СоцИнтернийхэн Монголыг онцолсон нь

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

СоцИнтернийхэн Монголыг онцолсон нь

Монгол Улсын эдийн засгийн “нэрийн хуудас” нь уул уурхай. Харин Зүүн хойд Ази дахь геополитикийн халуун цэг нь энэ газар орон юм. Тиймээс дэлхийн гигантууд Монголын газрын зураг дээр шатрын нүүдэл хийж, улс төр, эдийн засгийн хүрээнийхэн брэнд сонголт хийж байна. Яг энэ мөчид зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүдийн нэгдэл болох Социалист интернациональ буюу СоцИнтерний Ази, Номхон далайн бүсийн хорооны ээлжит хурал энэ сарын 7-8-нд Улаанбаатар хотноо болов. Ардын намынхан энэхүү арга хэмжээг 2005 оны тавдугаар сард анх удаа амжилттай зохион байгуулж байсан юм.

Австрали, Грек, Швед, Зүүн Тимор, Энэтхэг, Пакистан, Камбож, Бирм, бас Монгол… Тив өөр, тэр ч атугай хөгжлийн дүр зураг нь өвөл, зун шиг ялгаатай эдгээр орныхон юуны учир манай улсыг зорин ирцгээв. Тэр тусмаа улс төрийн 162 нам, байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн СоцИнтернийхэн дуран авайгаа Монгол тийш тааруулсан нь ямар учиртай вэ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн өдрүүдэд энэ мэт асуултуудад хариулт нэхэж өнжлөө. Басхүү “СоцИнтерний гишүүн 50 гаруй нам тухайн орныхоо парламент болон Засгийн газарт олонхи байдаг. Ардын нам ч мөн ялгаагүй. Монгол Улсад шилжилтийн үе эцэслэж, хөгжлийн шинэ эрин эхэлснийг дэлхий дахинд тунхагласан тэдний гол бодлого юу вэ. Монголын баялаг нь яг юу юм бэ. Хүн үү, аль эсвэл хөрсөн доорх эрдэнэс үү” хэмээн ажиглагчид асуусан хэвээр. Харин Ерөнхий сайд С.Батболд эрх баригч намын даргын хувьд энэ бүхэнд ингэж хариулав. “СоцИнтернээс хүн төвтэй хөгжилд анхаарч, чинээлэг, дундаж давхаргыг бүрдүүлэх, баян, ядуугийн ялгааг багасгах чиглэлээр баримталж буй бодлогыг манай нам дэмжиж ажиллах болно” гэж.

 “Эдийн засгийн өсөлтийг байгаль орчны үүрэг, хариуцлагатай холбох нь: Хөгжлийн хос шаардлага”, “Ази, Номхон далайн бүс нутагт нийгмийн ардчиллыг хөгжүүлэх нь” сэдвээр хоёр өдөр хуралдсан Ази, Номхон далайн бүсийнхэнд аминчлан хэлэлцэх олон асуудал байсан. Австрали бол уул уурхайн гигантуудын эх орон. Тэд хөрсөн доорх баялгаар хөгжлийг хэрхэн бүтээдгийг дэлхий нийтэд харуулсан. Харин одоо ашигт малтмалыг эдийн засгийн хөгжлийн “Алт” болгох аргыг улс орнуудад зааж өгч байна. Грект хямрал нүүрлэж, Америк биш, Афин дэлхийн санхүүгийн ээлжит хямралын автороор тодорлоо. Тэгвэл Зүүн Тимор… Тус улсын орлогын эх үүсвэр нь нефть. Монголчууд байгалийн баялгаас олох орлогоо иргэдэд тэгш хуваарилах талаар хэлэлцэж, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг УИХ баталсан бол зүүн тиморчууд Газрын тосны сан байгуулжээ. Тэгвэл Ази, Европ, Африк тивийнхнээс ялгарах Монголын онцлог юу вэ. Мэдээж хэрэг, өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг. Гэвч хоёр сая гаруй хүнийг хэрхэн хөгжүүлж, хангалуун амьдруулж, оюуны капитал бий болгох нь манай улсад тулгамдаж байна.   

