“Metals Mongolia 2011” чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.10.10-нд нийтлэгдсэн

“Metals Mongolia 2011” чуулга уулзалт болно

 Б.Ганбат: Ховор металын аж үйлдвэржилтийг хөгжүүлсэн орнууд бидэнтэй хамтрах сонирхолтой байна

Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Metals Mongolia 2011” чуулга уулзалтыг энэ оны арваннэгдүгээр сарын 3, 4-нд анх удаа Төрийн ордонд өндөр дээд хэмжээнд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан ховор метал, газрын ховор элементийн талаар ҮХШХ-ны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганболдтой ярилцлаа. Тэрбээр Төрөөс газрын ховор металын талаар баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга юм.

-Бусад ашигт малтмалтай харьцуулахад дэлхий дээр газрын ховор метал, элементийн үнэ харьцангуй өндөр байна. Үнэ өсч буй шалтгаан нь юунд байна вэ? 
 
-Уг баялгийн  нөөц маш хязгаарлагдмал. Дэлхийн бөмбөрцөгийн цөөхөн цэг дээр ховор метал бий. Бие биеээ даган тогтсон байдаг. Нөгөө талаас нөөц байгаа орнуудад хүрч ашиглахад хэцүү, дэд бүтэц хэрэгтэй. Мөн Африк, Латин Америкийн зарим орнуудад улс төрийн янз бүрийн шалтгааны улмаас хөрөнгө оруулалт хийж ашиглах бололцоо муу байна. Түүнчлэн, ховор метал, элементийг ашиглалт нэмэгдсэн. Ялангуяа, өндөр технологийн салбарууд эрчимтэй хөгжиж байгаа тул ховор метал, элементийн эрэлт улам бүр өсч, үүнийгээ дагаад үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж байна.

-Саяхан Хятад, Япон хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Үүний улмаас Хятад улс Япон руу ховор элемент экспортлохоо зогсоосон. Энэ нь Японы өндөр технологийн салбарт нэлээн хүндрэл учруулсан тул тус улсын ерөнхий сайд гурав дахь ч улсаас ховор метал, элемент худалдаж авъя гэсэн шинэ зорилт дэвшүүлсэн. Тэгвэл гадны өндөр хөгжилтэй орнуудын сонирхолыг бид улс орондоо ашигтай байдлаар шингээх ямар боломжууд байна вэ?

-Боломжууд бий. Манай улсад илрээд байгаа ховор металын илэрцүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглаагүй байгаа. Хоёрдугаарт, та хэллээ, өнгөрсөн жил Хятад, Японы хооронд үүссэн маргаанаас болж урд хөрш Япон дахь экспортоо зогсоосноос тус улсын аж үйлдвэр, ялангуяа электроник, мэдээлэл, сансрын технологитой холбоотой салбарууд нэлээн хүнд байдалд орсон. Иймээс Япон улс бусад орноос шинэ зах зээл, нийлүүлэлтийг хайх бодлогоо гаргасан байгаа. Мөн сүүлийн жилүүдэд ховор метал, элементийн үнэ зах зээл дээр тасралтгүй өсч байгаатай холбогдуулан гол хэрэглэгч орнуудад эрэлт нь тасралтгүй нэмэгдэж, манайхаас ховор метал импортлох сонирхолоо илэрхийлж байна. Үүнтэй холбоотойгоор манай улс ховор металыг цаашид хэрхэн ашиглах, улс орнуудтай ямар түвшний харилцаа үүсгэх зэрэг асуудлыг ярилцах цаг болсон гэж үзэж байгаа.

-Уг салбарт төрөөс баримтлах бодлогын төсөл боловсруулахаар ажлын хэсэг томилогдсон. Төлөвлөж тооцоолох ажил нэлээн их байна уу?

-Ховор элементтэй холбоотой асуудлыг Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулж байгаа. Гэвч энэ хуульд ховор элементийн талаар ерөнхий тодорхойлолт өгсөн боловч түүнийг хэрхэн олборлох, ашиглах, үйлдвэрлэх тухай зохицуулалт байхгүй. Нөгөөх нь Ашигт малтмалын тухай хууль юм. Үүнд ховор металын талаар тусгай заалт байхгүй. Зөвхөн хавсралт дээр нь ховор металыг олборлох, экспортлох бол жишиг үнийг хүснэгтээр тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл, ховор метал, элементийн талаар эрхзүйн зохицуулалт нэлээн бүрхэг байна. Энэ хоёр хуулийн хүрээнд явбал ховор металыг олборлох, ашиглах, цаашлаад боловсруулах, аж үйлдвэр бий болгож хөгжүүлэхэд төвөгтэй. Түүнээс гадна бид мэдлэгт суурилсан технологийн аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж зорьж байгаа үед энэ зохицуулалт нь хангалтгүй юм. Бусад оронд ховор элементээс гадна стратегийн металыг чухалчлан авч үзэж байгаа. Энэ чиглэлд өнөөдөр манайх молибден, цайр, хар тугалга зэргийг олборлож байгаа боловч түүхийгээр нь гаргаж байна. Энэ нь хайран байна. Дэлхийн зах зээл дээр асар их үнэ хүрэх, нөгөө талаас бид нэмүү өртөг шингээн борлуулж болох хязгаарлагдмал нөөцтэй баялгаа түүхийгээр гаргах нь буруу. Тийм учраас ховор метал, элементийн талаар төр баримтлах бодлоготой байх нь зүйтэй.

