
Өглөө бүр ажилдаа яарсан болон хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гүйх хүмүүсийн дүр зураг намрын энэ өглөө ч давтагдана. Өнгөрсөн баасан гарагийн өглөө ч яг л ийм байв. Навчис, яарсан хүмүүс гээд л. Гэтэл дөрвөн жил ажиглаад хэзээ ч уйдаагүй нэгэн хүн энэ удаа харагдсангүй.
Улсын их дэлгүүрийн хойд талын байрууд дунд миний мэдэхийн дөрвөн жил гаруй амьдарсан хүн л дээ. Миний л мэдэхийн тэр шөнөдөө манай байрны гадаа хоночихоод өдөр нь хоол хүнсээ цуглуулахаар хаашаа ч юм яваад өгдөг байсан.
Уг нь тэрбээр 08.00 цагийн орчим цэцэрлэгийн хашаанд унтаж байсан газраасаа дөнгөж босч байдаг сан. Гэтэл тэр өнөөдөр алга аа. Ойр орчмоо ажиглатал өглөөний цайныхаа эрэлд гарсан бололтой. Тэр өнөөдөр надаас эрт сэрсэн юм байж л дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түүнийг "хөлдөж үхчихгүйхэн шиг яаж амьдарч байсан юм бол" гэж гайхдаг байсан.
Нэг өглөө сэрээд харахад түүнийг байхгүй болчихсон байж магад гэж битүүхэндээ санаа зовсондоо ч юм уу "түүнтэй нэг уулзаж ярилцдаг юм уу" гэж шийдсэн юм.
Ийнхүү түүнийг хэдэн минут хайсны эцэст араас нь "Ахаа" гэж хэд ч дуудсан юм бүү мэд, ямарч гэсэн олоод авлаа. Сүүлдээ "энэ хүн дүлий юм болов уу" гэж бодоход хүрснийг яана гээч. Гэтэл тэр эргэж хараад "Чи надтай яриад байна уу. Намайг хүн гэж боддог хүн байдаггүй гэж бодсон юм сан" хэмээхэд нь юу гэхээ мэдэхгүй хэсэг зогсов.
Түүнийг Н.Жамъяндорж гэдэг аж. Хамгийн түрүүнд энд тэндээ халцарсан үстэй түүний эвгүй хэлбэртэй толгой нь нүдэнд туссан билээ. Н.Жамъяндорж 1972 оны аравдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төржээ. Дөнгөж 39 настай атлаа түүний харагдах байдал нь 60 хэдийнэ гарсан өвгөнтэй л адил байлаа. Гудамжинд гараад 10 гаруй жил болж байгаа гэсэн. Тиймээс ингэж хөгшин харагдаж байгаа биз. Гэр бүлийнхнийх нь талаар асуухад "Гэр бүл ээ. Тэр чинь юу юм бэ. Ёстой мэдэхгүй нэр томъёо байна" гэсэн товчхон хариултыг өгсөн. Эхлээд ам нээх янзгүй байсан түүнтэй хамт хог түүх шахам нэлээд удаан дагаж явсны эцэст сая нэг таван үг сольж чадсан юм.
-Танай гэр бүлийнхэн хаана байдаг юм бэ. Тэдэнтэйгээ одоо ямар ч холбоогүй байдаг уу?
-Манай ээж цагтаа цагдаагийн офицер хүн байсан. Ээж маань одоо ботаникийн ойролцоо амьдардаг. Би ч одоо мартаж. Би эхээс дөрвүүлээ л дээ. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Ах маань гадаадад амьдардаг. Харин хоёр дүү маань тусдаа гараад холбоо тасарч олон жил болсон. Тиймээс одоо намайг хараад танихгүй нь ойлгомжтой. Таниад ч яах юм билээ. Харин аав гэдэг хүнийг мэдэхгүй ээ.
-Та аль нутгийн хүн бэ. Яаж яваад ийм амьдралд хөл алдчихваа?
-Би Нийслэлийн 70-р дунд сургуульд долоодугаар анги хүртэл сурсан. Амьдралын эрхээр сургуулиасаа гарсан даа. Хүн л юм хойно ажил төрөл хийхийг бодолгүй яах вэ. Нэг хэсэг "Барс" худалдааны захад ачаа бараа зөөж, амь залгах мөнгө олдог байлаа. Тэр үед өвдөг минь бэртэж, юм юм л үзсэн дээ. Гэтэл бэртлээсээ болоод тухайн үед хөдөлмөрийн чадвараа алдсан. Хөлөө сайн эдгээхийн тулд гэх юм уу, амьдралын эрхээр гэх юм уу картонон цаасны үйлдвэрт ажилд орж, жил гаруй ажиллаж мөнгө хураагаад бэртэлдээ сайн гэсэн эм, тан авч өөрийгөө эмчилж байсан. Гэснээ хир даг болсон энгэрийнхээ халааснаас томоохон түрийвчний хэмжээтэй бараан тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирэв. Энэ юун дэвтэр юм гэхэд минь "Ах нь чамаас юу ч нуухгүй ээ. Угаасаа нуугаад байх ч юмгүй хүн. Энэ дэвтэр дээр би ажил хийж олсон бүх мөнгөө юу юунд зарцуулснаа тэмдэглэсэн байгаа" гэсэн юм. Тэгээд бидний яриа цааш үргэлжлэв.
