
Нээлттэй өдөрлөгийн үеэр Засгийн газрын бодлого шийдвэрийг иргэдэд танилцуулахаас гадна иргэд хүссэн мэдээллээ авах боломжтой. Тухайлбал Монгол Улсын Хүний хөгжил сангаас олгох оюутны сургалтын төлбөр, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээгийн төлбөрийг хаана хэнд хандаж хэрхэн авах талаар зөвлөгөө мэдээллийг энэ үеэр өгөх юм байна. Батлан хамгаалах яамны хувьд гэрэл зургийн альбом, “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, дурсгалын медаль, үзэсгэлэн зэргийг гаргасан байна. Хамгийн өндөр настай таван генералд орон сууц олгож, мөн таван генералд эдлэн, хаус бэлэглэжээ. Ирэх долоо хоногоос 50 албан хаагчидад орон сууцны түлхүүр гардуулахаар болжээ. Мөн 300 айлын орон сууц бариулах ажил эхлүүлсан байна. Өдөрлөгийн үеэр архивын лавлагаа үнэ төлбөргүй гаргаж өгөх зэрэг арга хэмжээ явуулах юм.
Гадаад харилцааны яамны тухайд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ явуулж, анхны сайдынхаа хөшөөний эх загварыг танилцуулах юм байна. Мөн дипломат ажлын онцлогийг харуулсан ажил зохион байгуулж, ёслолд хэрэглэдэг машин зэргийг үзүүлэх юм байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч нотариатын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Мөн хилчдийг ар гэртэй нь шууд холбож харилцуулах юм байна. Энэ мэт тухай яам, агентлагийн үйл ажиллагаатай бүхий л мэдээллийг “Анхны таван яам- 100” нээлттэй өдөрлөгөөс авах боломжтой юм.