-Ажлын хэсгийн ажлын явц ямар байна вэ?

-Өнгөрсөн наймдугаар сард манай хороон дээр Төрөөс ховор металын талаар баримтлах бодлогыг боловсруулах ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсэгт төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна ховор металын геологийн боловсруулалт, ашиглалтын чиглэлээр судалгаа хийдэг байгууллагуудын төлөөлөл орсон. Бид ховор металыг ашиглах асуудлаар улстөрч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах зорилгоор өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жилийн 10 дугаар сард Германы талтай хамтраад Монголын ховор металыг түшиглэн аж үйлдвэрийг хөгжүүлэх бололцоо хэр байна вэ гэсэн сэдвээр онол практикийн бага хурал зохион байгуулсан. Энэ хурлаар Монголд ховор элемент, металын хэр хэмжээний нөөц, ямар ордууд байна, үүнд түшиглээд аж үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх бололцоотой вэ, гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татах гэх зэрэг асуудлыг ярьсан байгаа. Энэ хурлын дараа бид зөвлөмж гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, салбарын яаманд хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзсэн байгаа. Ажлын хэсэг энэ оны арванхоёрдугаар сар гэхэд Төрөөс ховор металын талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж өргөн баръя хэмээн зорьж байна.

-Мэдээж судлах, хийх ажил их байгаа байх. Гэхдээ бодлогын баримт бичгийн ерөнхий дүр төрх, үзэл санаа гарсан уу?

-Өнөөдрийн бодлогын бичиг баримт, зохицуулалт дээр ховор металыг ашиглах асуудлыг зохицуулсан эрхзүйн орчин хангалтгүй байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр ховор металын эрэлт өндөр байгаа энэ үед баялгаа зөв ашиглах шаардлагатай. Мөн Монгол Улс мэдлэгт суурилсан аж үйлдвэрийн үндсийг тавих эхлэлийн цэг байж болох юм гэдэг талаас нь төрийн бодлогод хамгийн түрүүнд геологийн эрэл хайгуулыг үргэлжлүүлэх, нөөцүүдийг шинэчлэн тогтоох, хамгийн гол нь ашиглахдаа бусад эрдэс баяллагтай адил түүхийгээр нь гаргахгүй байх бодлогыг барих ёстой. Өөрөөр хэлбэл, аль болох баяжуулах, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрүүдийг бий болгох нь хамгийн зөв юм. Ингэснээр бид эдийн засгийн үр ашиг хүртэхээс гадна ховор метал маш их мэдлэг шингэсэн салбар юм. Тухайлбал, бидний хэрэглэж буй шилэн кабел, LCD дэлгэц, хөргөлтийн аппратыг ховор металаар хийдэг гэх зэргээр маш олон аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломжтой. Ийм учраас завсрын бүтээгдэхүүн, эд ангийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг Монголдоо байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэхээр ховор металыг ашиглана гэдэг нь үйлдвэржилтийн бодлогын хэсэг болно, мөн уул уурхай ашигт малтмалын бодлогын хэсэг болно. Мэдлэгийн эдийн засаг инноваци, ирээдүйн эдийн засгийг хөгжүүлэх бодлогын том бүрэлдэхүүн хэсэг болох юм. Үүнтэй холбоотой боловсон хүчин бэлдэх, судалгааны байгууллагуудыг бэхжүүлэх, санхүүгийн хөрөнгө оруулалтаа хэрхэн дэмжих үү, гадны хөрөнгө оруулалтыг яаж татах уу зэрэг асуудлыг цогцоор нь төрийн бодлогод тусгах байх гэж бодож байна.

-Өөрөөр хэлбэл, өндөр технологийн аж үйлдвэрийг мэдлэгт суурилсан эдийн засаг, уул уурхайтай холбож өгөх гарц гэж ойлгож болох нь ээ?

