саналыг нь зөвшөөрөөгүйн улмаас “Бид үйлчилгээ үзүүлэхээ зогсоолоо”  гэсэн хэрэг ажээ. Хүний хөгжил сангийн мөнгөнөөс 350 төгрөгийн шимтгэл авлаа гээд нэг их ашиг олдоггүй гэж банкуудын мэргэжилтнүүд онцолдог юм билээ. Мөнгө олгох зардал нь үүнээс ч өндөр байдаг болохоор тэр. ХААН банкинд ч  Хүний хөгжил сангийн мөнгө олгох нь ашиггүй байсан хэрэг. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Хүний  хөгжил сангийн мөнгийг тавихгүй гэж байгаа бол бид салбарынхаа асуудлыг хамтад нь шийдье” гэсэн шийдвэрийг гаргахтай зэрэгцэн ХААН банк УИХ-ын зарим гишүүнийг “хатгаж” буруу ойлголт төрүүлэхүйц мэдээллийг хийж эхэлсэн нь энэ ажээ. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Сангийн яам Хүний хөгжил сангийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг багцалж олгохыг арилжааны банкуудад санал болгоход Хадгаламж банк “Тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг хамтад нь олговол зардлаа нөхөх боломж бий” гээд хүлээж авчээ.  Мөн уг банк улс даяар салбартай хоёр банкны нэг юм. Гэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдын хэлж буйгаар одоо Хадгаламж банк руу бүх мөнгө шилжээд явчихаагүй байгаа аж. Тэрбээр “ХААН банкинд 21 мянган төгрөг олгох сонирхол байхгүй. Харин тэтгэвэр, тэтгэмжийг олгодог хэвээр байх сонирхол бол байгаа. Одоо нийслэлд Хүний хөгжил сангийн мөнгөний тус, тус 44 хувийг ХААН, Хадгаламж банкууд хуваагаад олгож байна. Орон нутагт Хүний хөгжил сангийн мөнгө болон тэтгэвэр, тэтгэмжийг багцалж тавих хүрээнд ХААН банк 55 хувийг нь,  Хадгаламж банк 35 орчим хувийг тавьж байгаа” гэж ярилаа. Мөн улсын төсвөөс зардалтай холбоотой мөнгийг эрхэм түшээд төсөвлөөгүй болохоор арилжааны банк үйлчилснийхээ хөлсөнд шимтгэл авахаас өөр арга байхгүй гэдгийг ч онцолсон юм.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж