
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хороо, тавдугаар байрны хажуухан талд автобусны буудлын харалдаах траншейнд эрэгтэй хүн унаж, нас барсан байна гэх мэдээлэл өнөөдөр 12.40 цагийн орчимд Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвийн 102 утсанд иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эрэн хайх 1-р бүлгийн таван аврагч 13.00 цагт тус газарт очиж, ажилласан байна. Аврах ангийнхныг очиход ойр хавьд хүн байхгүй, хүмүүс анзаараагүй байсан гэнэ. Харин биднийг тухайн газар очиход 40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсан бөгөөд хөх өнгийн дотуур өмд, хар богино майктай байсан ба өвчний улмаас траншейнаас гарч чадалгүй байсаар амьсгал хураасан гэлтэй хэтэрхий туранхай, хамаг биеийнх нь яс нь хэрзийсэн байх нь харагдсан. Улмаар аврагчид цогцсыг гаргаж, харьяа дүүрэг болох Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнд хэргийг шилжүүлэн өгсөн юм.
Н.Туул