-Манай улсад уул уурхайгаас их хэмжээний орлого орж байна. Гэхдээ баялгаа ухаж түүхийгээр нь гаргаж орлого олж байна. Яахав, зэс дээр баяжуулж чадаж байна. Тэгэхлээр урт хугацаанд улсын хөгжилд чухал байх мэдлэгийн салбарыг хөгжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, ховор метал, цаашлаад цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбар гэх зэргээр манайд түүхий эд нь байгаа боловч мэдлэг, технологийг хамгийн ихээр шингээдэг салбарыг хөгжүүлэхийн тулд их сургууль, судалгааны байгууллагуудаа хөгжүүлэх, гадны технологиудыг оруулж ирэх зэргээр олон асуудлыг шийдвэрлэх бололцоо гарч ирэх юм. Тийм учраас бие даасан бодлого гаргах нь чухал гэж үзэж байна.

-Газрын ховор элементийн хэдий хэрийн нөөц байна вэ, манайд Лугийн гол хамгийн их судлагдсан гэдэг?

-Лугийн голын нөөцийг 1970 оны үед германчууд тогтоосон. Өнөөдрийн байдлаар 40 орчим мянган тонн нөөц байгаа. Гэхдээ дахин шинэчлэн тогтоовол нөөц хэрхэн нэмэгдэхийг хэлэх аргагүй. Ерөнхийдөө ховор элемент нэг илэрц дээр байна гэдэг нь нөөцөөрөө дээгүүрт ордог Бразил, Малайз зэрэг орнуудын нөөцтэй манай нэг орд тэнцүү байгаа юм л даа. Тэгэхээр Лугийн гол, Халзан бүргэдэй зэрэг ордуудаа дахин судлах, дотор нь байгаа элементүүдээ нэг бүрчлэн тогтоох шаардлагатай.

-Нөөц чамлахааргүй байна. Тэгвэл энэ нь гадныхны сонирхолыг хэр их татаж байна вэ, нааштай ямар санал ирж байна вэ?

-Өнгөрсөн онд Япон, Хятадын үл ойлголцлын дараа Японы тал Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг тус улсад айлчах үеэр энэ асуудлыг тавьсан байдаг. Мөн Германы тал газрын ховор элементийг хамтран ашиглах, ялангуяа судалгаа, геологи хайгуулийн түвшинд хамтран ажиллах саналаа хэлж байна. Энэ чиглэлээр ойрын үед хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр байгаа. Ховор металыг ашигладаг гол гол аж үйлдвэрүүдийг хөгжүүлсэн орнууд ерөнхийдөө Япон, Герман, АНУ юм. Ихэнх зах зээлийг эдгээр орон эзэлж байна. Тэгэхлээр технологийг нь эзэмшсэн, аж үйлдвэрээ хөгжүүлсэн орнууд бидэнтэй хамтран ажиллах сонирхолоо илэрхийлж байгаа нь цаг хугацааны хувьд их таатай юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Германы Засгийн газраас эрчим хүчний бус эрдэс баялгийг хөгжүүлэх стратегиа гаргасан байгаа. Уг стратегийн дагуу ховор метал байдаг орнуудтай түншлэх, хөрөнгө оруулалт хийх, хамтарсан үйлдвэрүүдийг тухайн орнуудад байгуулах, технологи, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр дамжуулах зэрэг бодлого гаргасан. Энэ нь бидний хүсч байгаа зүйл юм.

-Эдийн засгийн үр ашиг талаасаа газрын ховор элемент алт, нүүрсээс илт давуу гэж үздэг юм билээ?

-Уг баялаг түүхий эд хэлбэрээр ч гэсэн өндөр үнэтэй байгаа. Кг нь 30-6000 ам.доллар байна. Энэ бол түүхий эд хэлбэрээр шүү дээ. Нэмүү өртөг шингээгээд гаргавал үнэ хэд дахин өснө. Тухайлбал, литиеионыг батрейнд хэрэглэдэг. Бензины үнэ тасралтгүй өсч байгаа энэ үед зай хураагуураар явдаг машин ихээр зохиож байна. Цэнэгээ удаан хугацаагаар барьдаг батрейг литиеионоор хийдэг. Үүний нөөц манайд байх боломжтой. 2050 он гэхэд дэлхийн нийт машины 50 хувь нь батрейгээр явдаг болно гэсэн судалгаа бий. Тэгэхээр бидэнд боломж байгааг харж болно.

-Газрын ховор элементийг ашиглахтай холбоотойгоор байгаль орчны асуудал хэрхэн хөндөгдөх вэ?

-Ховор металын ордууд хэмжээ бага. Энгийнээр тайлбарлавал жижиг уул, дов шиг зүйлүүд байдаг. Тухайлбал, 40 мянган тонны нөөцтэй Лугийн гол шиг ордуудыг байгаль орчинд аль болох хал багатай технологиуд ашиглан олборлох боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Mining.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж