
Тэгвэл түүний дараа орохуйц их хэмжээний орлого олсон гишүүнээр Б.Чойжилсүрэн удаалж байна. Б.Чойжилсүрэн УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ Увс нутгийнханд арван мянгатын дэвсгэртийг цацах шиг болсныг сөрөг намынхан нь нууц нүдний шилэн камераар бичээд авчээ. Энэ бичлэгийг нь тухайн үед телевизээр цацаж байв. Зөвхөн үүнийх нь төлөө түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасах байсан ч харамсалтай нь Б.Баттулгын өмгөөллөөр “хууль бусаар” сонгогдсон гишүүдийн нэг болсон юм.. Нэгэнтээ УИХ-ын гишүүний тангараг өргөсөн түүнд суудал нь зохимжтой байгаа бололтой, ашиг орлого нь 4 тэрбум 55 сая 185 мянган төгрөгт тооцогдох болжээ. Өөрөөр хэлбэл нэг жилийн хугацаанд түүний орлого гурван тэрбум орчим төгрөгөөр өсчээ. 2008 онд түүний орлого нэг тэрбум 361 сая төгрөг байсан юм. 2008 онд түүний эзэмшилд “Хурд-Хүнс”, Хурд-Авто”, “Хурд-групп” гэсэн гурван компани байсан бол жилийн дараах байдлаар “Рапид харш”, “Хаус инвест” гэх хоёр компани нэмэгдсэн байх юм.
Харин хүрэл “медаль”-ийн болзлыг Л.Энэбиш агсаны хүү Мөнх-Очир гишүүн хангажээ. Түүний орлого 2008 оны сонгуулийн жилд 675 сая төгрөг байсан бол өнгөрсөн онд нэг тэрбум 309 сая төгрөг болж хоёр дахин өсчээ.
Нөгөөтэйгүүр нарийн харвал сонирхол татахуйц хөрөнгө, мөнгөтэй гишүүд байх юм. Тэднээс хамгийн түрүүнд эрхэм гишүүн Д.Балдан-Очирыг онцолж болно. "Монгол мал" хөтөлбөрийг санаачлаад малчдад хамгийн “ээлтэй” түшээгээр шалгараад буй түүнийг ашиг сонирхлын зөрчлөөр асуудалд хандаагүй гэхийн баталгаагүй аж. Тэрээр УИХ-ын гишүүдээс хамгийн их малтай нь. 2009 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2800 толгой бог малтай гэж бөглөжээ. Сонирхолтой нь түүний мал өсдөггүй, буурдаггүй аж. Өмнөх жил нь ч 2000 хонь, 800 ямаатай гэж мэдүүлсэн байх юм. Харин 2008 онд “Дархан гурил тэжээл” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг байсан бол энэ жил эзэмшихээ больсон байна. Өөр ямар нэгэн хөрөнгийн эх үүсвэргүй учраас “Монгол мал” хөтөлбөрөөр дагнаж буй нь арга ч үгүй бололтой юм.
УИХ-ын чуулганы танхимд хааяа малчдын төлөө үг хэлж суудаг дархан аварга Б.Бат-Эрдэнэ 285 бод, 2200 бог, хурдан удмын 20 адуутай.
Тэгвэл данс нэгтэй гэж хэлж болохуйц хэд хэдэн УИХ-ын гишүүн, төрийн сайд нар байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын “Женко Тур Бюро” ХК-ийн 200 ширхэг хугацааг хотын дарга асан УИХ гишүүн Ц.Батбаяр эзэмшдэг. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 ширхэг, Шадар сайд М.Энхболд 200 ширхэг, Ч.Улаан таван ширхэг хувьцаа эзэмшдэг аж.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн 24 хувийг нь эзэмшдэг “Бриж групп”-ын арван хувийг эрхэм гишүүн Д.Сэдванчиг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Тэрээр хадгаламжиндаа 87 сая төгрөгтэй.
Харин багагүй шуугиан болж байж хувьчилсан “Говь” ХК-ийн хувьцааг бас л цөөнгүй тооны гишүүд эзэмшдэг аж. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гурав, Ц.Батбаяр 10, М.Энхболд 10 хувьцаа эзэмшдэг бол Дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг 35 ширхэг хувьцаа эзэмшдэг байх жишээтэй.
Тэгвэл УИХ-д суугаа ганц Улсын баатар Э.Бат-Үүл гишүүний орлого 13 сая 366 мянган төгрөг. Түүнд өөрийнх нь амьдарч байгаа орон сууцнаас өөр компани, үл хөдлөх хөрөнгө байхгүй гэнэ. Тэр ч бүү хэл автомашингүй аж. Тэрбум, тэрбумаар тооцогдох орлоготой бусдынхаа хажууд тэрээр ёстой л “гуйлгачин” гэсэн үг. Олигархуудыг “устгах” талаар ширүүхэн шүүмжилж, шүүмжлэлтэй лекц уншдаг Монгол Улсын баатар өөрөө нийтийн орон сууцнаас өөр өмчгүй аж. Энэ мэтээр УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын талаар танилцуулгын нэгээхэн хэсгийн тухай мэдээллээ энэ удаадаа үүгээр дуусгая. Мэдээж хэрэг эрхэм гишүүдийн илт орлогожсонд иргэд бухимддаг ч Авлигатай тэмцэх газар өөрсдөө тэдний орлогын гэнэтийн өсөлтийг шалгах эрхгүй байгууллага гэдгийг энд сануулах юун. Хэрвээ танд тэдний орлого хуудуутай санагдвал та Авлигатай тэмцэх газарт өргөдөл гарган шалгуулах нь харин нээлттэй асуудал буй за.
Л.НАРАНТӨГС