
“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагаас өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд таван зүйл бүхий шаардлага хүргүүлж буй тухайгаа мэдээллээ. Хэвлэлийн хуралд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын үүсгэн байгуулагч Х.Бат-Ялалт, тэргүүн н.Батбаатар, шүүхийн буруутай шийдвэрээс хохирсон гэх иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байв. Тэд төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдэд таван зүйл бүхий шаардлага хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм. Тус шаардлагад, хуулийн байгууллагын буруутай шийдвэрээс болж хохирсон, асуудлаа шийдүүлж чадахгүй яваа 500 иргэний материалыг шалгаж өгөх, шүүгч алдаатай шийдвэр гаргасан бол хариуцлага тооцохыг шаардаж буй тухай багтсан байв. Түүнчлэн Улсын Дээд шүүхийн шүүгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчлөх, олон жил маргаантай, шийдэл нь тодорхойгүй хэрэг, маргаанд шүүгчийн алдаа байсан эсэхийг эргэн хянах талаар дурджээ. Тэдний тавьж буй дараагийн шаардлага нь шүүгчийн шийдвэр зөвхөн төрийн нэрийн өмнөөс гардаг байх явдал. Учир нь шүүгчийн шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж байгаа нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзжээ. Мөн шүүх хуралд байлцаж буй иргэдийн төлөөллийг санал оруулах төдий бус шийдвэр гаргадаг болгох нь зүйтэй гэх саналыг дэвшүүлж байгаа аж. Мөн ард түмний шүүх байгуулж, шүүхийг шинэчлэх ажлыг бодитоор хийж, шүүхийг бус шүүгчийг шударга ажилладаг болгохыг сануулж буйгаа дуулгасан юм. Түүнчлэн тус байгууллагаас Хүний эрхийг дархлаажуулах талаар хийж буй санал санаачилгыг дэмжиж, бодит ажил болгох шаардлага байгааг анхааруулж байв. Энэ нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд иргэний эрхийг дархлаажуулахыг шаардаж байгаа юм байна. Тэдний зүгээс тавьж буй шаардлагын төгсгөлд төрийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх тухай багтжээ. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, сахилга бат, ажлаас чөлөөлөх томилох асуудал, цаг бүртгэл зэргийг иргэний байгууллага хянадаг болохыг шаардсан байна.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас дээрх таван шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой эсэх асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдийг энэ сарын 15-ны дотор биечлэн уулзахыг хүсчээ. Улмаар дээрх таван шаардлагыг хэрэгжүүлэх бодит шаардлага байгааг судлах ажлын хэсгийг энэ сарын 20-ны дотор байгуулахыг шаардлагадаа тусгасан байна. Дээрх товлосон хугацаа долоо хоногоор хойшилж болох гэнэ. Хэрэв тус ТББ-аас тогтоосон хугацаанд хариу өгөхгүй, шийдэлд хүрэхгүй бол дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ ч дуулгав. Тэд Сүхбаатарын талбайд суулт зарлаж, тэмцлийн дараагийн алхмуудыг хийх гэнэ.
Тэд “Бидний тэмцэл бол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэл. Харин улс төрийн шинж чанартай, эрх мэдлийн төлөө тэмцэл биш. УИХ-ын зарим гишүүд Дээд шүүхийг шүүмжилж байгаатай ч холбоогүй. Таван жилийн турш энэ ажлуудыг хийхийг шаардаж ирсэн ч үр дүнд хүрээгүй. Одоо дахин хүлээх цаг байхгүй учир дээрх шаардлагуудыг хүргүүлж байна” гэсэн юм.
С.Отгон