-Та энэ нийгэмд хөл алдаад арав гаруй жил өнгөрсөн байна. Одоо бүхнийг шинээр эхлэх талаар бодож байгаагүй юу?
-Чи надтай ярилцаж үзээгүй байхдаа намайг юу гэж төсөөлж байсан. Харин одоо юу гэж бодож байна. Ирээдүй харагдаж байна гэж үү. Энэ миний амьдрал. Би энэ талаар яримааргүй байна. Эргэн тойрноо сайн хар. Ах нь энэ нийгмийн сайнаас нь эхлээд мууг үзэж яваа. Чи лав ирээдүйн талаар над шиг хүнээр хэлүүлэлтгүй сайн ойлгож байгаа байх. Жилийн өмнө би ажилд орохыг хүссэн. Хичээсэн. Намайг хэн ч ажилд авахгүй. Ядаж манаачаар ч авахгүй байна. Тэглээ ч би бичиг үсэг сайн мэдэхгүй. Намайг өглөө тамхиндаа гарах үед том хар машинтай согтуу залуус урдуур хойгуур дайрчих шахаад өнгөрдөг. Зарим нь ч мянган төгрөг өгөөд гудамж эргээд далд ордог. Ямар сайн, мууг үүгээр хэмжилттэй нь биш.
-Өвөл ойртож байна. Энэ хэдэн жил та өвлийг гадаа л өнгөрүүлэх шиг харагддаг. Идэр 9-ийн хүйтнийг яаж туулдаг юм бэ?
-Өвөл ч яах вэ. Гайгүй, гайгүй. Баавгай шиг л ичээндээ орно доо. Идэр 9-ийн хүйтнийг ганц муу хөвөнтэй дээлтэйгээ байхад ажрахгүй давна. Хавар болохоор дээлээ "ичээ"-нд нь нууна даа. Ямар ч байсан хүн шиг л үхэх байлгүй. Гай ч тарихгүй, гавьяа ч байгуулахгүй хэмээн уртаар санаа алдаж байв.
Н.Жамъяндоржийн чихний сонсгол муу учир би асуултаа байн байн асууж, тэр маш аяархан хариулж байсан. Би түүнийг Улсын их дэлгүүрийн ойролцоо яаж яваад ирснийг асуухад тэрбээр "Би одоогоос дөрвөн жилийн өмнө одоогийн Улаанбаатар их дэлгүүрийн урд талын зам дээр осолд орсон юм. Өөрийнхөө буруугаас болж осолд орсон л доо. Тэр үед замын голд хайрцаг тамхи байгааг харчихсан юм. Гэгээ тасарчихсан байсан ч замын гэрэлд л олоод харчихсан хэрэг.
Одоо бодоод байх нь, машинуудыг "эзгүйчилж" байгаад тамхиа авахаар ухасхийсэн юм. Тамхиа ч авсан. Харин эргээд хартал юу болсон юм бүү мэд. "100 айл"-д нэг айлынд ухаан орсон доо. Тэр үед миний толгой хагарч, хамраас цус гарч, нуруу, гар нэлээд өвчин орсон байсан. Ухаан орсон даруйдаа яагаад ч юм тэндээс хурдхан л явахын түүс болж байлаа. Гэтэл нэг буурал толгойтой ах хүү "Ахыгаа уучлаарай, бие нь яаж байна. Зүгээр үү. Би уг нь удаан явж байсан. Гэтэл чи гэнэт гараад ирсэн" гэдэг юм байна. Би ч "зүгээрээ" гээд л тэднийхээс гараад явсан. Гэтэл одооноос толгой айхтар өвддөг болчихлоо. Тэр ослоос л болсон биз. Түүнээс хойш энд орогносон" гэж толгойгоо илэн хэсэг суув.
Тэр ослоос болж түүний шүд унаж, одоо хэдхэн л үлдсэн аж. Бид ийн ярилцсаар 5-6 хогийн цэгийг "шүүрдэж" орхив. Тэрбээр ингэж хог түүхдээ зөвхөн татсан тамхины иш л түүдэг аж. Тэр ч бүү хэл архи ч уудаггүй тухайгаа ярьж байснаа гэнэт бээлийгээ тайлж, бугуйн цагаа хараад "За за, 09.15 болох нь. Өглөөний хоолоо идэхээр явлаа" гэхэд нь жаахан лавшруулж асуувал өдөр болгон цагийн хуваарийн дагуу өглөө, өдөр, орой тэр хавийн цайны газар, ресторанаас бага гэлтгүй хоол олж иддэг уламжлал нэгэнт тогтсон аж…
"Улс төрийн тойм" сонин
