МУИС-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.09-нд нийтлэгдсэн

МУИС-ийн удирдлагууд мэдээлэл хийнэ

Өнгөрсөн долоо хоногт МУИС-ийн оюутнууд удирдлагуудаа эсэргүүцэн жагсаал хийсэн билээ. Тэгвэл оюутнуудын тавьсан шаардлагад зохих хариу өгөхөөр МУИС-ийн захиргааны зөвлөлийн хурлаас томилогдсон комисс  өнгөрөгч баасан гаригт оюутны төлөөлөлтэй уулзаж,  шаардлагуудыг хэрэгжүүлэх  ямар арга зам байгаа талаар  ярилцсан байна.

МУИС-ийн захиргааг төлөөлж дэд захирал Р.Ринчинбазар, Б.Даваасүрэн, бакалаврын сургалтын албаны эрхлэгч Г.Цагаач, ХҮС-ийн захирал Б.Батсайхан нар уг уулзалтад оролцсон бол оюутнуудыг төлөөлж Биологи, биотехнологийн сургуулийн оюутан Б.Энхболд, Д.Ойдовжунай, ЭЗС-ийн оюутан Н.Хүлгэн, ХЗС-ийн оюутан Д.Нямбаяр, МКС-ийн оюутан Х.Мөнхбаяр нар оролцсон байна. Уулзалтын дүнд дахин судлах хичээлийн төлбөрийг бүтнээр биш 1 кредитийн төлбөрийг 30380 болгох асуудлыг аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл дахин судлах, хичээлийн бүртгэлийг хийж, бүтнээр төлсөн оюутнуудын төлбөрийг буцаан олгохоор болсон байна.  Мөн  энэ жил нэг тэрбум 500 сая төгрөгийн засвар, тохижилтын ажил гүйцэтгэсэн нь оюутны суралцах, амьдрах орчныг сайжруулах тал дээр сүүлийн жилүүдэд хийгдээгүй том ахиц дэвшил болсон, түүнчлэн сургалтын тоног төхөөрөмж, лаборатори, дадлагын нөхцөлийг сайжруулах ажлыг сургуулийн төсөв болон бусад эх үүсвэрээс тогтмол хийж байгааг сургуулийн удирдлагууд дуулгасан байна. Мөн цаашид хийх ажил их байгааг захиргааны зүгээс анхаарч,  ирэх жил дотуур байрны төлбөрийг нэмэхгүй байх талаар ярилцахаа амласан байна.  Тус сургуулийн удирдлагаас оюутнуудын шаардлагад ямар хариу өгсөн талаараа маргааш Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж