
Асуултын эзэн Н.Батбаяр нөхдийнхөө хамт чин үнэнээсээ инээж, хөхөрч сууна билээ. Энэ хариулт эзнийхээ хичнээн тайван, хүчирхэг байгааг харуулсан юм. Үүнтэй ижил асуулт хариулт одоогоос дөрвөн жилийн өмнө яг энэ танхимд өрнөж байсан юм. Тэр үед Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан Ерөнхий сайд М.Энхболдод хандан “Таныг газрын наймааг цэцэглүүлсэн, авлигын загалмайлсан эцэг гэдэг. Энэ үнэн үү” гэж асуусан. Тэгэхэд М.Энхболд “Б.Жаргалсайхан гишүүний асуултад хариулъя. Таныг ингэж бодож яваад харамсаж байна” гэж хариулсан юм. Хариуд нь “хэрүүлч” Жагаа юу ч хэлээгүй юм даг. Энэ бол хүчирхэг хүний товч хариулт. Ийм хариулт өгч байгаа асуудлын гогцоо болсон нөхрийг хэн ч, яаж ч чаддаггүй.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах, эсэх тухай яриа, үүний гол үндэс нь Оюутолгойн гэрээний асуудал улс төрийн хүрээний гол сэдэв байлаа. УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүлсэн 20 гишүүний дотор Ардын намын нэр бүхий гишүүд байсан нь асуудлыг бүр ч сонирхолтой болгосон юм. Үүний дараа УИХ дахь Ардын намын бүлэг хурлаа өргөтгөн “Элит”-д хуралдсан. Энэ үеэр “Намын бүлгийн зарим гишүүн хурал хаяж гарсан, Сангийн сайдын суудлыг буцаан авч, оронд нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын суудлыг өгөхөөр тохиролцож гэнэ” гэсэн мэдээлэл тархсан юм. Гэвч УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэвлэлийн бага хурал зарлаж, бүлгийн хурлын үеэр ганц хоёр гишүүн ийм зүйл ярьсан ч албан ёсоор санал хурааж хэлэлцэхдээ тулаагүй хэмээн үгүйсгэсэн. Хэдийгээр намын бүлгийн дарга гал унтраах зорилгоор албан ёсны мэдээлэл өгсөн ч эх сурвалжууд нөхцөл байдал ноцтой байгааг нотолсоор байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрыг огцруулах асуудлаар арав гаруй гишүүний гарын үсэгтэй бичиг өөрт нь ирсэн, гарын үсэг зураад явуулснаа “хүлээн зөвшөөрсөн”. Ийм “хүчтэй Засгийн газрыг нам дотроосоо эвсэн хуйвалдаж л унагадаг түүхтэй.
Ямартай ч УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газрыг “шинэчлэх” зорилго зарим улстөрчдөд байгаа нь тодорхой болоод байна. Харин тэд ямар үндэслэлийг гол болгож асуудлаа тавих бол гэдэг нь сонирхолтой. Ерөнхий сайдын хувьд энэ мэтийн асуудалд огтхон ч цочирдохгүй байгаа нь илт харагдаж байна. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ үүнийгээ улам тод илэрхийлсэн.
Товчхондоо эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд түүний Засгийн газрыг гайхамшигтай сайн ажилласан болгож харагдуулах том шалтгаан яах аргагүй мөн ажээ. Үүнд хямралын үед хасах 1.6 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд зургаа орчим хувьд, энэ оны эцсээр 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 3000 орчим долларт хүрээд байна. Эдийн засгийн өсөлт тогтвортой байвал 2012 оны эцэст хөтөлбөрт дэвшүүлсэн 5000 долларт хүрэх бололцоо бүрдэнэ гэсэн энэ хоёр том дэвшлийг дурьдахад л хангалттай.
Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг удирдах Удирдлагын багийг сонгон шалгаруулж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулсан. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөрийг Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчлэн боловсруулж, шинэ стандарт, хөтөлбөрийг туршиж эхэлсэн. Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг нэгтгэх шийдвэр гаргаж, нийт их, дээд сургуулийн тоог бууруулах, чанарыг нэмэгдүүлэх арга хэмжээний дүнд өнөөдөр их, дээд сургуулийн тоо 42-оос 14 хүртэл цөөрсөн гээд Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөхүйц ач холбогдолтой олон ажлын эхлэлийг тавьжээ.
Үе үеийн Засгийн газарт “шүдний өвчин” нь болсоор ирсэн ажилгүйдлийн хувь хэмжээг багасгаж, ажилгүйчүүдийн эзлэх хувь 8.7 хувь хүртэл бууруулж чадсан. Хүний хөгжлийн индексээр урьд хожид байгаагүйгээр эрчимтэй өсөж, дундаж үзүүлэлттэй орнуудын тоонд багтсан. Энэ мэтийн түүхэнд байгаагүй ахиц өөрчлөлтүүд түүний Засгийн газрыг огцруулах оролдлогуудыг няцаах болно гэдэгт С.Батболд болон түүний нөхөд бардам байгаа. Дээр нь төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнгөрсөн сонгуулиас хойш 30 хувиар нэмээд байсан. Одоо 50 хувиар нэмэх гэж байгаа. Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх их амлалтаа ирэх сонгуулиас өмнө биелүүлнэ, Тавантолгойн ордоос иргэн бүр 536 хувьцаа эзэмших болсон зэрэг таатай үр дүн хангалттай бий. Эдгээр нь “Ийм ажил хийсэн Засгийн газрыг огцруулсан нөхөд өөрсдөө тэнэг болж харагдах” тийм сэтгэхүйг нийгэмд бий болгосон.
“Сайн” Засгийн газар хийсэн ажлын үр дүнгээрээ огцруулах хүсэлтийг нам дардагийг С.Батболдын Засгийн газар харуулсан. Түүнчлэн Ардын намын даргад боловсролоор гайхуулж, мөнгөөр хахсан залуусын болон эмэгтэйчүүдийн байгууллагын хүч том түшиг болж байгаа. Ийм хүчирхэг хана хэрмийг буй болгосон, олон нийтэд таалагдсан арга хэмжээгээр дүүрэн Засгийн газрыг огцруулахад амаргүй л болов уу.
Товчхондоо С.Батболд хүчтэй байна. Улам хүчирхэгжсээр байгаагийн нь илрэлийг Хамтарсан Засгийн газрыг харвасан сум хад мөргөн эргэж ойхдоо эзнээ ниргэчих гээд байгаагаас харж болно. Ямартай С.Батболд “УИХ-ын сонгуулийн өмнөх хамтарсан Засгийн газрууд хагарч бутардаг уламжлалтай” гэх түүхийн улбаатай таамаглалыг үгүйсгэж мэдэх юм. Урьд хожид байгаагүй амжилтыг тогтоодог С.Батболдын өвөрмөц технологи энэ удаад ч биелэх магадлал өндөр байна.
"Улс төрийн тойм" сонин
