
МҮБХ-ноос 2011-2012 оны намрын улирлын нээлтэд зориулан зохион байгуулж буй “Намар цагийн бөхийн баяр” цуврал барилдааны сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан өчигдөр /10.08/ “Бөхийн өргөө”-нд боллоо. Барилдаанд сумын заан Д.Энхтүвшин, Д.Тогтохжаргал, Г.Пүрэвдорж, С.Содбаяр, Б.Энхсайхан, Б.Баяраа нарын тэргүүтэй 256 бөх зодоглосноос Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Аварга” дээд сургуулийн бөх, сумын заан Д.Алтангэрэл түрүүлж, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат, ХААИС, “Алдартан” клубын бөх, сумын заан Д.Тогтохжаргал үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Ц.Отгон, Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Н.Бямбажав нар шалгарсан байна.
“Намрын бөхийн баяр” цуврал барилдааны аймаг, цэргийн цолтнуудын баргилдаан аравдугаар сарын 12-нд буюу ирэх лхагва гаригт болох Бүх цэргийн наадмаар үргэлжилнэ.