Эрх баригч хүчнүүдийг эгнээндээ нэгтгэсэн СоцИнтерний Ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала Ардын намыг юу гэж дүгнэв. Тэрбээр Ази, Номхон далайн бүсийн хорооны хурлын үеэр “Ардын нам бол СоцИнтерний бүрэн эрхт гишүүн юм. Үнэт зүйлсээ эрхэмлэж, улс орондоо төдийгүй бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх, нийгмийн ардчиллыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгааг нь бид үнэлдэг. Хүндрэл, бэрхшээл багагүй байгаа энэ үед эдийн засгийг дэлхийн дулаарал, байгаль, экологийн асуудалтай уялдуулан хөгжүүлэх сэдвээр гишүүн намууд маань Улаанбаатарт чуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш” хэмээн онцолсон юм. Харин энэхүү хурлыг удирдсан УИХ-ын гишүүн С.Баяр “Дэлхийн улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэдэг ийм том байгууллага СоцИнтернээс өөр байхгүй. Зүүн төвийн үзэл баримтлал хэмээгч нь Европт анх үүсч, Ази, Африк, Латин Америкт хүчээ авч байгаа. Тиймээс СоцИнтерний баримталдаг бодлогоос зөвхөн нэг улс биш, дэлхий дахины хөгжил хамаардаг. Ер нь эдийн засгийн хөгжлийг хүний хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ. Уул уурхайг байгаль хамгааллын зөв бодлоготой яаж хослуулах вэ зэрэг тулгамдсан асуудлууд Монголоос гадна олон оронд бий. Дэлхийн эдийн засаг, банк, санхүүгийн байдал амаргүй байна. “Хямралын хоёр дахь давалгаа айсуй” хэмээн харанга дэлдэж эхэллээ. Евро бүсэд өрнөж буй үйл явдлууд, АНУ-ын банк, санхүүгийн зах зээл дээрх бэрхшээлүүд улам хурцдаж байна. СоцИнтерний Ази, Номхон далайн бүсийн хорооны ээлжит хурлын үеэр бид эдийн засаг, байгаль орчны хөгжилд тулгамдсан асуудлуудыг хөндлөө. Нөгөөтэйгүүр нийгмийн ардчилсан үзэл санааг энэ ертөнцөд түгээн дэлгэрүүлэхэд Ази, Номхон далайн бүс нутгийн онцлог, давуу тал нь юу байх вэ гэдгээ ч ярилцсан. СоцИнтерний их хурал ирэх онд болно. Үүнээс урьтаж, гишүүн намууд нь нийт 30-аад асуудлын талаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэлээ. Харин Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх Л.Саянаа “Дэлхий нийтийн сэтгэлийг түгшээсэн сэдвүүдийн нэг бол байгаль орчин. Тиймээс нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай намууд үйл ажиллагаа, улс төрийн бодлогодоо хүн рүү чиглэсэн эдийн засгийн бодлогыг тусгаж байгаа. Гэхдээ үүнийг байгаль орчныг хамгаалахтай хэрхэн уялдуулах вэ гэдэг нь чухал юм. Тийм учраас бүсийн хорооны хурлын нэг сэдвийг үүнд чиглүүллээ. Хурлын үеэр уул уурхай салбар дахь нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын зүгээс байгаль орчинд нөхөн сэргээлт хийх талаар хөндсөн. Харин нийгмийн ардчиллыг хөгжүүлэхдээ бид “Хүмүүсийн аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ. Баримталж буй бодлого маань хүний амьдралд бодитойгоор нөлөөлж байна уу. Өрх гэр, гэр бүлээс бүрдсэн улс орныхоо хөгжлийн бодлогод нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг яаж тусгах вэ” гэдэгт анхаарах ёстой” гэсэн юм.

СоцИнтерний гишүүн намуудын төлөөлөгчдийн хөндсөн өөр нэгэн сэдэв бол нийгмийн ардчиллыг хөгжүүлэх тухай юм. Шведийн төлөөлөгч “Манай улсад нийгмийн ардчилал хангалттай түвшинд хөгжсөн. Гэхдээ зөвхөн уламжлалт сэтгэлгээн дээр суурилалгүйгээр шинэ, содон зүйлсээр баяжуулах хэрэгтэй” гэсэн бол Зүүн Тимороос хүрэлцэн ирсэн эрхэм “Залуустай хамтран ажиллах нь чухал. Тэд ч бас баялаг юм шүү дээ” гэв. Харин УИХ-ын гишүүн асан А.Цанжид “Ази, Номхон далайн бүс нутагт нийгмийн ардчилсан үзлийг улам хөгжүүлэх хэрэгтэй. Монголчууд социалист нийгэмд амьдарч үзсэн. Тэгвэл өнөөдөр ардчилсан нийгэмд аж төрцгөөж байна” гэв. Хуралд оролцсон төлөөлөгчдөөс хамгийн их сонирхол татсан эрхэм бол Мъянмар буюу Бирмийн Ардчиллын төлөөх ард түмний хөдөлгөөнийг төлөөлөн ирсэн ноён Тинт Свэ. Энэтхэгийн нийслэл Дели дэх Бирмийн төвийн тэргүүнээр ажилладаг түүнээс “Танай улс бол цэргийн дэглэм ноёрхсон орон. Тиймээс нийгмийн ардчиллыг хөгжүүлэх боломж бий юү” хэмээн асуухад “Ардчилсан хүчний удирдагч, Нобелийн энхтайвны шагналт хатагтай Ан Сан Су Кийн удирдлагаар бид улс орондоо ардчиллыг хөгжүүлэхийн төлөө тэмцэж байна. Үүний үр дүнд нөхцөл байдал өмнөхөөсөө эрс өөрчлөгдөж байгаа. Улаанбаатарт хотноо зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ геополитикийн хувьд маш их ач холбогдолтой” хэмээв. Мъянмар, Камбож улсын улс төрийн хүчнүүд СоцИнтерний гишүүн бус учраас бүсийн хуралд зочноор оролцсон юм. Дашрамд сонирхуулахад, Ардын нам нь Парис хотноо 1999 онд болсон СоцИнтерний XXI их хурлаар ажиглагчийн статустай болсон бол 2003 онд Бразилийн Сао Пауло хотноо хуралдсан XXII их хурлын үеэр тус байгууллагын жинхэнэ гишүүнээр элсчээ.  

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж